Тутатис бага гариг “ойрхон” зөрж өнгөрлөө

Өчигдөрхөн “4179 Тутатис” хэмээх бага гариг одонорны хэмжээсээр ярьвал нилээн ойрхон зайд дэлхийн хажуугаар зөрж өнгөрөв. Уг бага гариг нь дэлхийг мөргөх аюул хэзээ ч занаж байгаагүй ч харьцангуй ойрхон зөрж өнгөрөх үеийг нь далимдуулаад олон одонорон судлаачид маш сонирхолтой хэмжилтүүдийг хийж байгаа нь нарны аймгийн үүсэл хувьсалын тухай бидний ойлголтонд чухал түлхэц болох юм.

Тутатис нь дэлхийтэй сүүлийн хэдэн жилийн дотор хамгийн ойрхон зайтайгаар зөрж байгаа хэдий ч тэрхүү хамгийн ихээр ойртох цэг нь 7 сая орчим км буюу сарнаас 18 дахин хол зай юм. Мэдээж хүний өдөр тутмын хэмжээсээр 7,000,000 гаруй км гэдэг бол асар их хол боловч одонорны хэмжээсээр энэ нь бараг л дэлхийн хажуугаар нь зөрөөд өнгөрсөн гэсэн үг. Ийм ойрхон зайд ирсэн учир судлаачид НАСА-ийн Голдстоун одонорон судлалын оргилын радарыг ашиглаад хэмжилт хийх боломжтой болсон ба уг 4.5км-ийн диаметертэй биетийн тухай хэд хэдэн сонирхолтой баримтуудыг аль хэдийн олж мэдээд амжсан байна.

Энэ сарын 4-7ны хооронд хийгдсэн Голдстоун радарын хэмжилтүүдээр Тутатис бага гаригийн гадрагын хэлбэр болон тэнхлэгээрээ эргэх эргэлт нь тодорхой харагдаж байна. Зохиогч: НАСА

Энэ сарын 4-7ны хооронд хийгдсэн Голдстоун радарын хэмжилтүүдээр Тутатис бага гаригийн гадрагын хэлбэр болон тэнхлэгээрээ эргэх эргэлт нь тодорхой харагдаж байна. Зохиогч: НАСА

Байн байн дэлхийтэй нилээн ойрхон зөрж өнгөрдөгөөс гадна уг биетийн хэлбэр нь судлаачидын сонирхолыг олон жилийн өмнөөс татсаар ирсэн юм. Дээрх радарын зурган дээр болон нийтлэлийн төгсгөлд байгаа бичлэг дээр харуулж байгаачлан уг бага гариг нь хоорондоо наалдаж нийлчихсэн мэт том жижиг 2 бөмбөлгөөс бүрддэг. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд хийгдсэн радарын хэмжилтээр тэрхүү жижиг бөмбөлөгийн дундаж нягт нь том бөмбөлөгийнхөөс дор хаяж 15%-иар илүү байгааг илрүүлсэн байна. Тиймээс энэхүү биет нь эрт цагт манай нарны аймгийн бага гаригийн бүс орчим дахь 2 өөр нягт болон найрлага бүхий биетүүдийн мөргөлдөөнөөс үүссэн бага гариг үнэхээр байж магадгүй гэсэн үг юм. Ерөнхийдөө мэдээж жижиг жижиг биетүүд бага багаар нийлсээр өнөөдрийн гаригууд болон бусад том хэмжээтэй биетүүдийг үүсгэсэн гэдэг нь бараг “ойлгомжтой” зүйл боловч яг яаж мм-ийн хэмжээтэй тоосонцорууд хэдий хугацаанд хэдэн 1000 км-ийн хэмжээтэй аврага биетүүд болон томордог нь физик талаасаа одоог хүртэл сайн ойлгогдоогүй байгаа. Удахгүй би блог дээрээ одод болон гаригуудын үүслийн тухай бүрэн хэмжээний лекциуд тавьж эхлэнэ, тэрэн дээр энэ асуудал маш тодорхой дурьдагдах болно.

Энэ бага гаригийн бас нэгэн сонирхолтой зүйл нь түүний маш ер бусын тэнхлэгээрээ эргэх хөдөлгөөн юм. Бүх гаригууд болон бидний мэддэг ихэнх бага гаригууд нарыг тойрох замдаа бүгдээрээ л өөрийн тэнхлэгээрээ жигдхэн эргээд явдаг бол Тутатис нь нааш цааш далбийж огцом огцом эргэж нарыг тойрдог. Радарын хэмжилтүүдийн бас нэгэн зорилго нь яагаад энэ биет ингэж тэнхлэгээрээ эргэдэг болох, мөн энэ хөдөлгөөнд нь нар болон дэлхийн таталцал ямар хэмжээтэйгээр нөлөөлдгийг тогтоох юм.

(Энэ бичлэгийг АНУ-ын Аризонагийн их сургуулийн нэгэн оптик дурангаар энэ сарын 11-нд хийсэн юм. Хөдөлгөөнгүй орших алсын ододтой харьцангуй бага гариг маань наагуур нь маш хурдан нисэн өнгөрч байгааг харуулж байна. Зохиогч: Адам Блок)

АНУ-ын Калифорни муж улс дахь мохавегийн цөлд байрлах НАСА-ийн Голдстоун радар нь  энэ сарын 4-нөөс эхлэн өдөр бүр хэмжилтүүдийг хийсээр ирсэн ба 22-хүртэл үргэлжлүүлэх аж. Ингэж олон хоног тасралтгүй хэмжилтүүд хийж байж тойрог замын нарийн мэдээллэлийг олж авах болон бага гаригийн гадрагын топографийг өндөр нарийвчлалтайгаар бүтээх бололцоотой болох юм.

Манай гаригтай ингэж ойрхон зөрдөг тойрог замтай ба дор хаяж 100м-ийн диаметертэй биетүүдийг ерөнхийд нь аюулт эрчимт биетүүд гэж бид ангилдаг. Тутатис нь бидний мэддэг хамгийн том хэмжээтэй тийм биет бөгөөд ойролцоогоор  4 жил тутамд дэлхийн тойрог замыг огтолно. Түүний тойрог замын хавтгай нь дэлхийн тойрог замын хавтгайтай маш жаахан өнцөг үүсгэдэг (0.5 градусаас ч бага, бараг л нэг хавтгай дээр байдаг гэсэн үг) ба 1км-ээс илүү том хэмжээтэй хирнээ ийм бага өнцөгөөр дэлхийтэй харьцангуй нарыг тойрдог өөр аюулт эрчимт биет байхгүй учир ойртох үеэр нь радараар тогтмол хэмжилт хийж болох цорын ганц бага гариг юм.

(Энэ бичлэгийг дурангаа тутатисыг даган хөдөлгөж авсан зургуудаар бүтээсэн тул, төв хэсэгт бага гариг маань бараг хөдөлгөөнгүй, харин арын одод нь түүнтэй харьцангуй хурдан зөрж өнгөрж харагдаж байна. Зохиогч: Slooh төсөл)

Ингэж ахин дахин хэмжилтүүд хийхийн бас нэгэн шалтгаан нь тойрог замыг нь улам нарийн тооцоолох явдал юм. Одоогийн бидний мэдлэгээр бол ирэх хагас 1000 жилд Тутатис нь дэлхийтэй мөргөлдөх ямар ч боломжгүй гэдгийг баттай мэдэж байгаа ба нэмэлт хэмжилтүүдээр энэ тоог улам цааш нь болгож хэдэн 1000 жилийн дараа тойрог зам нь яаж өөрчлөгдөхийг харьцангуй өндөр нарийвчлалтайгаар тоооцоолдог болно. Саяхан хийгдсэн шинэ тооцоогоор Тутатис нь дараачийн удаа 2069 оны 11-р сарын эхээр дэлхийтэй ахин нилээн ойртох ба, тэр удаад сарнаас 7.7 дахин хол зайд ирэх юм байна.

Голдстоуны радараас гадна хятадын Чан-и хэмээх хиймэл дагуул маргааш Тутатисийг бас харьцангуй ойрхоноос ажиглах юм байна. Энэ хиймэл дагуул анх сарыг ажиглаж хэмжилт хийх зориулалттай хөөрж байсан бөгөөд гол ажилаа дуусгамагцаа 12-р сарын 13-нд Тутатистай ойрхон зөрж өнгөрхөөр тойрог замаа өөрчилсөн юм байна.

(Бидэнд байгаа хамгийн өндөр нарийвчлалтай хэмжилтүүд дээр үндэслэгдэн бүтээгдсэн Тутатис бага гаригийн гадрагын топологи. Зохиогч: НАСА/JPL)

Advertisements

3 comments

  1. Сонирхолтой мэдээлэл бна.

  2. Saihan niitlel bn … Oor olon sonirholtoig bicheerei…

  3. bayrlalaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: