ГАИА дуран хѳѳрлѳѳ!

Манай сүүн зам галактикийн тэрбум орчим оддын маш ѳндѳр нарийвчлалтай хэмжилтүүдийг хийхээр европын сансар судлалын агентлагийн дуран ѳчигдѳр орой хѳѳрлѳѳ. Дуранг ѳмнѳд америкийн Гиана (францын газар нутаг) дахь европуудын эзэмшилд байдаг станцаас оросын Союз пуужин хѳѳргѳсѳн юм. Хѳлѳг маань ахин 20 орчим хоног нисэж байж дэлхийгээс 1.5 сая км-ийн тэртээ байрлах таталцалын тогтвортой цэг дээр очиж ажиллагаагаа эхлэнэ.

Зохиогч: ESA

Зохиогч: ESA

Тѳлѳвлѳгѳѳний дагуу бол тус дуран нь ирэх таван жилийн турш 1 тэрбум орчим оддын байршил, харьцангуй хѳдѳлгѳѳн, гадрагын химийн найрлага мѳн гэрэлтэлт зэргийг урьд нь хийгдэж байгаагүй маш ѳндѳр нарийвчлалтайгаар хэмжих юм. Ийм хэмжилтүүдийн туслалцаатайгаар бид оддын хувьсал мѳн галактикийн хувьсалын талаар илүү ихийг мэдэж авна. Гэхдээ эдгээр нь зѳвхѳн уг дурангийн гол тѳлѳвлѳгѳѳний ажилууд, эднүүсийгээ гүйцэлдүүлэх замдаа ѳѳр оддыг тойрон эргэх гаригууд, бор-одой биетүүд, хэт шинэ одны дэлбэрэлтүүд, мѳн тэр ч байтугай манай нарны аймгийн бүдэг бага гаригуудыг хүртэл хэдэн мянгаар нь илрүүлнэ гэдэгт судлаачид итгэлтэй байгаа.

Уг нь дуран маань аль 2011 онд хѳѳрчихсѳн байх байсан боловч хос дурангуудын нэгнийх нь гол тольд эвдрэл гараад мѳн бас бус шалтгаануудаас үүдээд ѳчигдѳр хүртэл хойшилоод байсан юм. Хойшилсон хугацаанд гарсан нэмэгдэл зардалуудыг нийтэд нь тооцоод үзхээр энэ тѳсѳл маань ойролцоогоор 1 тэрбум ам. долларын ѳртѳгѳѳр босож байгаа.

Зохиогч: ESA

Зохиогч: ESA

Барагцаагаар 3 долоо хоногийн дараа хѳлѳг маань нар-дэлхийн 2-р лагранжийн цэг (Л2) гэх онцгой газар ирнэ. Л2 гэдэг нь товчхондоо 18-р зууны алдарт математикч Иосиф-Луи Лагранжын хоорондоо таталцалаар харилцан үйлчлэлцэж буй 3-биеийн бодлогыг судлах явцдаа олсон 5 шийдийн нэг юм. Лагранж эдгээр 3 биес нэг нэгэнтэйгээ харьцангуй байршилаа ѳѳрчлѳлгүйгээр эргэлдэх хѳдѳлгѳѳн хийх ямар боломж байна вэ гэдгийг судлаж байгаад 5 боломжийг олсон юм. Ѳѳрѳѳр хэлбэл доорх зурган дээр үзүүлж байгаа 5 цэг дээр байгаа бие нь нар дэлхий хоёртой харьцангуй байршилаа ѳѳрчлѳхгүй гэсэн үг. ГАИА-ийн очих гэж байгаа цэг нь нар болон дэлхийгээр дайран ѳнгѳрѳх шугаман дээр дэлхийгээс 1.5 сая орчим км-ийн цаана байрлана (L2). Энэ цэг дээр байгаа биет дэлхийтэй хамт нэгэн зэрэг нарыг тойрох учир байнга ойрхон нэг зайд оршиж, харилцаа холбоо хийхэд амар байх гол давуу талтай.

Зохиогч: Wiki

Зохиогч: Wiki

ГАИА маань энэ цэг дээрээ очоод хамгийн түрүүнд ѳѳрийн аврага том (уртаашаа бараг 10 гаруй метр) сүүдэрэвчийг дэлгэнэ. Сүүдэрэвчийн цаад талд нь нарны цэнэг хураагуур байх учир энэ нь нэг талаас хѳлгийг цахилгаанаар хангах нѳгѳѳ талаас нарны туяанаас хамгаалах үүргүүдийг давхар гүйцэтгэнэ. Дуран дээрх хэмжилт хийх гол тѳхѳѳрѳмжүүд нь цельсийн -110 градуст ажиллах зориулалттай бүтээгдсэн байгаа. Хэт халах юм бол алдаатай буруу хэмжилтүүд хийгээд эхлэнэ.

Сүүдэрэвчээ дэлгэсний дараа 4 сарын турш хѳлѳг дээрх бүхий л багаж техникүүдийн ажиллагааг нарийн шалгах ажил явагдана. Энэ нь амжилттай дууссаны дараагаар гэхээр ирэх оны 4-р сарын хавьцаа ГАИА нь ѳѳрийн хос 0.5 метрийн голчтой толинуудын цуглуулсан гэрлийг 1 тэрбум пикселийн ялгаралтай камераарaa бүртгэж эхлэнэ гэсэн үг.  Энэ 1 тэрбум пиксельтэй камер нь хүний сансарт хѳѳргѳж байгаа хамгийн том дижитал камер.

Зохиогч: ESA

Зохиогч: ESA

1989-1993 оны хооронд мѳн европын сансар судлалын агентлагийн Гиппарх дуран 100,000 оддын байршилыг маш ѳндѳр нарийвчлалтай хэмжиж одонорон судлалд маш том хувь нэмэр оруулж байв. Тэгвэл европчууд энэ удаад 20 жилийн дараа ГАИА дурангаар даруй 10,000 дахин олон оддыг 100 дахин илүү ѳндѳр нарийвчлалтайгаар хэмжиж бүр ч том гайхамшигийг бүтээх гэж байна.

Advertisements

One comment

  1. Bayarlalaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: