Бор одой хѳршийн гариг

Одонорон судлаачид саяхан манай нартай тун ойролцоо оршдог хос бор одой оддыг судлаад, тэдгээрийн нэгийг нь тойрон эргэдэг байж болох гаригийн ул мѳрийг олсон байна. Хэрвээ үнэхээр энэ хос бор одойчуул гаригтай болж таарвал манай нарны аймагтай хамгийн ойрхон орших харь гаригуудын нэг болох юм. Судалгааны эх нийтлэлийг доорх холбоосоор үзэж болно:

http://arxiv.org/pdf/1312.1303v2.pdf

Эхлээд бор одой гээч нь юу юм бэ гэдгийг тайлбарлая. Бор одой гэдэг нь товчхондоо од гэхэд энгийн од шиг том биш, гэхдээ гариг гэхэд гариг шиг бас жижиг биш биетийг хэлж байгаа юм. Амьдралынхаа ихэнх хэсгийг тѳвдѳѳ устѳрѳгчийн атомуудыг нийлүүлэн гели болгож, ялгарсан энергиэр нь гэрэлтдэг биетүүдийг бид од хэмээн ангилдаг. Жишээ нь манай нар болон тэнгэрт харагдах ихэнх одод нь ийм зарчимаар гэрэлтэж байгаа. Ийнхүү устѳрѳгчийн атомуудыг халуун цѳмийн урвалаар нийлүүлж энерги гаргаж авахын тулд тухайн биетийн тѳв хэсэг нь асар ѳндѳр даралт болон температуртай байх хэрэгтэй ба, ийм орчинг хангалттай их хэмжээний масстай байж л бүрдүүлнэ. Хангалттай масс гэдэг нь манай нарны массыг 25 хуваасны 2 хавьцаа, эсвэл бархасбадийн массаас 80 дахин ихийг хэлнэ (бархасбадь нь манай нарнаас ойролцоогоор 1000 дахин бага масстай). Харин гариг гэдгээр бид дотроо халуун цѳмийн урвал явагдуулах боломжгүй буюу тийм зарчимаар гэрэлтэхэд масс нь хүрэлцдэггүй жижиг биетүүдийг ангилдаг. Жишээ нь манай дэлхий, ангараг, буд, сугар, бархасбадь, санчир гээд эдгээр нь цѳмдѳѳ устѳрѳгчийн атомуудыг шатаах хэмжээний даралт болон температургүй.

Luhman 16AB системийг анх олж нээсэн зураг. Зургийн тѳв дахь тод шар од нь угтаа бие биенээ тойрон эргэж буй хос бор одойчуул юм. WISE дурангийн хэмжээ хангалтгүй байсан тул ялгарч гарахгүй нэг од мэт харагдаж байгаа. Зохиогч: НАСА-WISE

Luhman 16AB системийг анх олж нээсэн зураг. Зургийн тѳв дахь тод шар од нь угтаа бие биенээ тойрон эргэж буй хос бор одойчуул юм. WISE дурангийн хэмжээ 2 биеийг тусад нь ялгаж хархад хангалтгүй байсан тул нэг од мэт харагдаж байгаа. Зохиогч: НАСА-WISE

Тэгвэл бор одой нь массаараа манай бархасбадиас 13-80 дахин том биетийг хэлж байгаа юм. Ѳѳрѳѳр хэлбэл цѳмдѳѳ устѳрѳгч шатаах хэмжээний их масстай биш, гэхдээ гариг шиг огт халуун цѳмийн урвал явуулах боломгүй хэт жижиг биш гэсэн үг. Бор одой нь массаасаа хамаараад тодорхой хугацааны турш дейтериум (2Н) шатаах ба, зарим том бор одой нь литиг цѳмдѳѳ бас шатааж гэрэлтэж болно. Харин шатааж чадах түлшээ дуусгаад биет маань маш удаан хугацаанд аажуухан хѳрсѳѳр дуусах болно. Ѳнѳѳгийн байдлаар ер нь маш бага масстай энгийн одыг том бор одой одоос ялгах, мѳн маш том гаригийг масс багатай бор одойгоос ялгах гэж бѳѳн хэрэгтэй хэрэггүй маргаан болж байгаа. Дээрх бархасбадиас 13-80 дахин их масстай гэдэг нь үнэндээ тодорхой физик үндэслэлтэй бус, зүгээр олон улсын одонорон судлалын холбооны зохиосон тодохойлолт. Тухайн биетийн найрлага болон бусад олон хүчин зүйлээс уг нь хамааралтай юм. Тэхээр яг 12-80 энэ тэр гэж цээжилхийн хэрэггүй, зүгээр гариг шиг жижиг биш гэхдээ энгийн од шиг том биш, дунд нь арай жаахан ѳѳр шинж чанартай биетүүд байдаг юм байна, тэрнийг нь бор одой гэдэг юм байна гээд л ойлгоход болно. Бас энэ бор одой (brown dwarf) гэсэн нэр нь ч үнэндээ бор ѳнгѳтэй ямар ч хамаагүй …

За энэ нэр мэр яахав, гол асуудалдаа ороё. Одонорончид сансараас инфра-улаан туяаны мужид хэмжилт хийдэг НАСА-ийн WISE дурангаар ѳнгѳрсѳн жил биднээс дѳнгѳж 6.6 гэрлийн жилийн тэртээ оршдог Luhman 16AB хэмээх хос бор одой оддыг илрүүлсэн юм. 6.6 гэрлийн жил гэдэг маань ойролцоогоор 63,000,000,000,000 км гэсэн үг, хүний хэмжээсээр бодвол асар их хол зай. Гэхдээ одонорны хэмжээсээр энэ нь манай хаяанд л гэсэн үг гэдгийг санаарай, жишээ нь манай нартай хамгийн ойрхон орших одод буюу нумын гялааны систем нь биднээс 4.4 гэрлийн жилийн тэртээ оршдог. Нумын гялааны цаана биднээс 6 гэрлийн жилийн тэртээ Барнардын од гэж байгаа, тэхээр энэ шинээр нээгдсэн хос бор одой нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог 3 дахь оддын систем гэсэн үг юм. Гэрлийн хурдаар 6.6 гэрлийн жил явж байж хүрнэ гэдэг нь хэрвээ та тэр бор одойчуудын хавьцаа ѳдийд том радио хүлээн авагчтай сууж байвал дэлхийгээс 2006 оны хавьцаа цацарсан зурагтын нэвтрүүлгийг үзээд сууж байна гэж ойлгож болно.

Энэ бор одойчуудын систем WISE самналтаар илэрсэний дараахан европын хэсэг судлаачид бидэнтэй маш ойрхон орших эдгээр биетийг илүү сайн судлая гээд ѳмнѳд америкийн Чили улс дахь 8.2 метрийн VLT дурангаар 2 сарын турш нарийн хэмжилт хийсэн байна. Хийж байгаа хэмжилт нь астрометр гэж нэрлэгддэг уг нь их энгийн зүйл (агуулга нь), ердѳѳсѳѳ л энэ 2 биет хэрхэн тэнгэрт байршилаа ѳѳрчилж хѳдѳлгѳѳн хийж байгааг нь хэмжсэн байгаа. Гэхдээ 6.6 гэрлийн жил гэдэг маань хүний хэмжээсээр асар хол зай гэдгийг санаарай, маш хол оршиж байгаа биетийн хѳдѳлгѳѳнийг шууд ялгаж хэмжинэ гэдэг маш хэцүү. Жишээ нь та богд уулын орой дээр байгаа хүн баруун тийшээ нэг алхам хийхийг нүдээрээ байтугай дурангаар хараад ч ялгаж хэлж чадахгүй. Тэгвэл эдгээр судлаачидын хийсэн хэмжилт нь Герман улсын нийслэл Берлин хотод байгаа хүний байршилыг 10см-ийн нарийвчлалтайгаар Улаанбаатраас тодорхойлсонтой адилхан юм!

Ийм ѳндѳр нарийвчлал бүхий хэмжилтийг 2 сарын турш хийснээр судлаачид Luhman 16AB системийн талаар нилээд хэдэн зүйлийг мэдэж авсан байна. Хос бор одойчуул хоёул манай бархасбадиас ойролцоогоор 30-50 дахин их масстай ба бие биенээ 20 орчим жилийн давтамжтайгаар 450 сая км-ийн зайд (нэг нэгнээсээ) тойрон эргэдэг аж. Тойрог замыг нь тодорхойлон хэмжиж байх зуур судлаачид энэ 2 биет массын тѳвѳѳ жигд тойрон эргэх бус үл ялиг хэлбэлзэх хѳдѳлгѳѳн хийхийг нь ажигласан байна. Ингэж хэлбэлзэх хѳдѳлгѳѳн хийж байгаа нь яалтачгүй энэ системд байгаа 3 дагч биетийн таталцалын нѳлѳѳллѳл юм.

Luhman 16AB системийн зураг улаан ѳнгийн фильтерээр. Зохиогч: jkhjkhkj

Luhman 16AB системийн зураг – улаан ѳнгийн фильтерээр 8.2 метрийн VLT дурангаар авагдсан нь. Ѳмнѳх WISE дурангийн зурган дээр энэ 2 биет нь ялгарахгүй байсан гэдгийг анзаараарай.  Зохиогч: Boffin et al. (2013)

Энэ 3 дагч биет нь яг ямар шинж чанартай, аль хос бор одойг нь яаж тойрон эргэдэг гэдгийг тодорхойлхын тулд зѳндѳѳ илүү хэмжилт хэрэгтэй. Ер нь бол энэ хоёрын нэгийг нь нилээн алсад тойрон эргэж байгаа гариг гэж таамаглаж байгаа, гэхдээ гариг биш бас нэгэн масс багатай бор одой ч байх бололцоотой (тийм бол 3 бор одойн систем болж таарна гэсэн үг). Харин 3 дагч биет нь гариг мѳн байвал, манай нарны аймагтай хамгийн ойр оршдог 2 дахь харь гариг нь болно.

Дашрамд бидэнтэй хамгийн ойрхон оршдог харь гариг нь нумын гялааны систем дахь дэлхий шиг жижигхэн гариг, түүний талаар дээр үед анх нээгдэж байхад нь энэ нийтлэлийг бичиж байсан, уншиж үзээгүй бол сонирхоорой.

Advertisements

3 comments

  1. Сайн байна уу? Би танай сайтын байнгын уншигч. Нэг зүйлийг сайн ойлгодоггүй юм. Гэрлийн жилийн зай гэж яг юу вэ? Зүгээр л гэрлийн хурдыг бүтэн жилээр авчихсан зай юм уу? эсвэл гэрлийн хурданд ороход тухайн биетийн хувьд хувьсан өөрчлөгдөх орон зай цаг хугацааг тооцож гаргасан зай юм уу? Ер нь гэрлийн жил гэдгийг бид гэрлийн хурдтай биесийн өмнөөс яриад байна уу эсвэл харьцангүй өөрсдийнхөө зүгээс тайлбарлаад байна уу? 6.6 гэрлийн жилийн зайд байгаа тэр од руу хүн гэрлийн хурдаар нисвэл өөрийнх нь хувьд ер нь хэр удаан очих бол?

    1. гэрлийн жил гэдэг маань зүгээр л зайн хэмжээс, цаг хугацааных биш. Ѳѳрѳѳр хэлбэл дэлхий дээрх ажиглагчийн хувьд хэдэн жил вакуум дахь гэрлийн хурдаар явж байж хүрэх вэ л гэсэн зай. Одоноронд биесүүдийн зай асар их тул хэдэн сая тэрбум км гэж байхаар оронд нь цѳѳхѳн хэдэн гэрлийн жилээр илэрхийлж байгаа тѳдий.
      Мэдээж хэрвээ чи гэрлийн хурдтай ойролцоо ѳндѳр хурдаар хѳлѳг ѳнгоц дотор явбал цаг хугацаа чиний хувьд хамаагүй удааширна.

  2. Хамаагүй удаашрана гэдэгийн хувьд тооцоолол байдаг юм болов уу? Гэрлийн хурданд очиход цаг хугацаа зогссон юм шиг болно л гээд байдаг. Тэгвэл яг тухайн хурдаар хөдөлж байгаа биед огторгуйн хаа нэгтээ очино гэдэг өөрийнх нь хувьд 1, 2 секундын л ажил гэсэн үг биз дээ? Тэр хооронд нь бидний цаг хугацаа тэр биеийн очсон зай руу гэрэл хэр удаан явж очих хугацааг өнгөрөөсөн байна. Зөв үү?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: