Лам хуврагууд хүртэл хэлээд байхад…

Монгол улсын ерөнхийлөгч маань өнөөдөр өөрийн твиттерээрээ дамжуулж илгээсэн мессежийг олж уншаад их баярлалаа:

эх сурвалж -

эх сурвалж – news.mn

Гэхдээ миний мэдэх зөндөө олон хүн лаа чүдэнзээ бариад хөдөө бөөнөөрөө гарж байгаа сурагтай, Хаан банк орон даяар 21-нд ажиллахгүй л гэнэ, ер нь зөндөө хүмүүс л янз янзын балай юм хийгээд яваад байх шиг байна. Үнэн ч юм уу худлаа ч юм уу бүү мэд олон охид залуучууд онгон зандангаа 21-нээс өмнө зохицуулах тухай идэвхитэй хөөцөлдөж байгаа бололтойдог. Аа бас дөнгөж сая чуулган завсарлах үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан “Маргааш ажлын өдөр байх болно, онцгой нэгэн үйл явдал болохгүй. Чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд бүгд ирэх ёстой, чөлөө олгохгүй шүү” гэж анхааруулсан байна хаха (э.с.).

Ийм үед ядаж ардчилсан сонгуулиар сонгогдсон улсын эв нэгдлийг илэрхийлэгч чухал хүн маань эрүүл саруул сэтгэлгээтэй байна гэдэг бас арай өөр хэрэг. Элбэгдоржийн оронд улаан шашинчин Энхбаяр эсвэл дэргэдээ албан ёсны төлгөчтэй байсан Очирбат гуай байсан бол юу юу гэх байсан болдоо…

Ингээд нэг хүнд баярлахын хооронд бас нэг юм уншаад сэтгэлээр унав. Тэр нь манай ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан гэж хүний хийсэн мэдэгдэл байлаа. Уншаагүй нэгэн байвал энд дараад түүний товч ярилцлагыг үзээрэй. Яахав 21-нд юу ч болохгүй, санаа зоволтгүй энэ тэр гэж байснаа:

Дэлхий сүйрэхгүй, амьдрал үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн мэргэд ч, лам хуврагууд ч дахин дахин яриад байхад олны санаа сэтгэлийг үймүүлсэн яриа гаргаж байгаа хүмүүс энэ утгагүй үйлдлээ зогсоож, үг хэлээ цэглэмээр юм.

гэж хэлсэн байхыг хараад ой гутав. Лам хуврагуудын хэлсэн үгийг шинжлэх ухааны тайлбартай нэг түвшинд авч үздэг жишиг янз бүрийн шашин мухар сүсэг хавтгайрж дэлгэрсэн орнуудад (жишээ нь арабын хойгийн орнууд) л байдаг болхоос биш манайхаас өөр ардчилсан чөлөөт нийгэмтэй аль ч улсад байхгүй. Лам хуврагууд ахин дахин хэлээд байна гэдгээр Цагаан гуай нөгөө манай хамба лам нарын хийсэн инээдмийн хэвлэлийн бага хурлыг хэлээд байгаа хэрэг шүү дэээ – “бурханы шашин ш/у-тай таардаг”, “озоны давхрага цоороод 7 нар гарч ирээд л дэлхий сүйрвэл сүйрнэ”, “цунами газар хөдлөлт зэрэг завсрын 7 галав юүлнэ” гэх мэт…

Үүнтэй холбогдуулаад 2 зүйлийн талаар өөрийн бодлоо бичье гэж бодлоо өнөөдөр. Миний анзаарсанаар лав иймэрхүү төрийн байгууллагад ажилладаг хүмүүс өөрсдийн хувийн итгэл үнэмшил элдэв бусын юмаа ажил албатайгаа хольж хутгадаг явдал монголд хавтгайрсан байдаг. Юун энэ ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, бүр боловсролын яамны сайдаас (өмнөх сайд) эхсүүлээд улсын их сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар хүртэл ажил албаныхаа цагаар янз бүрийн шашины зан үйлд оролцох, янз бүрийн мухар сүсэг псюдо-шинжлэх ухааны юмнуудыг сурталчилах гэх мэт.

МУИС жишээ нь манайдаа л урдаа барьдаг цөөн их сургуулиудын нэг. Уг нь тэнд л энэ улсын эрүүл саруул сэтгэлгээний цөм нь баймаар, гэтэл 22-нд “Монголын суу ухааны Манукол академи” гэгч бас нэг элийрсэн байгууллага МУИС-ын дугуй тэнхимд хар сүлдээ  тахих гэж байна. МУИС-ын бүр шинжлэх ухааны тэнхимүүдийн зарим нэг багш нарын янз бүрийн псюдо-шинжлэх ухааны юм яриад яваад байдаг асуудал бол энүүхэнд. Ямар сайндаа л хэдэн өдрийн өмнө физик-электроникийн сургуулийн оюутнуудын фейсбүүк хуудсыг нь хальт хартал бөөн дэлхийн сүйрэл гэчихсэн нөхдүүд байж байхав…

Намайг 10 жилд байхад багш маань биологийн хичээлээр “ангараг гариг дээр сүнс байдаггүй болхоор л амьдрал байдаггүй юм. Монгол бөө бол үнэн шүү” гээд хээв нэг хэлж л байдаг байсан. Иймэрхүү жишээнүүд бол бүр их, саяхан мэдээнүүдээр гараад байсан нэг сургуулийн багш ангийн хүүхдүүдээ бөө бол гэж ятгасан гэдэг бол бүр арай л дэндүү цагаандаа гарчихсан зүйл.

Хүн хувьдаа юунд итгэж юунд сүсэглэнэ үү хэнд ч хамаагүй. Миний 10 жилийн биологийн багш бөөнд итгэдэг сүнсэнд итгэдэг байх эсэх хэнд ч падгүй, гол нь тэрийгээ сурагч хүүхдүүдэд хичээлийн цагаар яриад дэмийрээд ирэхлээр л асуудал ноцтой болж байгаа юм. Боловсролын стандарт журмаар батлагдсан юм аа л хичээлийн цагаар заах ёстой болхоос биш өөрийн тэр илий балай сүнс бөө ламаа хүүхдүүдэд заа гэж түүнийг багш болгоогүй гэдгийг яагаад ойлгохгүй байна?

Энэ ажил албатайгаа мухар сүсэгээ хольж хутгахаас бүр ноцтой асуудал гэвэл бага насны хүүхдүүдийн янз бүрийн шашин мухар сүсэгт хар багаасаа гэр бүлийн орчинд нөлөөлөгдөж буй байдал. Ардчилсан хүүхэд, коммунист хүүхэд эсвэл пост-модернист хүүхэд гэж байхгүй, яг үүнтэй адил буддист хүүхэд, бөө хүүхэд, суу ухаанч хүүхэд энэ тэр гэж байх ёсгүй шүү дээ. Намайг 5-тай байхад эмээ маань гандан оруулж лам болгох гээд их үздэг байж билээ, муу ээж минь тэр үед намайг татаж аваагүй бол өнөөдөр би ч гэсэн “7 завсрын галав юүлнэ, озоны давхрага цоороод 7 нар гарна” энэ тэр гээд л нийгэмд шимэгч хорхой шиг амьдраад л тууж байх байсан биз. Тэр үед би гэрийн бурханы өмнө завилж суугаад арц уугуулж байгаад хийморийн сан, 4 уулын сан гэх мэтийг тавьдаг болчихсон л байсан, одоо хүртэл би сандуйн жүд гэж номны нилээн хэсгийг цээжээрээ уншиж чадна.

Энэ нийтлэлийг уншаад сууж байгаа та бүгдэд ч гэсэн бага насанд тань иймэрхүү нөлөөллөл байсан байх гэдэгт эргэлзэхгүй байна. Хэзээ үсээ засуулах, хэзээ аялалд явах, хэзээ дэлхий сүйрэх, хэзээ секс хийхээ хүртэл ламаас асууна, бөөгөөс асууна – энэ жишиг яагаад манай нийгэмд тогтсон байна вэ гэвэл миний бодлоор шилжилтийн нийгэмд ядруухан явж байгаа бид хүүхдүүддээ зохих боловсролыг нь өгчихөж чадахгүй байж янз бүрийн мухар сүсэг шашинаар толгойгоо угаалгахаас нь хамгаалахын төлөө юу ч хийгээгүйтэй л холбоотой болвуу.

Advertisements

19 comments

  1. bi bas bagadaa lam bolj bsanshd

  2. Ёстой зөвийг нь олж хэлсэн нийтлэл байна. Их хүн олж уншаасай

  3. Дэлxий сүйрнэ гэдэгт итгээд байгаа боловсролтой xүмүүст уур xүрч байна. 21-ний өглөө битгий сэрээрэй. GOOD BYE гэж xэлий. 🙂

  4. tanii l bodol ym da, nadad bolon busdad hamaagui ym da

  5. Маш зөв нийтлэл байна. Одоогийн нийгэм амьдарч байгаа залуусын ихэнх нь мухар сүсэгт итгэдэг болчиж. Энэ нь өмнөх соцаилизмын үеийг хэт буруутгаж, шашин шүтлэг, бөө мөргөлийг хэт дэвэргэж үнэлсний гай. Хүн үнэн худлыг өөрөө ялган ойлгох ухамсартай байх хэрэгтэй юм. Үүний тулд хүүхэд байхаас нь энэ ухамсрыг зөв суулгаж өгөх нь чухал.

  6. Буддизмийг тэр бөө мөөтэйгээ харьцуулаад байх хэрэггүй. Амнаас нь лам гэж гарсан болгоныг та харанхуй бүдүүлэг гэж үздэг юмаа даа. Хүн ер нь сайн мэддэггүй юмныхаа талаар бүгдийг нь нэвт шувт мэддэг юм шиг ярих хэрэггүй байдаг юм.

    1. Бурханы шашныг нийгэмд зөвхөн энэ монголд байгаа хэдэн үзмэрч, мэргэч төлөгчдөөр төлөөлүүлж ойлгодог хандлага их ажиглагдах юм. Бурханы шашин ямар нэгэн газар оршиж байна уу үгүй юу гэдгийг энэ хэдэн хүмүүсээр ч тодорхойлчихдог юм биш. Өөрийн сэтгэлийн муу бүхнийг арилгахын төлөө их хичээл зүтгэл гарган явж байгаа хүмүүсийн сэтгэл үндсэн дэх итгэлийг ингэж үгүйсгэж болдоггүй юм шүү. Яагаад заавал шинжлэх ухаан байхад бусад нь ямар хэрэгтэй юм гэсэн байдлаар ханддаг байна. Шинжлэх ухаанд ёс зүйг төлөвшүүлэх онол байна уу? Тийм юм байвал тэрийг чинь би нэг судалж сонирхож үзье. Үнэхээр шашны номлолоос илүү санагдвал шашинд итгэж номлол сургаалийг нь дагахаа байчихъя. Шашин, шинжлэх ухаан гээд харьцуулах хэрэггүй юмыг харьцуулаад нэгийг нь нөгөөгийнх нь дээр гаргах гээд үгүйсгээд байх хэрэггүй юм шиг. Угаасаа энэ нийгэмд байгаа мунхрал шашнаас ч болоод байгаа юм биш. Хүмүүс нь өөрсдөө тийм байхад түүнийг дагаад эдийн засгийн эрэлтийн хуулиар бол нийлүүлэлт нь ихсэнэ биз дээ. Хэрвээ хүмүүс аливаа юманд шүүлтүүртэй ханддаг байсан бол ийм борооны дараах мөөг шиг олширсон үзмэрч, зурхайч, бөө нар (өөр юу юу байдаг билээ) нийгмийн буруу үзэгдлүүд гарахгүй байх байсан биз.

    2. шашин бол шашин, бүгд л нэг л түвшиний зүйл. Нэг шашин нөгөөгөөс илүү харгис хэрцгий, илүү урт удаан түүхтэй гэх мэт байж болно, гэхдээ бүгд л адилхан хүнд аливаа юмыг асууж шалгааж сэжиглэхгүй байх ухамсарыг сутралчилдаг зүйл, нарийн ярьвал улс төрийн зэвсэг.

      Хүн ёс суртахуунтай байхын тулд заавал шашинд итгэх ёстой гэсэн юм хаана ч байхгүй, энэ дэлхий дээр элдэв янзын мухар сүсэгт итгэдэггүй хирнээ бусдад гай болохгүй амьдардаг хүмүүс зөндөө бий. Ёс суртахууныг шу тайлбарлах боломжгүй зөвхөн шашин л тайлбарлана гэдэг бол маш хоцрогдсон ойлголт шүү дээ, өнөөдөр ёс суртахууны олон шинж чанарууд нь хувьсалын онолоор маш тодорхой тайлбарлагдана.

      Нөгөө талаас шашинд итгэдэг хирнээ янз бүрийн гэмт хэрэг хийгээд яваад байдаг хүмүүс дэлхийгээр нэг бий, тооцоог нь харвал дийлэнх олонх нь шүү. Янз бүрийн шашин мухар сүсгийн нэрийг барьж хийсэн дайн дажин хүн төрлөхтөний түүхэнд хэдэн 1000аараа бий. Шашин мухар сүсэгээс болж амиа алдсан хүмүүсийн тоо янз бүрийн өвчин эмгэг болон байгалийн гамшигаас болж үхсэн хүмүүсийн тооноос хамаагүй их.

      Тэгэх болгонд нь шашины хүмүүс яг тань шиг өмөөрөл хийдэг. Шашин нь бол угтаа ариун цагаахан зөв зүйл, зөвхөн зарим хүмүүс нэрийг нь бариад муу юм хийдэг гэх мэтээр. Жишээ нь та энд буддизм бол цэвэр ариухан хэнд ч гэмгүй зүйл зөвхөн манай лам нар нэрийг нь ашиглаад хүмүүсийг залилаад байна гэж. Харамсалтай нь бодит байдал дээр гэмгүй сайхан тэр шашины суурь номлол чинь дараа нь нэрийг нь барьж үйлдэгдэх жинхэнэ ёс суртахуунгүй хүний үйлдэлүүдтэй салшгүй холбоотой шүү дээ. Зөвхөн буддизм ч биш, хамгийн харгис гэгддэг ислам ч гэсэн энх тайван, хайр энэрэлийг номлодог. Гэвч бүх шашин ийм зүйлсийг “хэзээ ч битгий эргэлз, энэ номон дээрхийг эсвэл тэр хүний хэлсэнийг шууд хүлээж ав” гэх хаалттай зарчимаар хүнд хүргэнэ. Ийм зарчимаар ёс суртахуунд суралцсан зарим хүмүүс яваандаа итгэл үнэмшилдээ дулдуйдан туйлширахад маш амархан болдог гэдэг бол хүний түүхийн гашуун сургамжуудын нэг.

      Өөрөөр хэлбэл таны өмөөрөөд байгаа шашин чинь хүнийг юманд эргэлздэггүй гэнэн, хаалттай сэтгэлгээтэй нэгэн болхыг хөхүүлэн дэмжидэг гэсэн үг. Монголд хэдэн 1000 хүн 21-нд дэлхий сөнөнө гээд дэмийрээд яваад байгаа ч гэсэн хар багаасаа гэр дотроо ч гадаа нийгэмд ч байнга шашинаар тархиа угаалгаж өсөж өндийсний харгай. Монголд ерөнхийлөгчийн туслах хүн нь хүртэл шашин шинжлэх ухаан 2оо ялгаж салгаж чадахгүй байгаа болхоор л би 2 өөр түвшний зүйлсийг ялгаж харьцуулж бичсэн хэрэг, тэрнээс биш нэг нь илүү нэг нь дутуу гэж бичээгүй, тэр бол угаасаа ойлгомжтой асуудал.

  7. Ер нь төр нь хүчгүй муу бол тэр орны ард түмэн мөнл ухамсар дорой болж мухар сүсэг, далдын хүчинд итгэдэг болдог нь үнэн юм. Би нэг ламтай энэ сэдвээр ярилцаж билээ. Би түүнээс “Социализмын үед лам, бөөгөөс асууж ямар нэг ажил төрлөө хийдэггүй байлаа. Одоо болохоор бараг бүх хүн юм бүхнээ лам, бөөгөөс асуудаг болж, энэ юуных вэ?” гэхэд

  8. Тэр лам: За энэ бол шулуухан хэлэхэд: Төр нь хүчгүй болохоор лам, бөөд очиж асууж байгаа хэрэг. Өөр очих газар байхгүй юм чинь яалтай ч билээ. Социализмын үед төрөө асуухад шууд л шийдээд өгчихдөг байсан. Нэг зүгээр хэлэхэд шинжлэх ухаанд л итгэ. гэж хэлж өгдөг байсан нь ийм их ялгааг харуулж байна” гэсэн юм даа. Энэ бол шудрага лам.

  9. GUI YAHAV DEE NIIGMIIN YADARSAN SETGEHUIDEE TAARUULJ LAM HUVRAGIIG OROLTSUULJ HELSEN YUM BAIGAA BIZ

  10. Үүнийг ой гутатлаа хүндээр хүлээж авах хэрэггүй байсан биз. Төр нь шашнаа хүндэтгэнэ гэснээс хойш, шашин тэгж хэлээгүй гэхээр илүү итгэх нь нийгэмд илүү давамгай байна шүү дээ.

    1. төр нь шашинаа хүндэтгэнэ гэдэг бол хүний юу дуртайдаа итгэх эрхэнд нь халдахгүй л гэсэн тунхаглал, тэрнээс биш төрийн албанд шашинг хутгалдуулна гэсэн үг биш

  11. Нэгдүгээрт би өөрөө шашны хүн биш л дээ. Би зүгээр л нэг Бурханы шашинг судалж сонирхдог энгийн хүн байна. Хоёрдугаарт та бас энд бүгд л адилхан хүнд аливаа юмыг асууж шалгааж сэжиглэхгүй байх ухамсарыг сутралчилдаг зүйл гэсэн байна. Миний олон жил судалж байгаа Бурханы шашинд хэзээ ч ямар нэгэн юмыг учир шалтгаангүйгээр хүнд тулган итгүүлэх нэг ч сургаал номлол байхгүй нь та энэ талаар сайн мэдэхгүй хирнээ зүгээр өнгөц ойлголтоороо бүгдийг нь тэгэж ойлгодог юм байна гэж ойлгоход хүрлээ. Харин ч Бурханы шашинд аливаа нэгэн юманд сохроор битгий итгэ. Бүх юманд учир шалтгаан буй. Жинхэнэ алтыг танихдаа үрж, хэрчиж, тасалж шалгадагийн адилаар миний сургаалийг тэр адил шинжлэн үзээрэй гэж Бурхан багш өөрөө аман гэгээнээрээ айлдсан байдаг юм шүү. Юмны учир шалтгааныг шинжлэн олдог шалгадагийн 7 ухаан ч гэж байна. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл харин яг таны хэлээд байгаа хүнийг юманд эргэлздэггүй гэнэн, хаалттай сэтгэлгээтэй нэгэн болхыг хөхүүлэн дэмжидэг гэдгийн чинь эсрэг нь гэсэн үг.
    Шашингүй ч ёс суртахуунтай амьдарч болно. Сайхан сэтгэлтэй байхад л болно. Гэхдээ бас шашинд ч хамгийн сайхан ёс суртахууны номлолууд байдаг гэдгийг үгүйсгэж болохгүй. Би бусад шашинтнуудыг ямар байдгийг нь сайн мэдэхгүй байна. Мэдэхгүй байгаа учраас тэд нарын талаар сайн мууг яримааргүй байна. Мэддэг юмаа л яръя. Бурханы шашны нэрийг баригсад Бурханы шашинтан гэдэг бол тэнгэр газар шиг 2 өөр ойлголт юм даа. Гэрлийг сүүдэр дагадагтай адил зөвхөн нэг талаас нь харагдаж байгаа сүүдрийг хараад гэрэл ийм юм байна гэж битгий ойлгоосой л гэж хүсэж байна. Монголчууд ихэнх нь Бурханы шашинтай гэх боловч шашныхаа талаар юу ч мэддэггүй зөвхөн зурхай үзмэр төдийхнөөр ойлгодог нь харамсалтай юм даа.

    1. “манай бурхан багш гэгээн амаараа хэлсэн” гэж ярьдаг та өөрөө хэлсэн ярьсаныг нь их л бодож тунгааж шүүж тээнэглэзэж эргэлзэж байж хүлээн авдаг нэгэн бололтой. Будда “миний хэлсэн 100% үнэн биш, тиймээс миний хэлсэн ярьсаныг эргэлзэж тээнэглэзэж сайтар олон талаас тунгаан бодож байгаад хүлээж авах эсэхээ өөрөө шийд” гэж яг аль түүхэн эх сурвалж дээр яаж бичигдсэн байдгийг тодорхой хэлж жишээ нь та чадахгүй. Та энийг эхлээд хайж үзээд олоод гаргаад ир, тэгээд 2ла үйлийн үр хоосон чанарын тухай ярилцая 😀

  12. ер нь бол хэт шашинлаг байх эсвээс хэт шинжлэх ухаанч байх хоеулаа шал тэнэг храгддаг юм шиг.

    1. хэн нэгэнд тэнэг мангар харагдах бол харьцангуй ойлголт. Бас дээрээс нь олон хүмүүс нэг л их алтан дундажийг барих нь хамгийн зөв гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг нь буруу шүү дээ. Юм болгоны алтан дундажийг баримтлах нь үргэлж хамгийн оновчтой шийдэл байхгүй.

      Нөгөө талаас “хэт шинжлэх ухаанч” гэж ямар юмыг хэлээд байна? Шашин ш\у 2 чинь нэг юмны 2 туйл нь биш шүү дээ, шал ондоо 2 түвшиний зүйл.

  13. Ямар эх сурвалжид гардаг нь гол нь биш тийм үзэл баримтлалыг дагадаг нь гол байгаан.

    1. яалаа гэж дээ, тэр үзэл баримтлал чинь эртний аль нэг эсвэл хэд хэдэн эх сурвалжууд дээр тэмдэглэгдэж үлдсэн бичвэрүүдээс л улбаатай шүү дээ. Жишээ нь хэн нэгэн лам танд буддын шашин нь ингдэг тэгдэг гээд л баахан юм ярьлаа гэж бодход, та тэр хүн өөрөө хаанаас ингэж олж мэдсэн юм, би энэ ламын хэлсэн ярьсаныг нь шууд хүлээж авах ёстой юу гээд наад захын байдлаар шүүж үзэхгүй хүлээж аваад байгааг тань л хэлэх гэсэн юм. Ламаас сонсож сураагүй та өөрөө ном зохиол уншиж судалсан байж болно, энэ тохиолдолд мөн л ялгаагүй энэ номыг бичсэн зохиолч энэ бүгдийг хаанаас олж мэдсэн ямар түүхэн эх сурвалжуудад юу гэж тэмдэглэгдэж үлдсэн юмсыг юу гэж буулгасан гээд л лавлаж үзэхгүй байгааг тань л хэлээд байгаа гэсэн үг.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: