Сүүлт од дараа жил тэнгэрийг гэрэлтүүлнэ

Одоогоос нэг жил орчимын дараа буюу 2013 оны сүүлээр C/2012 S1 гэх нэртэй саяхан хэдхэн хоногийн өмнө шинээр нээгдсэн сүүлт од таны амьдралдаа харах хамгийн тод сүүлт од болж мэдэхээр байна. Яг хэзээ яг аль зэрэг тод болохын нарийн ширийнийг судлаачид хараахан тооцоолж дуусаагүй байна, гэхдээ яадаг ч байсан 2013 оны сүүл болон 2014 оны эхээр тэнгэрт сугар гаригаас ч илүү тод харагдана гэдэг нь бол баараггүй тодорхой боллоо.

Италийн Реманзако одонорон судлалын оргилоос авсан зураг. Зохоигч: Реманзако

Италийн Реманзако одонорон судлалын оргилоос 2 өдрийн зайтай авсан 2 зураг. Зургийн төв хэсэгт хөдөлж харагдаж байгаа бүдэг биет нь C/2012 S1 юм. Зохоигч: Реманзако

Энэ сарын 21-нд Беларус улсын Витебск хотоос одоноронч Витали Невский, ОХУ-ын Кондопога хотоос одоноронч Артём Новичонок нар нэгэн зэрэг шахуу хоёул тус биетийг 40см-ийн гол тольтой дурангаар тэнгэрийн самналт хийж байх зуураа олсон ба уг биетийг олон улсын одонорны холбооны журмын дагуу C/2012 S1 гэж нэрлэж байгаа юм. Энэ хоёр тус биетийг бархасбадь гаригийн цаана маш хол байхад нь олж нээсэн ба түүний гэрэлтэлт нь маш маш бүдэг буюу 18.8-р хэмжигдэхүүн байв, зүгээр харьцуулалт болгоод хэлхэд тус биетийн гэрэлтэлтийг 100,000 дахин нэмж байж харанхуй шөнийн тэнгэрт хүний нүдний харж чадах хамгийн бүдэг одны гэрэлтэлтийн хэмжээнд хүрнэ, тэхээр маш бүдэг л гэсэн үг.

Одонорон судлалд тэнгэрийн эрхсийн тод бүдэгийг гэрэлтэлтийн хэмжигдэхүүн гэх шатлалаар илэрхийлнэ. Товчхондоо хэмжигдэхүүний утга нь бага байх тусам тод, их байх тусам бүдэг гэсэн үг. Жишээ нь нарны хэмжигдэхүүн нь -26 орчим байхад, бүтэн сар -12, сугар гариг -4, тэнгэрийн хамгийн тод од хөхдэй мэргэн -1.4, алтангадас од 2, харин гэрэлгүй шөнө хүний нүдний харж чадах хамгийн бүдэг од ойролцоогоор 6-р хэмжигдэхүүнийх байна. Ерөнхийдөө х дүгээр хэмжигдэхүүний од нь х+1 дүгээр хэмжигдэхүүний одноос ойролцоогоор 2.5 дахин тод байна, жишээ нь 3-р хэмжигдэхүүний од 4-р хэмжигдэхүүний одноос 2.5 дахин тод гэсэн үг. Харин 3-р хэмжигдэхүүний од нь 5-р хэмжигдэхүүний одноос 2.5*2.5 буюу ойролцоогоор 6 дахин тод байна. Тэхээр энэ сүүлт одны одоогийн гэрэлтэлт нь 18.8 гэдгээс түүний гэрэлтэлт нь хүний нүдээрээ харж чадах хамгийн бүдэг одноос 2.5^{18.8-6} буюу ойролцоогоор 100,000 дахин бүдэг гэсэн үг.

Яваандаа тус сүүлт од нартай бага багаар ойртох тусам гэрэлтэлт нь ихсэж эхлэх ба нартай хамгийн ойрхон зайд ирэх үед нь хамгийн тод болж, дараа нь тэр чигтээ манай нарны аймгаас сансар уудамруу шидэгдэх болно. Сүүлт одыг нээсэн одонорончидын хэмжилтүүдээс нь тус биетийн тойрог замыг нь тооцон үзэхэд 2013 оны 11-р сарын сүүлээр нартай ердөө 1.1 сая км-ийн зайд ойртож очино (дэлхий нарыг ойролцоогоор 150 сая км-ийн зайд тойрон эргэнэ). Тэгээд нарыг тойрчихоод сансарт үүрд шидэгдэх замаараа 2014 оны 1-р сарын дундуур 37.2 сая км-ийн зайд дэлхийн “хажуугаар” нисэн өнгөрөх болно.

18.8-р хэмжигдэхүүний гэрэлтэлттэй C/2012 S1 сүүлт одны зургийг АНУ-ын шинэ мексик муж улсаас авсан нь. Зохиогч: Гуидо, Состеро, Хоуз

18.8-р хэмжигдэхүүний гэрэлтэлттэй C/2012 S1 сүүлт одны зургийг АНУ-ын шинэ мексик муж улсаас авсан нь. Зохиогч: Гуидо, Состеро, Хоуз

Тус сүүлт од нь одоогийн байдлаар шөнийн тэнгэрт ихэрийн одны ордны зүгт байрлаж байгаа ба хангалттай том дурантай хүмүүс зургийг нь авах бололцоотой. Одоогоос олон сарын турш ямар ч нарийн ширийн детальгүй жижиг бүдэг од мэт зурган дээр харагдах боловч 2013 оны зунаас эхлэн гэрэлгүй харанхуй газраас хүмүүс жижиг дуран эсвэл гар дурангаар шууд нүдээрээ харах боломжтой болно. Цааш явсаар 10-р сарын сүүлч эсвэл 11-р сарын эхээр энгийн нүдээр шууд харагдах хэмжээнд ирэх ба түүнээс цааш улам тодорсоор хэдхэн өдрийн дараа бүтэн сарнаас ч илүү тод буюу -12 дугаар хэмжигдэхүүнд хүрж гайхалтай тод сүүлтэйгээр харагдаж мэднэ.

Уг нь сүүлт од нартай хамгийн ихээр ойртох үедээ хамгийн том сүүл бий болгож гэрэлтэлт нь хамгийн их хэмжээнд хүрнэ. Гэвч C/2012 S1 нь нартай маш ихээр ойртож байгаа учир нарны хурц гялбаанаас үүдэн энгийн нүдээр ажиглагдахгүй байх.

Сүүлт одны гэрэлтэлт нарыг тойрод дэлхийн хажуугаар зөрөх хугацаанд түүний гэрэлтэлт нь хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолсон нь. Босоо тэнхлэг нь гэрэлтэлтийг нь хэмжигдэхүүнээр илэрхийлж байгаа бол хэвтээ тэнхлэг нь хугацааг харуулж байна. Тооцоолол ёсоор 2013 оны 11-р сарын сүүлчээр -10 дугаар хэмжигдэхүүн хүртэл тодорхоор байна. Зохиогч: Orbitas програм

Энэ график дээрх улаан муруй нь сүүлт одны гэрэлтэлт нарыг тойрод дэлхийн хажуугаар зөрөх хугацаанд хэрхэн өөрчлөгдөхийг тооцооллын дагуу илэрхийлж байгаа юм. Босоо тэнхлэг нь гэрэлтэлтийг нь хэмжигдэхүүнээр илэрхийлж байгаа бол хэвтээ тэнхлэг нь хугацааг харуулж байна. Тооцоолол ёсоор 2013 оны 11-р сарын сүүлчээр -10 дугаар хэмжигдэхүүн хүртэл тодорхоор байна. Зохиогч: Orbitas програм

Нарнаас холдох тусам сүүлт одны гэрэлтэлт нь багассаар байх боловч шөнийн тэнгэрт сугар гаригийн дайтай тод гэхдээ маш урт том сүүлтээгэйр удаан хугацааны туршид харагдсаар байх болно. Дэлхийн хойт бөмбөрцөгийн оршин суугчидад хамгийн сайн харагдах учир монголоос бол өвөлжингөө тасархай харагдана гэсэн үг. Дашрамд уг сүүлт од 2014 оны 1-р сарын 8-н гэхэд алтангадас одны хажууханд харагдах юм байна.

Хэйл-Бопын сүүлт од нь 1997 онд мөн нартай маш ихээр ойртож шөнийн тэнгэрт бүтэн 18 сарын турш энгийн нүдэнд үзэгдэхээр тод байсан юм. Зохиогч: Вики:

Хэйл-Бопын сүүлт од нь 1997 онд мөн нартай маш ихээр ойртож шөнийн тэнгэрт бүтэн 18 сарын турш энгийн нүдэнд үзэгдэхээр тод байсан юм. Зохиогч: Вики

Advertisements

5 comments

  1. Вооов энэ үзэгдлийг тэсэн ядан хүлээж байна. Үнэхээр гайхалтай. би ажлийнхаа зарим нэгэнд нь ийм үйл явдал болно гэдгийг хэлэх юм бол тэд шууд намайг эмнэлэгт хэвтүүлэх байхдаа. Хүн маргааш юу болохоо мэддэггүй гэдэг. Харин одонорны тухай маргааш, нөгөөдөр, бүүр хэдэн жилийн дараа ч юу болохоо мэднэ. Энэ шинжлэх ухааны гавъяа юу. ямар азаар хүн хэмээх энэ оюун ухаант биеийг олж төрөө вэ

  2. суулийн уед одон орончид маань байн байн л шинэ биет нээгээд байдаг болж. удахгуй дэлхийг чиглэн айсуй нэгнийг нээчих бий дээ.

    1. технологи хөгжихийн хирээр л шинэ шинэ зүйлийг нээнэ шүүдээ

  3. Уранзаяа · · Хариулах

    Үнэхээр гайхалтай энэ үзэгдлийг нь харж чадах нь уу Сугар гаригийн хэмжээний гэхээр чинь их тод гэрэлтэх нь ээ.Сугар гариг чинь бидний нэрлээд байдаг үүрийн цолмон,үдшийн гялаан бөгөөд оддоос 13 дахин том сүүн цагаан өнгөтэй ямар ч л байсан өвөл,зун,намар гардаг.Тэгээд бас гариг болохоороо одноос яларах зүйл нь анивчдаггүй гэх мэт бага сага юмыг мэдээд авбал илүүдэхгүй байх зарим нь мэдэх л байх.Ямартай ч хамгийн тод гэрэлтэх үеийг нь харчих юмсан даа хөө гоё юм аа

  4. чи ямар муу ёртой хүүхэд вэ. бас тэр эта каринагийн туйлын цацарганд дэлхийг сөнөөчих юм сан л гээд байсан. жамаараа л болох байлгүй. тэртээ тэргүй өдөрт 60 тонн юм сансраас дэлхийд унаж байхад сөнөх тавилантай бол чи ч би ч өдийд ингээд сууж байхгүй байсан байх. Эсвэл чи заавал үхмээр байвал манийгаа чирч яах гэсэн юм ганцаараа асуудлаа шийдээч (хэхэ сүүлийнх наргиа шүү)

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: