Санчирын дагуулууд дээр амьдрал бий юу?

Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ ертөнцөд хаа сайгүй маш элбэг гэдгийг бид тодорхой мэдэж байгаа. Ингээд бодхоор үнэхээр амьдрал хаа сайгүй л байх ёстой мэт, гэвч бид дэлхийгээс өөр газар амьдрал одоо байгаа эсвэл урьд нь байсан гэх ямар ч ул мөрийг хараахан олоогүй л байна.

Санчирын дагуул энкеладус (~500км) болон манай гаригийн (~13,000км) бодит хэмжээний харьцаа. Зохиогч: Вики

Санчирын дагуул энкеладус (~500км) болон манай гаригийн (~13,000км) бодит хэмжээний харьцаа. Зохиогч: Вики

Сүүлийн хэдэн жил олон зуун өөр оддыг тойрсон гаригуудыг амжилттай олж илрүүлээд байгаа боловч, тэдгээр гаригууд дээрх амьдралын ул мөрийг судлах хэмжээнд бид очих яагаачгүй байна. Гэхдээ бидний үеийн хүмүүс амьд яваа насандаа дэлхийгээс өөр харь газар дээрх амьдралын ул мөрийн нээлтийг сонсохгүй гэж сэтгэлээр унах шаардлага байхгүй, учир нь дэлхийн хаяанд шахуу манай нарны аймаг дотор амьдрал яг одоо ч байж мэдэх сонин сонин газарууд хэд хэд бий.

Жишээ нь манай гаригийн гадуур нарыг тойрж буй ангараг гариг дээр эрт цагт амьдрал цэцэглэж байсан байх гэдэгт маш олон судлаачид итгэл дүүрэн байдаг. Яг байсан гэх ул мөрийг хараахан олж илрүүлээгүй байгаа ч бид нилээн идэвхитэйгээр судалгаа хийсээр л байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 8-р сард НАСА Curiosity роботыг амжилттай газардуулсан билээ.

Энкеладусын өмнөд туйлаас сансарлуу цацагдаж буй гейзерүүд. Зохиогч: НАСА, Кассини 2009 он.

Энкеладусын өмнөд туйлаас сансарлуу цацагдаж буй гейзерүүд. Зохиогч: НАСА, Кассини 2009 он.

Гэхдээ ангараг гариг нь манай нарны аймаг доторх цорын ганц сонирхолтой биет биш юм шүү. Бархасбадь болон санчир гаригуудын олон дагуулууд дунд эвгүй эвгүй гарууд хэд хэд бий. Жишээ нь бархасбадийн дагуул европа болон санчирын дагуул энкеладусын гадрага доор маш том далайнууд байгаа гэдгийг одоо бид нилээн тодорхой мэдэж байгаа, гадрагын мөсийг нь цөмлөж ороод далайд нь судалгаа хийх роботууд дэлхийгээс биднийг хөгширөөд үхэхээс өмнө хөөрөх болно гэдэгт эргэлзэлтгүй. Санчирын дагуул титан нь манай дэлхийнх шиг азотоор маш баялаг агаар мандалтай мөн гадрага дээрээ нууруудтай (ус биш) бас шингэн урсаж бий болгосон байж магадгүй судалуудтай гэх мэт.

Энкеладус нь санчирын маш сарнимал их хэмжээний бичил мөсний хэлтэрхийнүүдээс бүрдсэн Е-бүслүүр "дотор" эх гаригаа тойрдог. Бидний өнөөгийн ойлголтоор энкеладусын гейзерүүдээр сансарт цацагдсан материалууд олон сая жилийн турш хуримтлагдаж энэ бүслүүрийг үүсгэсэн. Зурган дээр бүслүүрийн хамгийн нягт хэсэгт харагдаж байгаа тод цэг нь энкеладус юм. Зохиогч: НАСА, Кассини 2006 он.

Энкеладус нь санчирын маш сарнимал их хэмжээний бичил мөсний хэлтэрхийнүүдээс бүрдсэн Е-бүслүүр “дотор” эх гаригаа тойрдог. Бидний өнөөгийн ойлголтоор энкеладусын гейзерүүдээр сансарт цацагдсан материалууд олон зуун сая жилийн турш хуримтлагдаж энэ бүслүүрийг үүсгэсэн. Зурган дээр бүслүүрийн хамгийн нягт хэсэгт харагдаж байгаа тод цэг нь энкеладус юм. Зохиогч: НАСА, Кассини 2006 он.

Нилээн дээх нь “та асуу би хариулая” буланд нэгэн уншигч санчирын дагуулуудын тухай бичээч гэж хүсэлт гаргаж байсан юм. Одоогийн бидний мэдэж байгаагаар санчир нь янз бүрийн хэмжээ болон бүтэцтэй 62 дагуултай, тэдгээр нь бүгдээрээ л маш сонирхолтой биетүүд. Гэхдээ дагуул болгоных нь тухай дэлгэрэнгүй бичнэ гэвэл дуусашгүй урт юм болно, тиймээс хамийн этгээд хоёр болох титан болон энкеладусын тухай л бичвэл та бүгдэд сонирхолтой байх гэж бодож байна. Өнгөрсөн оны 8-р сард титан дагуулын тухай хальт бичиж байсан тул, энэ удаад энкеладусын тухай бичье гэж бодлоо.

Энкеладус нь санчирын 6 дахь том дагуул бөгөөд эх гаригаа ойролцоогоор 240,000 км-ийн зайд манай сар шиг зөвхөн нэг талаа санчирлуу харуулж 1.4 дэлхийн өдөрийн хугацаанд нэг бүтэн тойрон эргэнэ. Уг дагуулыг анх 18-р зууны сүүлчээр алдарт одонорон судлаач Вилиям Хершел олж илрүүлсэн боловч бүүр 1980-аад оны сүүлд НАСА-ийн Вояжер хөлгүүд хажуугаар нь нисэн өнгөрөх хүртэл бид нар түүний талаар бараг юу ч мэдэдгүй байлаа.

Энкеладусын гадрагын зураг. Хойд хэсэг нь эртний солирын бөмбөгдөлтөөр баялаг байхад өмнөд хэсэгт нь бараг байхгүй байгааг анзаараарай. Зохиогч: НАСА, Кассини 2010 он.

Энкеладусын гадрагын зураг. Хойд хэсэг нь эртний солирын бөмбөгдөлтийн тогоонуудаар баялаг байхад өмнөд хэсэгт нь бараг байхгүй байгааг анзаараарай. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Кассини 2010 он.

Уг дагуулын хэмжээ нь маш жижигхэн, диаметер нь ердөө л 500 орчим км. Зуйвандуу хэлбэртэй энэ биетийн гадрагын нийт талбай нь ер нь монгол улсын нутаг дэвсгэрийн талбайтай тун ойролцоо. Бусад ихэнх дагуулууд нь маш олон солирын бөмбөгдөлтийн ул мөрөөр дүүрсэн маш эртний гадрагтай байдаг бол энкеладусын гадрага нь ялангуяа өмнөд туйл орчимоороо маш залуу саяхан шахуу бүрэлдэж тогтсон гадрагтай. Ерөнхийдөө гадрага нь байнга өөрчилөгдөж байдаг, бусад дагуулуудтай харьцангуй геологийн хувьд маш идэвхитэй биет юм.

Дээхэн үед олж нээгдсэн түүний бас нэгэн сонирхолтой шинж чанар нь гэвэл тэрээр санчирыг тойрохдоо санчирын хамгийн захын аврага том сарнимал Е-бүслүүрийн хамгийн зузаан нягт хэсгээр нь тойрон эргэнэ. Тиймээс анх үүнийг олж мэдсэн хүмүүс магадгүй тэр Е-бүслүүрийн тоос тоосонцорууд нь энкеладусаас гаралтай байж мэдэх юм хэмээн таамаглаж байв.

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд  хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Энкеладусын талаарх бидний одоо цагт мэдэж байгаа бараг л бүх зүйл ер нь 2005 оноос хойш санчирыг тойрон ажиллаж байгаа НАСА-ийн Кассини хөлгөөр олж нээгдсэн гэж хэлхэд хилсдэхгүй. Кассинигийн олж илрүүлсэн хамгийн сонирхолтой зүйл нь гэвэл энкеладусын өмнөд туйл орчимын гадрагаас сансарлуу маш их хэмжээний ус цацалж байхыг нь ажигласан явдал юм. Яг л дэлхий дээр галт уулын идэвхжилтэй судлуудыг дагаад халуун гейзерүүд байдаг шиг гэж хэлж болно. Одоогийн байдлаар бидний мэдэж байгаагаар манай нарны аймагт дэлхийгээс өөр гуравхан газар иймэрхүү “дэлбэрэлттэй” геологийн идэвхжил ажиглагдсан юм – бархасбадийн дагуул Айо дээрх хүхэрийн галт-уул, тэнгэрийн вангийн дагуул тритон дээрх азотын “гейзер”, мөн санчирын дагуул энкеладус дээрх усан “гейзер”.

Гейзерүүдийн зургуудыг олон авж байсан боловч найрлагыг нь шууд судалж хэмжих бололцоо хараахан гараагүй байна. Тэхээр энэ сансарлуу цацагдаад байгаа зүйл нь шингэн, тэр тусмаа яг ус гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ гээд та гайхаж байж магадагүй. Ерөнхийдөө хоёр үндсэн шалтгаанаас үүдээд энэ гейзерийн материал нь бүр манай гариг дээрх далайнх шиг давстай ус гэж бид үзэж байгаа юм. Нэгдүгээрт, эдгээр гейзерүүдийн сансарт цацагдаж буй хурд нь маш өндөр – 2000 гаруй км/цаг. Энкеладус шиг жижиг биет ийм өндөр хурдаар сансарлуу их хэмжээний хатуу төлөвийн материал шидлэх боломжгүй тул ямар нэгэн төрлийн шингэн гэдэг нь бол тодорхой. Хоёрдугаарт энэ цацагдсан материалын ихэнх хэсэг нь энкеладус дээр эргэж унаж үлдсэн хэсэг нь санчирын Е-бүслүүрийн бүрэлдэхүүн болдог гэдэг нь ажиглалтаар тодорхойлогдсон байгаа. Тэр Е-бүслүүрийн материалуудын агууламжийг энкеладусын өмнөд туйл орчимын гадрага дээрх материалын агууламжтай харьцуулаад үзхээр гадрага дээр нь маш их хэмжээний давстай (70%) ус харин Е-бүслүүр дээр 0.5%-ийн давсны агууламж гардаг байна. Тэхээр гейзерээр цацагдаж буй материалын ихэнх давстай хүнд хэсэгүүд нь гадрага дээрээ эргэж унаад харин давсны агууламж бага хөнгхөн хэсэгүүд нь тэр чигтээ цааш шидэгдэж санчирын Е-бүслүүрийн нэг хэсэг болдог гэсэн үг.

Энкеладусын геологийн идэвхит өмнөд туйл орчимын гадрага дээрх аврага мөсөн уулсыг ойроос авсан нь. Зохиогч: НАСА, Кассини 2008 он.

Энкеладусын геологийн идэвхит өмнөд туйл орчимын гадрага дээрх аврага мөсөн уулсыг ойроос (1500 гаруй км) авсан нь. Зохиогч: НАСА, Кассини 2008 он.

Манай гаригийн тектоникийн хавтангуудын хувьсал хөдөлгөөн нь гадрагын тогтоцыг байнга өөрчилдөг шиг энкеладусын мөсөн гадрага нь бас тогтмол өөрчлөгдөн хувьсаж байдаг. Дэлхийн тектоникийн хавтангуудын хөдөлгөөний шууд шалтгаан нь тэдгээрийн доор маш алгуурхан “урсаж” буй мантийн давхрагын хөдөлгөөн (мантийн давхрага нь дэлхийн цөмөөс ялгарч буй дулаанаас болж хөдөлж байгаа). Энкеладусын хувьд гаднах мөсөн давхрагыг нь байнга хөдөлгөж өөрчилөөд байгаа хүчин зүйл нь тэрхүү давхрагын эгц доор нь буй их хэмжээний усны нөлөө юм (санчирын таталцал бас гадрага дээр нь их хэмжээний цууралт үүсгэж нөлөөлж байгаа гэхдээ одоогийн бидний ойлголтоор голлох хүчин зүйл нь биш).

Энкеладусын гейзерууд 190,000км-ийн цаанас. Зохиогч: НАСА, Кассини 2008 он.

Энкеладусын гейзерууд 190,000км-ийн цаанас. Зохиогч: НАСА, Кассини 2008 он.

Гадрага доор нь байгаа их хэмжээний ус яагаад шингэн төлөвт байгаа, яагаад байн байн тогтворгүйжиж гадрагруугаа гейзер болж цацагдаад байгаагийн нарийн шалтгааныг бид хараахан тогтоогоогүй байна. Их хэмжээний усыг өндөр температурт шингэн төлөвт барьж байхын тулд мэдээж их хэмжээний энерги хэрэгтэй, одоогийн бидний ойлголтоор ерөнхийдөө 2 янзын эх үүсвэр бий. Нэг нь манай дэлхий цөм шиг энкеладусын цөмд их хэмжээний задрал явагдаж байж болно. Нөгөө нь санчир маш их масстай учир энкеладусыг их хэмжээгээр байнга “базалах” замаар дотоод хэсгийг нь халааж байгаа (ийм замаар бархасбадь айо дагуулыг дотроос нь халааж байдаг). Бодит байдал дээр энэ 2 хүчин зүйл хоёул ажиллаж байдаг байх гэдэгт ихэнх судлаачид итгэдэг, гэхдээ аль нь давамгайлдаг мөн хир их хэмжээгээр тус тус нөлөөлдгийг нь хараахан тогтоогоогүй байна. Барагцаа тооцоо хийгээд үзэхлээр яадаг ч байсан дан ганц санчирын “базалтаар” хангалттай энерги гаргах бололцоогүй байдаг аж.

Сүүлийн хэдэн жил Кассини хөлгөөр хийгдсэн нарийн хэмжилтүүдээс үзвэл энкеладусын гадрага нь тэр чигээрээ идэвхитэй байнга өөрчлөгдөөд байдаг биш аж. Өмнөд туйл орчимын хэсгүүд хамгийн олон гейзертэй, гадрага хэсгээр нь эртний солирын бөмбөгдөлтийн тогооны ул мөр бараг байхгүй (байнга өөрчлөгдөж байдаг болхоор ул мөрнүүд нь арилчихсан гэсэн үг), харин эсэргээр хойд туйлын хэсгээр идэвхжил маш бага мөн тогоонууд маш элбэг тааралддаг юм байна. Тэхээр хэрвээ үнэхээр гадрага доор их хэмжээний ус байдаг бол, тэрхүү далай нь дагуулыг тэр чигт нь бүрхдэггүй, зөвхөн өмнөд туйл орчимоор нь л оршдог байж мэднэ.

Энкеладусын санчирлуу хардаг талын хиймэл өнгөтэй (эх зураг нь хар цагаан) зураг. Зохиогч: НАСА, Кассини

Энкеладусын санчирлуу хардаг талын хиймэл өнгөтэй (эх зураг нь хар цагаан) зураг. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын Е-бүслүүрийг хүмүүс судалж байхдаа олсон бас нэгэн маш сонирхолтой зүйл нь тэр бүслүүрийг бүрдүүлж буй бичил хөлдсөн мөсний хэлтэрхийнүүд дээр маш бага хэмжээний органик материалын хэлтэрхийнүүд ажиглагдсан аж (гэрлийн спектрт нь).

Тэхээр ерөнхийдөө энкеладус маань манай нарны аймгийн аврага гаригуудын олон тооны дагуулуудаас үнэхээр онцгой цөөн хэдийнх нь нэг гэсэн үг. Түүний гадрага тэр чигтээ мөсөөр хучигдсан бөгөөд ялангуяа өмнөд туйл орчимоороо геологийн идэвх нэн өндөр. Энкеладусын цөм нь санчирын үзүүлж буй таталцалаар мөн цөмийн задралаар халж байдаг учир дагуулын гадрага дор нь их хэмжээний усыг шингэн төлөвт байлгаж байгаа. Өмнөд туйл орчимоос гейзерүүдээр сансарлуу их хэмжээний ус цацагддаг бөгөөд, тэр цацагдсан материал нь олон сая жилийн турш хуримтлагдаад санчирын маш сарнимал Е-бүслүүрийг бий болгосон байх магадлал тун өндөр. Е-бүслүүрийн болон энкеладусын гадрагын материалын агууламжийг судлаад үзхээр тэрхүү гейзерээр далайн усархуу өндөр давсны агууламжтай шингэн сансарт цацагдаж байдаг бололтой. Е-бүслүүрийн мөсний хэлтэрхийнүүдэд жаахан хэмжээний органик материалын байж болох ул мөр ажиглагдсан тул маш олон судлаачид энкеладусын гадрага доор амьдрал байгаа гэдэгт эргэлздэггүй. НАСА нь энкеладусыг судлахаар янз бүрийн төлөвлөгөө байнга гаргадаг боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод байнга хойшлогддог. Гэхдээ манай үеинхэнийг амьд байгаа цагт тийшээ хөлөг хөөрнө гэдэгт би лав хувьдаа итгэлтэй байна.

Энкеладусын талаар бас бүгдийг бичнэ гэдэг боломжгүй тул би ерөнхийд нь бүдүүвчлээд бичлээ. Та бүгдэд тусад нь жич сонирхож байгаа зүйлс байвал энд сэтгэгдэл үлдээгээд, эсвэл тусдаа асуулт тавиад лавлаж болно.

Advertisements

9 comments

  1. Сонирхолтой нийтлэл байна. Завтай бол өдөр болгон ядаж нэг мэдээ оруулж бгаарай…хэхэ

    1. өдөр болгон 20-30 минут зарцуулна, гэхдээ өдөр бүр нийтлэл гэж ам гарж чадахгүй нь.

  2. thanks. америкчууд яагаад ойр ойрхон ангараг ах руу холог хооргох болов. ямар нэг бидэнд мэдэгдэж болохгуй учир байна уу.

  3. Tnx sonirholtoi medeelel bna

  4. Ангараг гаригийг америкууд клоничилох боломжийг л эрэлхийлж байгаа

  5. Амараа · · Хариулах

    сайхан нийтлэл байна бидэнд ийм сонирхолтой мэдээлэл өгч байгаад баярлаж байдаг шүү дахиад дахиад бичээд байгаараа би нь уншаад л байна инээв

  6. Д.Батаа · · Хариулах

    Сонирхолтой нийтлэл байна. Баяраллаа. Боломжоороо ихийг бичиж байхыг хүсьев

  7. sxan niitlel bnaa oor olon goy goy medeelel oruulj bgaarai.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: