Европа дээр гейзер байдаг уу?

Манай нарны аймагт дэлхийгээс ѳѳр амьдрал агуулдаг байх хамгийн их магадлалтай газруудын нэг нь бархасбадийн дагуул европа билээ. Европагийн гадрага нь тэр чигтээ зузаан мѳсѳѳр хучигдсан бѳгѳѳд энэ мѳсѳн давхрагын доор нь аврага том далай байгаа гэсэн хэмжилт үндэслэл зѳндѳѳ бий. Тэгвэл саяхан АНУ-ын Сан Франциско хотод жил болгон зохион байгуулагддаг геофизикийн том хурал дээр хэсэг судлаачид европа нь гадрагаасаа маш хол зайд цацагддаг хүчтэй гейзертэй юм биш биз гэж дүгнэсэн судалгааны ажилаа танилцуулж хѳѳрхѳн шуугиан дэгдээгээд байна.

Гейзерийн хиймэл дүрслэл. Зохиогч: НАСА

Гейзерийн хиймэл дүрслэл. Зохиогч: НАСА

Гейзер гэдэг нь гадрага доорх ус ямар нэг шалтгаанаар ѳндѳр даралттай болж, үүнээсээ үүдэн нэг ёсондоо тэсэрч гадрагаас дээш ѳндѳр хурдтай цацагдахыг хэлнэ. Манай гариг дээр зарим нэг идэвхитэй галт уулуудын орчимд цѳѳн хэдэн гейзерууд оршдог. Тэдгээрийн хувьд гадрагын ус хѳрсѳнд шингэн маш гүнрүү доошлох замдаа галт уулын магматай ойртсоноос болоод маш ихээр халж даралт нь ихэссэнээр дээш цоргилон цацарч байгаа. Харин тэр хуралд танилцуулсан судалгааны ажил нь нэг ёсондоо бархасбадийн дагуул европагийн гадрагаас их хэмжээний ус ойролцоо шалтгаанаар сансарт цацагдаж байна гэж дүгнэж байгаа хэрэг юм.

Дээрх нь Исландын гейзер

Судлаачид сансарын Хаббл дуранг ашиглан 2012 оны 11 болон 12-р саруудад европаг хэт ягаан туаны мужид гэрлийг задалж хэмжилт хийдэг багажаар (спектрограф) ажиглахад, тус дагуулын ѳмнѳд туйлын орчимд их хэмжээний устѳрѳгч болон хүчилтѳрѳгчийн атомуудын ул мѳр хэмжигдсэн байна (эдгээр атомууд нарны гэрэлтэй харилцан үйлчлэлцээд хэт ягаан туяаны гэрэл цацруулж байгаа юм). Тэхээр ийм атомуудын ул мѳр олсон байдгийм байж, яахаарааа энэ нь сансарт цацагдсан устай холбоотой байдаг юм гээд та гайхаж байж магадгүй. Tэгвэл үнэхээр гейзер тэнд байдаг болоод бидэнд ингэж хэмжигдсэн гэх хэд хэдэн чухал шалтгаанууд байгааг тайлбарлан бичлээ.

Энэ нээлтийг хийсэн спектр хэмжилтийг энкеладусын зурган дээр тусгасан нь. Зохиогч: НАСА, Хаббл

Энэ нээлтийг хийсэн спектр хэмжилтийг энкеладусын зурган дээр тусгасан нь. Зохиогч: НАСА, Хаббл

Европад манай гариг шиг агаар мандал гэж байхгүй, тиймээс хэрвээ тэнд гейзер байдаг бол гадрагаас их хэмжээний усыг сансарт хол зайд цацна. Европагийн эх гариг бархасбадь нь маш хүчтэй соронзон оронтой бѳгѳѳд түүнд нь “баригдсан” электронууд асар ѳндѳр хурдруу хурдасдаг. Ийм ѳндѳр хурдтай электронууд нь усны молекултай мѳргѳлдѳхѳд атомууд нь нэг ёсондоо шууд салаад унана. Тэхээр европагийн гадрагын ойролцоо их хэмжээний устѳрѳгч болон хүчилтѳрѳгчийн атомуудын ул мѳрийг зэрэг олж харна гэдэг маань ус тэнд байсан гэдгийг илтгэж байгаа юм.

Ѳнѳѳгийн бидний онолын ойлголтоор Европагийн гадрага дор маш их хэмжээний ус байгаа. Хэдий Европа нь манай сар шиг боловч түүнд дэлхий дээрхээс ч илүү их ус байгаа гэж таамаглаж байгаа. Зохиогч: НАСА

Ѳнѳѳгийн бидний онолын ойлголтоор Европагийн гадрага дор маш их хэмжээний ус байгаа. Хэдий Европа нь манай сар шиг хэмжээтэй боловч түүнд дэлхий дээрхээс ч илүү их ус байгаа гэж таамаглаж байгаа. Зохиогч: НАСА

Нѳгѳѳ талаас судлаачид эдгээр атомуудын цацаргалт нь зѳвхѳн тус дагуул эх гаригаасаа хамгийн хол зайд байхад үед хэдэн цаг харагдаад алга болдогийг хэмжсэн байна. Европа нь бархасбадийг зуйван тойрог замаар тойрдог учир эх гаригтайгаа ойртох үед түүний таталцалын нѳлѳѳнд их хэмжээгээр автаж холдох үедээ арай бага автана гэсэн үг. Ойрхон үед бархасбадийн таталцалаас болоод түүний гадрагын мѳс нь “зүү орох зайгүй” болтлоо шахагдсан байх ба, харин холдох үед мѳснүүд нь гадрагаараа тэлж хагардаг. Тэхээр хэрвээ европагийн гадрага доорх ус нь гейзер болон цацагдаж байгаа бол эх гаригаасаа хамгийн хол зайд ирж мѳснүүд хагарах үеэр л цацагдана. (Энд дэлхийн гейзерээс арай жаахан ѳѳр зарчимаар ажиллаж байгааг нь анзаараарай. Манай гаригийн гейзерүүд нь ерѳѳсѳѳ л гүний ус халж ѳндѳр даралттай болсоных, харин европагийн хувьд зѳвхѳн усны даралт нь ихэссэнээс болж байгаа бус давхар мѳсѳн гадрага маань нимгэрэн онгойсноос болоод доорх усныхаа даралтыг барьж дийлэхгүй болж байна л гэсэн үг).

Үнэхээр гейзер тэнд байгаа гэж хэлэх бас нэг шалтгаан нь, санчирын дагуул энкеладус дээр үүнтэй маш тѳстэй зүйл болдог гэдгийг бид сайн мэднэ. Яг адилхан зарчимаар энкеладус нь эх гаригаасаа хамгийн хол үедээ мѳн ѳмнѳд туйлаасаа их хэмжээний ус цацруулдаг (энкеладусын талаар эндээс уншаарай!).  Харьцуулсан хэмжилт хийхээр бүр ч үнэмшилтэй. Энкеладус дээрх гейзер нь гадрагаас 400 орчим м/сек хурдтайгаар секунд бүр хагас тонн ус цацдаг бѳгѳѳд гейзер нь 500 орчим км хол явдаг. Харин дээрх Хаббл дурангийн хэмжилтээс европагийн хувьд тооцоолж үзхэд гадрагаас  700  м/сек хурдтайгаар 5-7 тонн ус секунд бүр цацдаг ба гэйзер нь 200 км хол явдаг. Энэ тоон зѳрүүг эдгээр дагуулуудын хэмжээний ялгаагаар тайлбарлаж болно. Энкеладус нь ердѳѳ 500км хэмжээтэй жижигхэн биет бол европа нь 3100км хэмжээтэй манай сар шиг том дагуул. Том байх тусам дагуулын татах хүч их байна, тиймээс европагийн гейзерүүд нь энкеладусынх шиг хол цацагдахгүй байгаа хэрэг.

Санчирын дагуул энкеладусын гейзер. Зохиогч: НАСА, Касини

Санчирын дагуул энкеладусын гейзер. Зохиогч: НАСА, Касини

Энэ нээлтийн шуугиан дэгдээгээд байгаа нэг том шалтгаан нь хэрвээ ингээд гейзерүүдээр дамжин гүний далайн ус нь гадагшаагаа гараад ирдэг юм бол, бид нар заавал тэр зузаан мѳсѳн давхрагийг хайлуулж шумбадаг үнэтэй хэцүү робот тийшээ явуулж байхаар, оронд нь энэ ѳмнѳд туйл орчимын хавьцаа нь газардаад дээш гарч ирж байгаа уснаас дээж аваад амьдрал байна уу үгүй юу гэдгийг хамаагүй хямд тѳсѳр аргаар шалгаж болох явдал юм.

Мѳн дээрээс нь тэнд гейзер байна гэдэг маань ѳѳрѳѳ тэнд амьдрал байгаа даа гэдгийг нэг талаараа илтгэж байгаа явдал. Учир нь далайн ус гейзер болтлоо хангалттай даралтанд орж байна гэдэг нь европагийн цѳм нь сайн халж байгаагийнх (бархасбадийн таталцалаас болж хална). Цѳм нь сайн хална гэдэг нь амьдрал үүсэхэд шаардлагтай энергийн эх үүсвэр тэнд байгаа гэсэн үг. Мѳн гейзер байна гэдэг нь зузаан мѳсѳн давхрага нь гүний далайтайгаа тодорхой хэмжээнд харилцаж байна гэсэн үг. Бархасбадийн соронзон орноос үүдэлтэй цацаргалт нь европагийн гадрага дээрх олон янзын молекулуудыг энгийн органик нэгдэл болгон задалж байгаа ба тэдгээр нь гейзерийг далимдуулаад далайруугаа тодорхой хэмжээгээр орж байгаа. Ер нь бидний үе амьд байхад европагаас амьдрал илрүүлнэ гэдэгт би одоо лав нээх эргэлзэхгүй байна, тийшээ робот явуулаад бактери микроб илрүүлнэ гэдэг бол цаг хугацааны л асуудал.

Эцэст нь нэг зүйлийг хэлхэд, шинжлэх ухаанд юуг ч 100% баталж няцаадаггүй. Ѳѳрѳѳр хэлбэл энэ нэг хэмжилт мѳн дээрх дурьдсан үндэслэлүүд нь тэнд гейзер яг байгаа гэж гарцаагүй баталж байгаа хэрэг биш, ѳѳр судлаачид ѳѳр арга барилаар ойрын хугацаанд хянан шалгах болно. Үүнийг юу гэж ойлгох нь зѳв бэ гэхээр, одоо байгаа энэ хэмжилтүүдийг ямар ч зѳрчилгүййгээр тайлбарлаж чадаж байгаа хамгийн сайн таамаглал нь гейзерийн таамаглал юм.

Advertisements

One comment

  1. Сонирхолтой нийтлэл байна, баярлалаа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: