Хар нүх, Цагаан нүх, Өтний нүх

Нэрээ бичиж үлдээгээгүй нэгэн уншигч одоогоос бараг 6 сарын өмнө доорх асуултыг “Та асуу би хариулая” буланд бичиж үлдээжээ:

“har nuh gej yag yu ve?bas tsagaan nuh,ter 2-iig holboson otnii nuh gej yag yu yum bol?ene tuhai delgerengui tailbarlaj ogooch.”

Энд асуугдаж байгаа зүйлс нь өнөөдрийг хүртэл бидний сайн таньж мэдэж чадаагүй байгаа ойлголтууд. Ялангуяа цагаан нүх болон өтний нүх (wormhole) гэсэн зүйлс байдаг гэх ердөө онолын үндэслэл бидэнд бий болхоос тэнд байж магадгүй гэдгийг харуулсан нэг ч хэмжилт байхгүй, нарийн ярьвал юуг яаж хэмжиж байж эд нарыг илрүүлэх вэ гэдгээ ч бид сайн мэдэхгүй. Хар нүхний хувьд бол арай өөр. Сүүлийн 30 жилийн хугацаанд үнэхээр ийм зүйл байдаг юм байна гэх хэмжилтүүдийг маш олноор хийсэн байгаа. Гэхдээ л бид хар нүхтэй холбоотой олон физикийн асуудлуудын талаар огт ойлготгүй яваа.

Энгийн үгээр эдгээр ойлголтууд болон тэдгээрийн хоорондох холбоог тайлбарлахыг оролдоё.

Хар нүх

Хар нүхтэй холбоотой нийтлэлүүд урьд нь хэд хэдэн удаа бичигдэж байсан, хайлтын самбар дээр “хар нүх” гэж бичээд олж уншаарай. Ерөнхийдөө хар нүх гэж нэрлээд байгаа зүйл маань бүх түлшээ шатааж дууссан аврага оддын үлдэгдэл гэж барагцаалж ойлгож болно. Одод өөрсдийн хэмжээнээсээ хамаараад түлшээ дуусгахаараа янз янзын л юм үлдээдэг. Жишээ нь манай нар шиг одод устөрөгч болон гелийн түлшээ дуусгамагцаа гаднах давхрагаа сансарт шилдээд хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо өөрийн нягт цөм хэсгийг л үлдээнэ. Ийм биетийг бид цагаан одой одод гэж нэрлэдэг.

Харин манай нарнаас арай том од бүх түлшээ бармагц цагаан одой од биш нейтронон од гэж дундаж хотын хэмжээтэй хамаагүй илүү нягт зүйлийг бий болгоно. Бүүр том одод үхэхдээ бас хэмжээ болон бусад шинж чанараасаа хамаараад нэг бол асар нягт хар нүх гэж зүйлийг эсвэл бүр юу ч үлдээхгүй хамаг материалаа сансарт шидлээд алга болно.

Тэхээр хар нүх гэдэг бол хамаг түлшээ шатааж барсан аврага одны үлдэгдэл цөм хэсэг юм. Товчхондоо аврга одны түлш барагдаж дуусах мөчид тэр их массыг “дааж” түүнээс үүдэлтэй таталцалын хүчийг сөрөх ямар ч энерги үгүй болж үр дүнд нь одны маань цөм хэсэг дотроосоо асар хурдтайгаар агшин нягтарж гаднах давхрагаа сансарт өндөр хурдаар цацаж орхино. Ийм үзэгдэлийг хэт шинэ одны дэлбэрэлт гэх ба энэ талаар олон нийтлэл бичиж байсан байгаа.

Лос Анжелос дахь Калифорнийн их сургуулийн судлаачидын хийсэн хэмжилт. Манай галактикийн төвд орших аврага хар нүхийг түүний ойролцоох оддын хөдөлгөөнийг олон жилийн турш тандан судалсанаар илрүүлсэн юм. Зохиогч: Andrea Ghez, UCLA

Лос Анжелос дахь Калифорнийн их сургуулийн судлаачидын хийсэн хэмжилт. Манай галактикийн төвд орших аврага хар нүхийг түүний ойролцоох оддын хөдөлгөөнийг олон жилийн турш тандан судалсанаар илрүүлсэн юм. Зохиогч: Andrea Ghez, UCLA

Тэрхүү аврага одны голд нь байсан масс ихтэй цөмийн агшилтыг юу ч зогсоож дийлэхгүй учир үр дүнд нь асар өндөр нягт бүхий асар жижигхэн цэгийг бий болгоно. Үүнийг л бид хар нүх гэж нэрлээд байгаа юм. Гэрлийн бөөм ч зугтаж гарч чадахгүй тийм өндөр нягттай цэг учираас хар гэж нэрлэж заншсан хэрэг. Энэ хачин зүйл маань бараг л өнө мөнхөд ойр хавийн материйг сорж эсвэл бусад хар нүхнүүдтэй нэгдэж томорсоор (массаараа) л байх болно.

Тэхээр гэрэл ч ялгардаггүй хав хар жижигхэн зүйлийг бид яаж тэнд байгаа гэж мэддэг хэрэг вэ? мэдээж хар нүхийг шууд ажиглах боломжгүй, гэхдээ бид түүний нөлөөнд автаж буй орчин тойронг судалж янз бүрээр хэмжээд тэр хавьд тийм хэмжээний масстай хар нүх байх ёстой гэж учирлаж чадна. Жишээ нь хар нүхний нөлөөнд автсан оддын материал сорогдох зуураа хоорондоо үрэлдэж асар өндөр температуртай болж хална. Ийм өндөр температурт хүрсэн матери энерги ихтэй гэрэл их хэмжээгээр цацруулж тэр гэрлийг нь бид дэлхийгээс хэмжиж болно. Эсвэл хар нүхэнд сорогдох хүртлээ хэт ойртоогүй ч түүний таталцалын нөлөөнд орсон оддын хөдөлгөөнийг нь бид хэмжээд, тэр цэгт тийм хэмжээний масстай хар нүх байж л тийм масстай тийм тооны оддыг ингэж хөдөлгөж байна гэж учирлаж болно.

Цагаан нүх

Хар нүхэнд сорогдон орсон матери хаачдаг вэ? энэ асуултын яг тодорхой хариултыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар ихэнх судлаачидын санал нэгдэж буй хариулт нь – хаачихчгүй. Өөрөөр хэлбэл сорогдсон матери хар нүхний массыг л нэмнэ гэсэн үг. Гэвч олон жилийн өмнө энэ асуудал нилээн маргаантай байсан бөгөөд зарим хүмүүс сорогдсон матери хар нүхээр дамжин ертөнцийн хаа нэг өөр цэг дээр гарч ирдэг гэх мэт нилээн фантазитай таамгуудыг дэвшүүлдэг байв.

Ингэж фантазлаж бодох болсон шалтгаан нь ердөөсөө л математикаас үүдэлтэй. Бидний байгаа энэ орчлон ертөнцийг дүрсэлдэг ерөнхий харьцангуйн онол нь энэ дээр тайлбарлагдсан хар нүх гэж зүйлийг энэ онолын хэсэг тэгшитгэлүүдийн шийд нь гэж урьдчилан хэлдэг юм. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл дор тэдгээр тэгшитгэлүүдийг бодход хязгааргүй масстай хязгааргүй жижигхэн сондгойрлын цэгүүд манай ертөнцөд орших бүрэн бололцоотой гэж харуулж болно. Гэхдээ энэ шийд маань + эсвэл – утгыг 2ланг нь зэрэг авч болно, дүйцүүлээд ярих юм бол 10 жилд үздэг квадрат тэгшитгэл 2 шийдтэй байж болдогийн адил. Жишээ нь доорх тэгшитгэл дахь Х-ийн оронд (+2)-ийг ч хийсэн эсвэл (-2)-ийг ч хийсэн хангана:

x*x=4

үүнтэй төстэйгээр тэрхүү харьцангуйн онолын тэгшитгэлүүдийг бас 2 утгаар зэрэг хангаж болно. Энэ 2 шийдийн нэг нь өөрт нь ойртсон материйг сордог цэгийг харин нөгөө нь өөрөөсөө байнга матери ялгаруулж байдаг цэгийг дүрсэлнэ.

Дээрх бичлэг нь хэт ойртсон жижиг одыг “идэж” буй масс ихтэй хар нүхийг дүрсэлж буй. Зохиогч: НАСА

Өөрөөр хэлбэл хар нүхийг матери сорж байгааг нь камераар бичээд түүнийгээ эргээд тоглуулахад харагдах үзэгдэл л гэсэн үг – үүнийг цагаан нүх гэж нэрлээд байгаа юм. Ийм хэмжээтэй хар нүх тэнд байгаа гэх олон янзын хэмжилт бидэнд байгаа боловч цагаан нүх орчлонгийн хаа нэгтээ байгаа гэх ямар ч баримт хэмжилт байхгүй. Угаасаа энэ 2 шийд нь 2лаа нэгэн зэрэг бодит байдлыг дүрсэлнэ гэсэн юм байхгүй бөгөөд физикт үүнтэй төстэй нэг нь л зөвхөн бодит байдлыг дүрслэх хос шийдлүүд зөндөө. Яагаад гэдгийн учир нь барагцаагаар цаг хугацаа зөвхөн нэг чигт л “урсдагтай” нягт холбоотой.

Олон жилийн өмнө хүмүүс хар нүхийг харьцангуйн онолоор маш хязгаарлагдмал нөхцөлд судалж байхад л ийм хос шийдийг олсон бөгөөд үүнээс л энэ цагаан нүх гэж зүйл улбаатай. Энэ хязгаарлагдмал нөхцөл нь ямар ч матери агуулахгүй ба хэрвээ тэгшитгэлүүдээ бодохдоо жаахан матери оролцуулах л юм бол ийм хос шийд гарахгүй, өөрөөр хэлбэл цагаан нүх гэсэн ойлголт гарч ирэхгүй, зүгээр л материйг сорж хэмжээгээрээ томрон орших хар нүх гэсэн ганц л шийд байна.

Тэхээр ерөнхийдөө цагаан нүх гэж зүйл байдаггүй гээд ойлгоод авхад гэмгүй. Ийм зүйл үнэхээр байдаг байсан бол өнөөдрийн технологиор аль хэдийнэ илрүүлчихсэн байх байсан.

 Өтний нүх

Энэ маань мөн л цагаан нүхний адил онолын ойлголт, гэхдээ арай жаахан буйртай гэх үү дээ. Өтний нүх гээд байгаа зүйлийг физикт Эйнштейн-Розены гүүр хэмээн нэрлэнэ. Гол санаа нь аливаа биеийн масс их байх тусам орон зай цаг хугацааг улам ихээр муруйлгадаг учир асар их масстай хар нүх нь орон зай цаг хугацааг үлэмж хэмжээгээр маш гүн муруйлгана. Хоёр өөр газар байгаа 2 хар нүхнүүдийн ингэж айхтар муруйлгасан орон зай цаг хугацааны хэсгүүд угаараа нэгдэх маягаар тэр 2-ыг холбосон түнел бий болгох бололцоотой гэсэн таамаг юм.

Харьцангуйн онолын үүднээс ийм зүйл байх бололцоо бий боловч, энэ нь маш тогтворгүй байна. Өөрөөр хэлбэл матери байнга урсаад явж байдаг тийм түнел манай ертөнцөд байхгүй, байлаа гэхэд агшин зуур бий болоод ямар ч матери зөөвөрлөхөөсөө өмнө алга болох ёстой (онолоор бол). Ийм зүйлийг тогтвортой байлгахын тулд харьцангуйн онолын тэгшитгэлүүд нь сөрөг энергитэй материйг шаардана, даанч тийм зүйл энэ ертөнцөд байдаг тухай нэг ч үндэслэл хараахан байхгүй байна.  Ажиглалтын үүднээс ийм зүйл байдаг гэх ямар ч баримт хэмжилт бас байхгүй.

Орон зай цаг хугацааг асар ихээр муруйлгасан 2 биет хоорондоо өтний нүхээр холбогдож буйг харуулсан дүрслэл. Зохиогч edobric

Орон зай цаг хугацааг асар ихээр муруйлгасан 2 биет хоорондоо өтний нүхээр холбогдож буйг харуулсан дүрслэл. Зохиог: edobric

Гэхдээ квант онолын дагуу ертөнцийн хамгийн жижиг хэмжээс дээр (Планкийн хэмжээс) тогтвортой өтний нүх маягийн зүйл байх бололцоотой юм гэж дээр үед дуулж байлаа. Би энэ талаар сайн мэдэхгүй тул хамаагүй мэдэмхийрээд яахав. Та бүгд гэхдээ миний дээх нь бичсэн цаг хугацаа орон зайн тухай нийтлэлийг сонирхоорой, харьцангуй онолоос урган гарах өтний нүхтэй холбоотой.

———————————–

Тэхээр дүгнээд хэлхэд ерөнхийдөө матери хар нүхээр ороод өтний нүхээр дамжин цагаан нүхээр хаа нэгтээ гарж ирдэг гэх нь хуучны фантази юм. Хар нүх бол аврага оддын үлдэгдэлээс гаралтай ертөнцөд оршдог бодит зүйл, бид түүний талаар бас гайгүй мэднэ. Харин цагаан нүх бол цэвэр хийсвэр математик “биет”, бодит ертөнцөд байхгүй, байх ёстой гэх тодорхой шалтгаан бас байхгүй. Өтний нүх нь яадаг ч байсан байж болно, гэхдээ бидэнд ямар ч баримт одоогоор алга.

Advertisements

One comment

  1. sonirholtoi bailaa bayarlaa, sayahan bi schweiziin neg uni-d har nuhnii talaar nileen sudlaad baigaa talaar unshchaad hamt surdag neg naiztaigaa yarij bsn chin mani hun hervee ene har nuhiig hun torolhton ahsiglaj surval mash ayultai, jishee n har nuhiig zevseg bolgoj heregleed buhel buten hot ulsiig shuud haragdahgui bolgovol yana ene ter gej yarisan yum. nadad ter uedee bol ineedtei fantasie l gej sanagdaj bailaa hehe sorry bi ene chigleliin hun bish bolhoor… ooroo ene talaar yu gej bodoj bna ve? just curious 🙂

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: