NGC891-ийн цээж зураг

Доорх гайхалтай зураг нь шѳнийн тэнгэрт адаг чуулганы одны ордонд биднээс 30 гаруй сая гэрлийн жилийн алсад орших NGC891 хэмээх галактикийг харуулж байна. Бидэнд бараг эгц хажуу талаасаа харагдах тус галактик нь угтаа манай сүүн замтай тун тѳстэй мушгиа галактик юм. Хавтгай нимгэн гол диск нь их хэмжээний тоос тоосонцорын судал агуулах ба тѳв хэсгээрээ овгор харагдаж байгаа нь шѳнийн тэнгэрт харагдах тэнгэрийн заадастай тун адилхан байгааг нь анзаараарай. Хар судал болж харагдаж буй нь ихэнхдээ цахиур, хүчилтѳрѳгч болон нүүрстѳрѳгчийн атомуудаас бүрдсэн нүсэр молекул бүхий бичил тоосонцорууд эсвэл маш бага температурт орших нягт устѳрѳгчийн үүлс ба харин тэр тѳв хэсгээрээ овойж байгаа нь галактикийн тѳв хэсэгт их хэмжээний одод оршин байгаагаас л тэр юм. Нэг захаас нь нѳгѳѳ зах хүртэл ойролцоогоор 100,000 гэрлийн жил урт гэхлээр хэмжээгээрээ ч гэсэн манай сүүн замтай энэ галактик нь тун ойролцоо гэсэн үг.

Гол дискийг даган орших тэр судлыг анхааралтай ажиглавал хоёр тийшээгээ ѳрвийсѳн маш олон тооны “хуруунууд” байгааг анзаараарай. Эдгээр нь ихэнхдээ хэт шинэ оддын дэлбэрэлт эсвэл залуу их масстай оддын хүчтэй цацаргалтаас үүдэн 2 тийш олон зуун гэрлийн жилийн зайд цацагдсан тоос тоосонцорууд. Бас сайн анзаарвал ягаан гэрлээр гэрэлтэх хэсгүүд байгаа ба тэдгээр нь олноороо шинээр тѳрж буй нялх оддын гэрэлнээс үүдэлтэй цацаргалт юм. Энэ зурган дээр байгаа цэгэн гэрлийн эх үүсвэрүүд нь ихэнхдээ хамаагүй наана байгаа манай галактикийн одод, гэхдээ NGC891-ийн гол дискийн дагуу орших хэдэн жижигхэн цэнхэр од шиг цэгнүүд нь тус галактикийн залуу оддын бѳѳгнѳрлүүдээс ирж буй гэрэл юм.

Энэ зургийг АНУ-ын Аризонагийн их сургуулийн харъяа Лемон тѳвийн 80 см-ийн дуранг ашиглан бараг 10 цаг гэрэл бүртгэж байж одонорон судлаач Адам Блок бутээжээ. Адам нь олон нийтэд одонорон судлалыг таниулан сурталчилах зорилгоор энэ дурангаар маш олон янзын гайхалтай зургууд авсан байгаа, доорх холбоосоор орж бусад зургуудыг нь сонирхоорой:

 http://skycenter.arizona.edu/gallery

 

Advertisements

3 comments

  1. gaihaltai.

  2. Юм асууъяаа. 10 цагийн турш гэрэл бүртгэнэ гэвэл энэ дуран яг дэлхийн эргэлтийн хурдтай ижил хурдаар энэ галактик руу дагаж эргэнэ гэсэн үг. Энэ бол болоцоотой. Харин 10 цагийн хугацаанд энэ галактик маань тэнгэрийн хаяаны цаагуур ороод алга болчихгүй юу? Эсвэл дэлхийн аль өргөрөгт байгаагаас хамаарч тэнгэрийн хаяа руу орох хугацаа харилцан адилгүй байх юм болов уу.

    1. 10 цагийн турш тасралтгүй биш шүү. Цэлмэг шѳнѳ болгон цаг гаруй 9 удаа гэрэл бүртгээд нийлүүлэх нь 10 цаг орчим тасралтгүй бүртгэснээс ялгаагүй, харин ч олон давуу талтай.

      Чиний хэлж байгаа зѳв, тойрог замд л гарахгүй бол нэг биеийн гэрлийг удаан хугацаанд бүртгэх нь дэлхийн гадрагаас боломжгүй зүйл.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: