Эвгүй Эта Карина

Өмнөд тэнгэрт “эта карина” хэмээх нэгэн тун эвгүй од бий. Энэ одыг түүхэнд анх алдарт одоноронч Эдмонд Халли 1677 онд 4-р хэмжигдэхүүний (1) од хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг бол 18-р зууны дунд үед бүтээгдсэн каталог дээр карина одны ордонд орших 7 дахь тод 2-р хэмжигдэхүүний од гэж бүртгэгдсэн ажээ. (эта үсэг нь грек цагаан толгойн 7 дахь үсэг)

Энэ одыг эвгүй нөхөр гэж хэлээд байгаа нь хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаатай нь холбоотой. Гэхдээ яг хэзээ дэлбэрэхийг нь хэн ч тодорхой мэдэхгүй – магадгүй маргааш, магадгүй сая жилийн дараа. Түүхэн бүртгэлээс үзвэл 1730 онд хүмүүс уг одыг огцом тодорсон байгааг анх ажиглаад тэмдэглэж үлдээсэн байна. 1782 он гэхэд буцаад бүдгэрсэн бөгөөд дараа нь одоогоос ойролцоогоор 150 жилийн өмнө ахиад гэнэт маш ихээр тодорж бүр өмнөд тэнгэрийн хамгийн тод оддын нэг нь болсон аж. Хамгийн сүүлд 1999 оны үеэр гэрэлтэлт нь 2 дахин нэмэгсэн байдаг ба одоогийн байдлаар харанхуй шөнө энгийн нүдээр төвөггүй харж болох 5-р хэмжигдэхүүний од болсон байгаа. Яг яагаад ингэж тодорхой үечилэлгүйгээр тодорж бүдгэрээд байдгийн учирыг нь бид одоо хүртэл сайн ойлгож амжаагүй л явна.

Нилээн олон жилийн өмнөөс эта карина нь ойролцоогоор 3 сая жилийн настай, маш их масстай аврага од гэдгийг нь сайн гадарлаж байсан. 2005 онд хийгдсэн судалгаагаар эта карина нь ганц том аврага од биш бие биенээ тойрон эргэх хос од гэдгийг нь илрүүлсэн. Хоёр одны том нь манай нарнаас барагцаагаар 100 дахин их масстай учир мөн ийм том од 3 сая жилийн хугацаанд өөрийн бараг бүх түлшийг шатаагаад дуусгах бололцоотой тул нилээн ойрын хугацаанд маш хүчтэй хэт-шинэ одны дэлбэрэлт бий болгоно гэж таамаглагддаг хэрэг.

Хэзээ мөдгүй дэлбэрэх гэж буй аврага од эта карина. Зохиогч: НАСА, Хаббл

Хэзээ мөдгүй дэлбэрэх гэж буй аврага од эта карина. Зохиогч: НАСА, Хаббл

Ерөнхийдөө эта каринагийн том од нь түлшээ шатааж дуусаж буй учир харьцангуй ойр ойрхон тогтворгүйжиж их хэмжээний материалыг сансарт шидэлж байгаа. Их хэмжээний цацаргалтын энерги хуримтлагдаж байгаад гэнэт чөлөөлөгдөх үеэр од маань гэнэт тодроод их хэмжээний материал шидэлж, хэдэн жилийн дараа гэрэлтэлт нь аажмаар бууж буцаад бүдгэрж байгаа байх гэж бид таамагладаг. Дээрх зургийг 1996 онд алдарт сансарын Хаббл дурангаар авсан бөгөөд уг одыг агуулах аврага том мананцарыг гайхалтайгаар харуулж байна. Хоёр туйлаас нь урган гарсан мэт энэ мананцарын ихэнх хэсгийг 1843 онд бидэн дээр гэрэл нь ирсэн маш хүчтэй дэлбэрэлтээр үүсгэгдсэн гэж үздэг.

Олон хүмүүс энэ одны дэлбэрэлт бидэнд аюул заналхийлэх үү гэж сонирхдог. Товч хариулт нь ерөнхийдөө “үгүй”, гэхдээ бид энэ оддын системийг сайн ойлгож амжаагүй тул илүү тодорхой хариулт одоогоор өгөх тун төвөгтэй. Юу ч гэсэн манай гаригийн агаар мандал болон соронзон орон нь дэлбэрэлтээс ирэх гамма туяа болон бусад хүчтэй сансарын туяануудаас биднийг хамгаална. Агаар мандалын дээд хэсэгт байгаа сансарын нисгэгчид, хиймэл дагуулуудад л аюултай болхоос биш дэлхийн гадрага дээр нээх нөлөө байхгүй.

Гэхдээ дэлбэрэлтийн үеэр том одных нь эргэлтийн туйлыг нь дагаад 2 тийшээгээ маш их хэмжээний чиглэгдсэн гамма туяаны цацаргалт гарна. Одоогийн бидний мэдлэгээр энэ одны эргэлийн тэнхлэг нь дэлхийрүү чиглээгүй байгаа учир түүнээс айлтгүй, гэхдээ хэрвээ яг дэлбэрэлтийн үеэр дэлхийрүү чиглэсэн байсан бол хоромхон зуур манай гаригийн гадрагын нэг тал дээрх бүх амьд амьтад үгүй болох бололцоотой. Яг дэлбэрэлтийн үеэр эргэлтийн тэнхлэг нь хаашаа чиглэсэн байх вэ гэдэг нь хос оддын хөдөлгөөний болон өөрсдийнх нь дотоод хувьсалаас хамаарсан маш тодорхойгүй хэмжигдэхүүн ба яг тэр үедээ дэлхийг чиглэсэн байх магадлал бол мэдээж маш бага.

Гэхдээ энэ одны систем биднээс 7500-8000 гэрлийн жилийн цаана байгаа гэдгийг санаарай. Жишээ нь 1843 онд ажиглагдсан хүчтэй дэлбэрэлт нь угтаа МЭӨ 6000 оны хавьцаа болсон үзэгдэл гэсэн үг. Тэхээр энэ од аль хэдийнээ дэлбэрчихсэн гэрэл нь бидэнрүү ирэх замдаа явж байж ч мэднэ.

____________________________________

(1) – Одонорон судлалд тэнгэрийн эрхсийн тод бүдэгийг гэрэлтэлтийн хэмжигдэхүүн гэх шатлалаар илэрхийлнэ. Товчхондоо хэмжигдэхүүний утга нь бага байх тусам тод, их байх тусам бүдэг гэсэн үг. Жишээ нь нарны хэмжигдэхүүн нь -26 орчим байхад, бүтэн сар -12, сугар гариг -4, тэнгэрийн хамгийн тод од хөхдэй мэргэн -1.4, алтангадас од 2, харин гэрэлгүй шөнө хүний нүдний харж чадах хамгийн бүдэг од ойролцоогоор 6-р хэмжигдэхүүнийх байна. Ерөнхийдөө х дүгээр хэмжигдэхүүний од нь х+1 дүгээр хэмжигдэхүүний одноос ойролцоогоор 2.5 дахин тод байна, жишээ нь 3-р хэмжигдэхүүний од 4-р хэмжигдэхүүний одноос 2.5 дахин тод гэсэн үг. Харин 3-р хэмжигдэхүүний од нь 5-р хэмжигдэхүүний одноос 2.5*2.5 буюу ойролцоогоор 6 дахин тод байна.

Advertisements

9 comments

  1. Нийтлэлтэй холбоотой хэдэн зүйл асуух гэсэн юм. Эта карина дэлбэрэх үедээ тэнхлэгийн эргэлт нь дэлхий рүү чиглэж таараад тэр гамма туяаны цацаргалт нь дэлхийг дайрахааар байлаа гэж бодоход урьдчилан мэдэх боломж байгаа болов уу? Байгаа бол ямар хугацааны өмнө? Энэ гамма туяаны тархах хурд нь ямар байдаг талаар? Сонирхолтой нийтлэл бичсэнд баярлалаа.

    1. нэг талаас масс ихтэй хос одод хэрхэн хувьсдагийг ойлгож аваад, нөгөө талаас энэ эта каринаг удаан хугацаанд анхааралтай тандан судалж байж барагцаа таамаг гаргана уу гэхээс биш нарийнаар урьдчилж тооцооллох боломжгүй. Гамма туяа гэдэг нь бидний нүлээрээ хардаг гэрэлтэй адилхан цахилгаан соронзон долгион, гэхдээ нүдээрээ хардаг гэрлээс маш их энергитэй. Цах.сор. долгион учир гэрлийн хурдаар л тархана.

  2. сансарт байгаа хоер биетийн хувьд мэдээлэл авч болох хамгийн дээд хурд нь гэрлийн хурд учираас гэрэл нь ирэхээс нааш ямар нэг нолоолол байхгуй , таталцлийн нолоолч мэдэгдэхгуй гэсэн уг уу

    1. тэгэж ойлгож болно, гэхдээ зөвхөн гэрэлтэй холбож ойлгох нь жаахан өрөөсгөл шүү. Бидний өнөөгийн ойлголтоор физикт с нь зөвхөн гэрлийн хурд бус ерөнхий мэдээллэл (энерги болон моментын тархалтын өөрчлөлт) тархах хурд юм.

      Яг физик утгаараа таталцал нь гэрлийн хурдаар бус таталцалын долгионы хурдаар тархана. Харьцангуйн онолоор таталцалын долгионы хурд нь вакуум дахь гэрэл тархах хурдтай тэнцэнэ, тиймээс тойруу утгаар гэрлийн хурдаар таталцалын мэдээллэл тархана гэж ойлгож болох хэрэг.

      Ер нь гэрэл тархах хурд с-г зөвхөн гэрэлтэй холбож ойлгох бус, харин аливаа физик харилцан үйлчлэлийн боломжит хамгийн өндөр хурд гэж ойлгох нь зөв.

  3. ер нь бол маргааш ч дэлхий гаммагаас болоод чад хийч магадлал байгаа л юм байна. оюука эгч арго ах хоер ч ортой л юм хэлждээ тээ.

    1. хэхэ, магадлал асар бага гээд байхад л яаж ийж байгаад сөнөөчих гээд байх юмаа. Тэр асар хол болж байгаа дэлбэрэлтийн өнцөг өчүүхэн багаар өөр тийшээ хазайхад дэлхийгээс бүүр дээгүүр ч юмуу доогуур ч юмуу өнгөрөх байлгүй дэ. Хар ухаанаар

  4. 8000 гэрлийн жилийн диаметртай бөмбөлөгөөс яг нэг цэгийг олж буюу яг дэлхийг чиглэж тархах магадлалыг бодож үзвэл миний ухаан хүрэхгүй бага юм байна. Ер нь орон зайн шилжилт хийнэ гэдэг энерги л зарцуулах асуудал. Бид дэлхийн бүх түлшийг шатаагаад томхон хөлгөөр хамгийн ойрын зайны одонд хүрж чадах уу гэдэг асуудалтай. Очлоо гэхэд амьдралгүй бол тэндээ тэгээд дуусах уу? Хамгийн ойрын хот 2000 км байхад мухар замын төгсгөлд бензингүй сууснаас ялгаа юуун?

  5. том одод дэлбэрэхээрээ ийм эрвээхэй хэлбэрийн мананцар үүсгэдэг биз дээ. дэлбэрээд эхлэчихсэн юм шиг л санагдлаа. гэхдээ сүпернова төрлийн одод нэг дор дэлбэрээд дуусдаг гэж уншсан шиг л санагдах юм. за би ч юугаа мэдэх вэ дээ

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: