Метан хаана байна??

Өнгөрөгч долоо хоногт гарсан хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг нь ангараг гариг дээр ажиллаж буй манай НАСА-ийн Curiosity хөлгийн хэмжилтүүд байлаа. Юу гэхээр тус хөлөг дээр дайгдаж улаан нүдэн гариг дээр орчсон олон нарийн мундаг багажнуудын нэг нь тус гаригийн агаарын дээжнээс жаахан аваад найрлагыг нь хэмжээд үзсэн чинь метан гэх бодис огт илэрсэнгүй.

Ангараг буюу улаан нүдэн гариг. Зохиогч: НАСА, Хаббл дуран

Ангараг буюу улаан нүдэн гариг. Зохиогч: НАСА, Хаббл дуран

Юуны өмнө урьд нь дэлхийн гадрагаас болон сансараас хийсэн хэмжилтүүд нь тус гаригийн агаар мандалд тодорхой хэмжээний метан байна гэдгийг харуулж байсан юм. Эдгээр хэмжилтүүд нь нарнаас ангараг гариг дээр очиж ойгоод бидэн дээр ирэх гэрлийг “задалж” харах замаар буюу нилээн шууд бус байдлаар хийгдсэн гэж ойлгож болно. Тиймээс урьд нь метаны ул мөр ангарагаас ойн ирэх гэрэл дотор байсан байхад яагаад яг агаар мандалаас нь дээж аваад хэмжихэд илэрсэнгүй вэ гэдэг нэг асуудал байна.

Үүнээс арай илүү чухал ач холбогдолтой шалтгаан гэвэл метан нь амьд организмтай шууд холбогддог бодис юм. Жишээ нь манай гаригийн агаар мандал дахь метаны 90-ээс илүү хувийг амьд организмууд бий болгодог (одоо цагт хүний үйл ажиллагаа ихэнхийг нь бий болгож байгаа). Тиймээс л дээр үеийн хэмжилтүүд метаны ул мөр анх олоход олон хүмүүс анагараг гаригийн хаа нэгтээ метаныг боловсруулж бий болгодог амьд биетүүд заавал байгаа даа хэмээн итгэж байсан нь тэр. Даанч маш нарийн хэмжилт одоо метан илрүүлээгүй гэхээр түүнийг боловсруулж ялгаруулдаг метаболизмтай бактерийн төрөл ангараг гариг дээр орших магадлал тун бага гэдгийг илтгэж байна.

Curiosity нь 2012 оны 10-р сараас 2013 оны 6-р сар хүртэл нийтдээ 6 удаа агаар мандалаас нь дээж авч хэмжиж үзсэн бөгөөд, тус  хэмжилтийг хийсэн төхөөрөмжийн маш өндөр нарийвчлалаас нь дүгнээд хэлбэл ангарагийн агаар мандалд метаны эзлэх хэмжээ нь нэг тэрбум хуваасны нэгээс хэтрэх ёсгүй аж – маш маш бага л гэсэн үг. Хуучин хэмжилтүүд нь нэг тэрбум хуваасны 7-45 хавьцааг метан эзэлнэ гэж илрүүлсэн юм.

Ангарагийг тойрон эргэх MRO хиймэл дагуулын 2009 онд хийсэн хэмжилт. Зохиогч: НАСА

Ангарагийг тойрон эргэх MRO хиймэл дагуулын 2009 онд хийсэн хэмжилт. Зохиогч: НАСА

Тэхээр энэ зөрөөтэй хариунуудыг илтгэж байгаа хэмжилтүүдийг юу гэж ойлгох вэ? аль нэг хэмжилтийг нь хийх явцад эсвэл боловсруулах явцад алдаа гарсан уу? эсвэл метан жилийн зөвхөн зарим үед хэмжигдэх хэмжээнд хүрээд бусад үед маш бага байдаг уу? эвсэл метаныг устаж үгүй болгодог бидний мэдэхгүй ямар нэгэн процес байна уу?

Аливаа хэмжилт нь олон янзын арга замаар ахин дахин нягтлан шалгагддаг учир ер нь алдаа гарсан байх магадлал тун бага, ялангуяа Curiosity-ийн хэмжилтүүдийн хувьд. Дээр үед дэлхийн гадрагаас болон сансараас хийгдсэн хэмжилтүүдийн хувьд алдаа гарсан байх магадлал бас маш бага хэдий ч судлаачид ахин нягталж үзэж байгаа байх.

Метан бүтэн жилийн турш ялгардаггүй зөвхөн зарим улирал үед л гаригийн зарим нэг хэсэгт гэнэт ялгардаг байж болно. Гэхдээ тийм байлаа ч гэсэн ангарагийн агаар мандалын бүтэн холилдох хугацаа нь ойроцоогоор 1-2 сар. Өөрөөр хэлбэл хичнээн метан гаригийн нэг буланд жилийн нэг үед ялгардаг байлаа ч гэсэн 1-2 сарын хугацаанд нийт агаар мандалд холилдсон байх ёстой гэсэн үг. Curiosity-ийн хэмжилт нь бүтэн 6 сарын туршид хийгдсэн учираас энэ нь хэмжилтийн зөрөөний шалтгаан байж таарахгүй.

Метан нь манай нарны аймаг дахь хамгийн нийтлэг гидрокарбон. Зохиогч: Вики

Метан нь манай нарны аймаг дахь хамгийн нийтлэг гидрокарбон. Зохиогч: Вики

Метан нь манай нарны аймаг дахь хамгийн нийтлэг гидрокарбон (устөрөгч болон нүүрстөрөгчийн атомуудын нийллэг) бөгөөд нэг нүүрстөрөгчийн атом болон дөрвөн устөрөгчийн атомоос бүрдэнэ. Анагараг гаригийн агаар мандалд метаныг устгадаг яг тодорхой процесийг бид мэдэхгүй, гэхдээ агаар мандалаас сансарт алдагдаж болно. Даанч ингэж алдагдах хугацаа нь хэдэн 100 жилээр хэмжигдэх учираас мөн хэмжилтийн зөрүүг тайлбарлах шалтгаан нь байж таарахгүй. Метан маш амархан газарт шингэдэг гэх таамгийг хэсэг судлаачид сүүлийн хэдэн жилд дэвшүүлээд байгаа боловч тэгдэг гэх тодорхой баримт хараахан олдоогүй байна.

Нөгөө талаас метан нь зөвхөн биологийн шалтгаанаар бий болохгүй, геологийн янз бүрийн шалтгаанаар бас бий болж болно, бүр солироор ч гэсэн дамжиж агаар мандалд нь хүрж очих бололцоотой. Хуучны судалгаануудаас хархад ангарагийн агаар мандалд жилд ойролцоогоор 10-20 тонн метан зөвхөн солироор дамжиж ордог. Энэ нь хэдий их хэмжээ мэт санагдаж байвч дэлхийн агаар мандалд солироор дамжиж үүнээс 50 сая дахин их метан жил болгон орж ирдэг байна.

Гэхдээ энэ Curiosity хөлгийн хэмжилтээс болоод ангараг дээр амьдрал байхгүй гэж сэтгэлээр унах арай эрт байна. Энэ нь зөвхөн метан ялгаруулдаг бактерийн төрөл зүйл ангараг дээр байх магадлал нь бага гэдгийг л илтгэж байгаа төдий. Метан огт ялгаруулдаггүй метаболизмтай маш олон төрлийн бактерууд дэлхий дээр байдгийн адил ангараг дээр ч гэсэн байж болно.

 

Advertisements

2 comments

  1. Дэлхийгээс өдөрт хэдэн арван тонн хүчилтөрөгч ба агаарын хийнүүд сансарт алдагддаг гэсэн тэхлээр арай бага татах хүчтэй Ангарагт элдэв гарсан хий нь дорхноо сансарт алдагддаг байж магадгүй байх.

    1. Дэлхийгээс хүчилтөрөгч бараг л алдагдадгүй, харин секундэд 3кг орчим устөрөгч алдагддаг. Жилдээ 100,000 тонн орчим гэсэн үг. Ангарагийн хувьд жилдээ дөнгөж 50 тонн орчим агаараа сансарт алддаг.

      Хир их агаараа сансарт алдах вэ гэдгийг зөвхөн тухайн гаригийн масс болон хэмжээ нь тодорхойлохгүй. Жишээ нь санчир гаригийн дагуул титан нь ангарагаас хамаагүй жижиг хирнээ маш зузаан агаар мандалтай.

      Нарнаас хир хол оршдог болон мөн соронзон орон нь хир хүчтэй зэрэг нь том нөлөөллөл үзүүлнэ. Ангарагийн хувьд ихэнхдээ нарны шуурганаас болж агаараа алддаг.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: