Эрт цагт ангараг гариг дээр ус урсаж байсан гэх шинэ ул мөр олдлоо

Curiosity хөлөг маань Гленелг хэмээх судалгааны анхны бай болсон газарлуу хүрэх замдаа нилээн хүчтэй урсгал усны нөлөөгөөр эрт цагт үүссэн байж болох чулуулгийн давхрагыг илрүүлжээ. Өмнө нь улаан нүдэн гариг дээр ус мөс оршиж байгаа/байсан тухай зөндөө ул мөр олж байсан хэдий ч, ийм эртний урсгал усны хайрган чулуулгийг анх удаа олсон нь энэ юм.

Шинээр олдсон конгломератын давхрага нь эрт цагт урсаж байсан урсгал усны нөлөөгөөр үүссэн байх магадлалтай юм. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Шинээр олдсон конгломератын давхрага нь эрт цагт урсаж байсан урсгал усны нөлөөгөөр үүссэн байх магадлалтай юм. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Судлаачид одоогийн байдлаар тэрхүү янз бүрийн хайрганууд хамтдаа “цементлэгдэж” хатсан конгломерат чулуулгийн зургуудыг нарийн судалж байна. Ерөнхийдөө конгломерат доторх хайргануудын хэмжээ болон хэлбэрээр нь түүнийг бий болгосон шингэний урсгалын тухай олон зүйлийг тодорхойлох бололцоотой байдаг аж. Урьдчилсан дүгнэлтээр зөвхөн хайргануудын хэмжээнүүдээс хархад тус эртний урсгал нь ойролцоогоор 1м/сек хурдтайгаар хөлний шагайгаас бүсэлхийг хүртэл гүнзгийгээр урсаж байсан гэж гарж байгаа юм байна.

Урьд нь ангараг гаригийн гадрага дээрх янз бүрийн судлууд яаж үүссэн хаанаас гаралтай байж болох тухай маш олон шинжлэх ухааны нийтлэл өгүүллүүд бичигдэж байсан юм. Тэдгээрт, хэрвээ ус урсаж уг судлуудыг бий болгосон бол судлын “шал” болон ханан дээр ямар хэмжээ хэлбэртэй хайрганууд конгломератын давхраганд байх ёстой вэ гэдгийг тооцоолж таамаглаж байсан бол энэ удаа шууд тэр давхрагыг нь ажиглаж байгаагаараа маш онцлог үйл явдал болж байна.

Curiosity хөлөг нь өнгөрсөн 8-р сарын 5-нд Гейл хэмээх аврага том эртний солирын бөмбөгдөлтийн тогоон дотор газардсан билээ. Тус тогооны төвд орших төвийн өндөрлөгийг нь Шарп уул гэх бэ өчигдөрхөн олдсон энэхүү конгломератын давхрага нь тогооны хойд ирмэг болон Шарп уул хоёрын голд нь оршиж байгаа юм. Ангараг гаригийг тойрон эргэх хиймэл дагуулуудаар авсан зургуудаас үзвэл Гейл тогооны ирмэгээс тогооны төврүү чиглэсэн их хэмжээний нарийн судлууд орших ба судлуудын хэмжээ дамжаа болон салбарлалтаас нь дүгнэхэд тэдгээрийг үүсгэсэн урсгал нь хэдхэн жил урсаад алга болсон түр зуурын үзэгдэл бус харин олон жилийн турш байнгын давтамжтай урсдаг байсныг нь илтгэж байгаа аж.

Шинээр нээгдсэн конгломерат чулуулгийг дэлхий дээрх голын бэлд бий болсон конгломерат чулуутай харьцуулан харуулж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS and PSI

Ангараг гариг дээр шинээр нээгдсэн конгломерат чулуулгийг (зүүн) дэлхий дээрх голын бэлд бий болсон конгломерат чулуутай (баруун) харьцуулан харуулж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS and PSI

Шинээр олдсон конгломератын давхрага дахь хайрганууд нь маш жижиг элсний ширхэг шиг хэмжээнээс гольфийн бөмбөг шиг хүртэл янз янз, харин хэлбэрийн хувьд цөөн хэд нь зөв биш ихэнх нь бөөрөнхий хэлбэртэй байгаа юм байна. Том том хэмжээтэй хайрганууд ерөнхийдөө нилээн элбэг байгаа учир салхины нөлөөгөөр эдгээр конгломератууд үүсэх боломжгүй ба бараг бүх хайрганууд нь бөөрөнхий хэлбэртэй байгаа нь маш холоос шингэний урсгалаар зөөгдөж ирсэнийг нь илгэж байгаа гэнэ.

Энэ давхрагын нээлт нь “Хота” болон “Линк” гэж нэрлэсэн 2 чулуулаг бараг санамсаргүй байдлаар Curiosity хөлгийн MastCam камерын зурган дээр хэдэн хоногийн өмнө буусанаас үүдэлтэй ажээ. Энэ 2 чулуулгийн мөрийг дагасаар өчигдөр тус конгломератын давхрагыг олсон гэж ойлгож болно. Гэхдээ яг ч бас бүрэн санамсаргүй зүйл биш, учир нь Curiosity хөлөг газардах үед газардуулагч хөлгийн тийрэлтэт хөдөлгүүрийн нөлөөгөөр ил гарч ирсэн чулуулаг нь конгломерат маягтай байгааг зарим судлаачид ажигласан байна, даанч тийрэлтэт хөдөлгүүрийн уршгаар маш их тоос боссон байсан тул зурган дээр хайрганууд нь тодорхой харагдахгүй байж.

Ойрын өдрүүдээс судлаачид Curiosity хөлгийн багажуудыг ашиглан чулуулгийн найрлагыг нь тодорхойлохыг төлөвлөөд байна. Конгломерат дотор хайргануудыг цугт нь барьж байгаа хатсан “шавар” шиг материалын найрлагыг судалсанаар түүнийг бий болгосон шингэний урсгалын тухай бүр нарийн мэдээллийг олж авах боломжтой юм.

Advertisements

2 comments

  1. ynztai yr ni urid us baisniig olood batalsan, gazar door ni usnii nuuts baisniig togtooson geh zereg ni tsuurhal baisan uu ?

    1. цуурхал биш ээ. Ангараг гаригийн 2 туйл дээр нь их хэмжээний мөс байгааг олон жилийн өмнөөс бид тодорхой мэддэг байсан. 2008 онд газар доор нь мөс байгааг илрүүлсэн. Ер нь гадрагаас 200 орчим метрийн гүнд их хэмжээний хүчиллэг ус байгаа гэдгийг илтгэх маш олон баримт ул мөрүүдийг бид мэднэ.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: