Бүргэдийн мананцар

Шөнийн тэнгэрт “могойн” одны ордны зүгт (Serpens) биднээс бараг 6500 гэрлийн жилийн зайд нэгэн аврага том устөрөгчийн молекулан үүл оршино. Уг үүлийг харагдах байдлаар нь “бүргэдийн” мананцар гэх бөгөөд угтаа оддыг олноор нь төрүүлж буй, маралын мананцар шиг оддын өлгий болсон аврага том цацаргалтын мананцар юм. Доорх зурган дээр харуулж буй хэсэг нь өргөөшөө 50-70 гэрлийн жилийн дайтай.

Бүргэдийн мананцарын зургийг АНУ-ын Аризона муж улсын Кит Пик одонорон судлалын оргил дээрх 90см-ийн дурангаар авсан нь. Зохиогч: NOAO

Бүргэдийн мананцарын зургийг АНУ-ын Аризона муж улсын Кит Пик одонорон судлалын оргил дээрх 90см-ийн дурангаар авсан нь. Зохиогч: NOAO

Судлаачидын үзэж байгаагаар уг мананцар нь ойролцоогоор 5.5 сая жилийн өмнө бүрэлдэн бий болсон байна. Өөрөөр хэлбэл тэр хавийн устөрөгчийн атомууд төдий хугацааны өмнө нягтран аврага том үүл болж оддыг дотроо үйлдвэрлэж эхэлсэн гэсэн үг. Дээрх зурган дээр харвал мананцарын хэлбэр нь дотроос нь дэлбэлчихсэн мэт харагдаж байгаа нь үнэхээр дотор нь аврага том дэлбэрэлт явагдсаных. Судлаачидын тооцооллоор энэ мананцарын үүсгэсэн нэгэн аврага од ойролцоогоор 8000 орчим жилийн өмнө өөрийн түлшээ бүрэн барж дуусгаад хэт-шинэ одны дэлбэрэлтийг бий болгож энэ мананцарын нэг талыг нь сансарт зад цацсан гэсэн үг. 8000 жилийн өмнөх тэсрэлт гэхээр дэлхий дээр одоогоос 1000-2000 жилийн өмнө ажиглагдсан байх ёстой, гэхдээ тэнгэрт могойн одны ордны зүгт гэнэт тод од гарч ирээд хэдэн хоногийн дараа бүдгэрэн алга болсон тухай ажиглалт түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй байдаг.

Одоогийн байдлаар нийтдээ 460 гаруй оддыг энэ мананцар бий болгоод байгаа ба хамгийн том нь манай нарнаас 80 дахин их масстай, 1 сая дахин илүү тод, гэхдээ дөнгөж 1-2 сая жилийн настай (нар 5 тэрбум жилийн настай). Эдгээр оддоос гадна зурган дээр хар бараан харагдаж байгаа маш нягт үүлний хэсгүүдэд одоо хүртэл олон тооны одод бүрэлдэн бий болсоор байгаа.

Уг биетийг жижиг гар дурангаар ажиглаж болох бөгөөд (мэдээж ийм өнгөт дүрс харагдахгүй) анх 18-р зууны сүүлд Мессиегийн каталогт 16-р биет болон тэмдэглэгдсэн байдаг байна. Жижиг дуранд сийрэг саарал үүл мэт харагдах уг биетийг том дурангаар зургийг нь аваад хархад, дотроо олон тооны аврага том хар бараан цамхагуудтай нь харагдана.  Тэдгээр цамхаг бүр нь дотроо олон тооны оддыг үйлдвэрлэн буй нягт устөрөгчийн үүлс юм.

Бүргэдийн мананцар доторх нэгэн том нягт устөрөгчийн үүлэн цамхаг. Зохиогч: НАСА, Хаббл

Бүргэдийн мананцар доторх нэгэн том нягт устөрөгчийн үүлэн цамхаг. Энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Хаббл

Алдарт сансарын Хаббл дурангийн авсан хамгийн алдартай зургуудын нэг нь энэ мананцарын төвд орших нэг том цамхаг нь. Дээр үзүүлж буй гайхалтай зургийг 2005 онд тус дуран авсан бөгөөд зургийг доод хэсгээс цамхагийн орой хүртэлх үүл нь бараг 10 гэрлийн жилийн зайг эзэлнэ (90 триллион км). Үүнтэй манай нарны аймгийн хэмжээг харьцуулаад бодоод үзээрэй – бидний мэдэх нарны аймгийн хамгийн захад орших гариган биет хүртэлх зай нь ердөө хэдхэн гэрлийн цаг, нарны нөлөөлөх орон зай нь 1-2 гэрлийн жил.

Ирээдүйд бүргэдийн мананцар болон үүнтэй төстэй оддын өлгий болсон цацаргалтын мананцаруудыг өөрсдийнх нь төрүүлж бий болгосон одод яваандаа дотроос нь устган үгүй хийнэ. Аврага одод ялангуяа хурц энерги ихтэй гэрлээр мананцарыг аажим ууршуулж, зарим бүүр томчууд нь хэт-шинэ одны дэлбэрэлт бий болгосоор мананцарын ихэнх хэсгийг сансарт шидэлээд дуусгана.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: