Хос сансарын хөлгүүдийг сарлуу онхолдууллаа

Манай гаригийн цор ганц дагуул сарны таталцалын орны нарийн хэмжилтүүдийг хийхээр жил гаруйн өмнө хөөрсөн хос сансарын хөлгүүд өөрсдийн зорилгоо биелүүлж дуусгаад дөнгөж саяхан сарлуу онхолдсон байна. Угаалгын машины хэмжээтэй хос хөлгүүдийг сүүлийн хэдэн сар сарыг маш бага өндөртэй тойрог замаар тойрон эргүүлж байсан бөгөөд түлш нь бараг дуусаад цаашид хэмжилт хийх боломжгүй болсон тул сарны хойд туйлын орчимд байрлах нэгэн солирын бөмбөгдөлтийн тогооны ирмэгрүү онхолдуулжээ. Ингэж онхолдуулахдаа хуучин НАСА болон ЗХУ-ын саран дээр хөлгүүд аваачиж байсан түүхэн дурсгалт газруудаас аль болох хол зайд чиглүүлсэн байна.

Эбб болон Флоу хөлгүүдийг саяхан сарны хойд туйл орчимд орших нэгэн солирын бөмбөгдөлтийн тогооны ирмэгрүү онхолдуулсан ба энэ зураг нь хөлгүүдийн онхолдох хүртэлээ явсан замуудыг харуулж байна. Зохиогч: НАСА

Эбб болон Флоу хөлгүүдийг саяхан сарны хойд туйл орчимд орших нэгэн солирын бөмбөгдөлтийн тогооны ирмэгрүү онхолдуулсан ба энэ зураг нь хөлгүүдийн онхолдох хүртэлээ явсан замуудыг харуулж байна. Зохиогч: НАСА

487 сая доллараар боссон Эбб болон Флоу хэмээх хос хөлгүүд 2011 оны 9-р сард АНУ-ын Флорида муж улс дахь Кейп Канавиралын сансарын баазаас Дельта-2 пуужингаар хөөрсөн бөгөөд 2012 оны 1-р сарын 1-нд буюу он солигдох мөчид саран дээр ирсэн аж. Түүнээс хойш бараг бүтэн жилийн турш сарыг хамтдаа тойрон эргэж дэлхийгээс өөр биетийн хамгийн өндөр нарийвчлалтай таталцалын орны зургийг бүтэээсэн байна. Ингэж таталцалын орныг өндөр нарийвчлалтайгаар хэмжих нь анх манай гариг шиг хатуу биетүүд нарны аймаг үүсэн бүрэлдэж байх үед хэрхэн хувьсаж өөрчлөгдөж байсан талаарх олон сонирхолтой мэдээллийг бидэнд өгсөн юм.

Тухайлбал сарны царцдас давхрага нь бидний бодож байснаас хамаагүй нимгэн гэдгийг бас сар анх үүсээд удаагүй байхдаа бидний бодож байсанаас хамаагүй их хэмжээгээр солирын бөмбөгдөлтөнд өртсөн байна гэдгийг тодорхойлж хэмжсэн байна. Мөн зарим эрдэмтдийн үздэгчлэн анх дэлхий 2 том дагуултай байж байгаад тэр хоёр нь нэгдээд сарыг бий болгосон гэх таамаглалыг эрс үгүйсгэх хэмжилтүүдийг бас хийсэн аж.

Яаж тэр таталцалын орныг нь хэмжидэг вэ гэхээр энэ 2 хөлөг бие биентэйгээ харьцангуй ойрхон зайд хамтдаа сарыг удаан хугацааны турш тойрон эргэнэ. Сарны нягт ихтэй эсвэл багатэй хэсгүүдийн дээгүүр нь нисэн өнгөрхөд таталцал зайтай явж байгаа 2 биенд өөр өөрөөр нөлөөлж хоорондох зайг нь ихэсгэж эсвэл багасгах ба хоёр хөлгүүд тасралтгүй радио долгион бие биенрүүгээ явуулж бас хүлээж авж маш өндөр нарийвчлалтайгаар хоорондох зай нь хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжинэ. Ингэж сарны аль хэсгээр явж өнгөрхөд яаж зай нь өөрчлөгдөж байгааг маш нарийн хэмжээд сарны таталцал хаана нь ямар хэмжээтэй байгааг өндөр нарийвчлалтайгаар хэмжиж байгаа юм.

Өндөр нарийвчлалтай сарны таталцалын орны зураг. Улаан нь таталцалын хүч их хэсгийг харин цэнхэр нь бага хэсгийг дүрсэлж байна. Зохиогч: НАСА

Өндөр нарийвчлалтай сарны таталцалын орны зураг (бидэнлүү хардаг хэсгийнх нь). Улаан нь таталцалын хүч их хэсгийг харин цэнхэр нь бага хэсгийг дүрсэлж байна. Зохиогч: НАСА

Хос хөлгүүд олон сарын турш сарны гадрагаас ердөө 56км-ийн өндөрт тойрон эргэж байсан бөгөөд гол хэмжилтүүдээ дуусгаад нэмэлт цагаараа бүр доошилж 22км-ийн өндөрт тойрон эргэж байсан байна. Ийм бага өндөрт бага хурдтайгаар тойрон эргэх нь их хэмжээний түлш шаардах учир угаалгын машины хэмжээтэй 2 хөлгийн доторх эзэлхүүний багагүй хувийг түлшний сав эзэлж байсан гэнэ.

Ажиллагаа дуусах дөхмөгц хөлгүүдэд яг хир хэмжээний түлш байгааг тодорхой хэн ч мэдэхгүй байсан тул комьпютер тооцооллоор үлдэгдэл түлшийн хэмжээг барагцаалж байсан байна. Яадаг ч байсан өмнө нь саран дээр хүний аваачиж байсан хөлгүүд болон хүний очиж байсан түүхэн дурсгалт газрууд дээр онхолдуулахгүйн тулд хөлгийг удирдаж байсан хүмүүс 3 хоногийн өмнө хос хөлгүүдийг сарны хойд туйлын зүг чиглүүлсэн байна.

Хойд туйлын орчимд орших нэгэн солирын бөмбөгдөлтийн тогооны ирмэгрүү Эбб хөлөг эхэлж онхолдоод төд удалгүй ойролцоогоор 30 секундын дараа Флоу хөлөг араас нь онхолдсон гэнэ. Сарны гадрагыг мөргөх үедээ хоёр хөлөг ойролцоогоор 6000км/цагийн хурдтайгаар нисэж байсан аж. Онхолдсон газар нь өнөөдөр сүүдэртэй байсан учир яг онхолдож байх үеийн зургийг авж чадаагүй байна, гэхдээ ойрын өдрөөс сарыг тойрон эргэж байгаа НАСА-ийн LRO хиймэл дагуул энэ хоёрын онхолдолтоос ямар нэгэн ул мөр гарсан эсэхийг хайн тэр газрын ойролцоо өндөр нарийвчлалтай зургуудыг авхаар болсон байна.

Хамтдаа сарыг бага өндөрт тойрон эргэж буй Эбб болон Флоу хөлгүүдийг дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: НАСА

Хамтдаа сарыг бага өндөрт тойрон эргэж буй Эбб болон Флоу хөлгүүдийг дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: НАСА

Энэ хоёр хөлгийн ажиллагааны нэрийг “Грейл” гэх ба яг хөлгүүдийн нэрсийг АНУ даяар дунд сургуулийн сурагчидын дунд уралдаан зарлаж шалгаруулсан байна. Эбб болон Флоу гэх нэрсийг АНУ-ын Монтана муж улсын Боузман хотын сурагчид өгсөн гэнэ. Хөлгүүд сарны таталцалыг хэмжих багажуудаас гадна өөр дээрээ жижигхэн камертай байсан ба АНУ-ын анхны эмэгтэй сансарын нисгэгч Сэлли Райд нь түүнийг ашиглаж сургуулийн сурагчидтай хамтраад сарны гадрагын зургийг нь авдаг байсан гэнэ. Харамсалтай нь хэдхэн сарын өмнө Сэлли нь нас барсан бөгөөд, хоёр хөлгийн онхолдсон газрыг түүний нэрээр нэрлэхээр болсон байна.

Advertisements

3 comments

  1. Пүрэвжаргал · · Хариулах

    GRACE дагуул шиг юм байна.

  2. tuguldur oo yaagad gariguud zuuvan dugui baidlaar negniigee toirdog talaar bicheerei

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: