Оддын бөөгнөрөлд нартай төстэй оддыг тойрон эргэдэг анхны гаригууд нээгдлээ

Түүхэнд анх удаа одонорончид шигүү оддын бөөгнөрөлийн нартай төстэй гишүүн оддыг нь тойрдог гаригуудыг илрүүлсэнээ уржигдар (9-р сарын 14) зарлалаа. Шинээр нээгдсэн 2 гариг маань эх оддыгоо маш ойр зайд тойрон эргэдэг, ерөнхийдөө манай бархасбадьтай төстэй аврага хийн гаригууд юм. Эх одтойгоо маш ойр байдаг тул маш богино хугацаанд тойрон эргэнэ бас асар өндөр температуртай байна, тиймээс эдгээр гаригууд дээр амьдрал байх боломжгүй. Гэхдээ урьд нь хэзээ ч оддын бөөгнөрөлийн нартай төстэй гишүүн оддыг тойрон эргэдэг гаригууд олдож байгаагүй учир энэ нээлт нь гаригуудын үүсэл хувьсалын тухай олон асуудлыг шинээр гаргаж тавьж буй чухал үр дүн юм.

Оддын бөөгнөрлийн нартай төстэй оддыг тойрон эргэх шинээр нээгдсэн гаригуудын нэгийг нь дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL

Оддын бөөгнөрлийн нартай төстэй оддыг тойрон эргэх шинээр нээгдсэн гаригуудын нэгийг нь дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL

Энэ 2 шинэ гаригийн нартай төстэй эх одод нь Мэссиегийн каталогт 44-р биетээр тэмдэглэгдсэн нээлттэй оддын бөөгнөрлийн гишүүд юм. М44 оддын бөөгнөрөл нь тэнгэрт мэлхийн одны ордны зүгт биднээс ойролцоогоор 550 гаруй гэрлийн жилийн зайд орших ба барагцаагаар 600 сая жилийн өмнө нэгэн зэрэг нэгэн цул аврага том молекулан үүлнээс бүрэлдэн бий болсон 1000 гаруй оддыг агуулна. Нээлттэй оддын бөөгнөрөлийн одод нь ингэж нэг том үүлнээс бүгдээрээ зэрэг үүсдэг учир оддын химийн найрлага болон нас нь хоорондоо тун ойролцоо байдгаараа онцлог. Шинэ гаригуудыг Pr0201b болон Pr0211b гэж нэрлэж байгаа ба өөрсдийн нартай төстэй эх оддыг ердөө л 2.1 болон 4.4 өдөрт маш ойр зайд маш хурдан тус тус тойрон эргэнэ.

Урьд нь одонорончид оддын бөөгнөрлийн аврага оддыг тойрсон цөөн хэдэн гаригуудыг илрүүлж байсан, гэхдээ нартай төстэй одыг тойрон эргэдэг гаригийг ерөөсөө олж чадахгүй байв. Манай галактикийн ихэнх одод, манай нар ч гэсэн, анхандаа М44 шиг нээлттэй оддын бөөгнөрөлд бусад олон тооны ододтой бөөнөөрөө үүсэж байсан бөгөөд аяндаа бөөгнөрөл задарч сарних явцад бие даан тусгаарлагдсан байгаа. Гэтэл нээлттэй бөөгнөрлийн нартай төстэй оддыг тойрсон гаригууд уржигдарыг хүртэл олдохгүй байсан тул судлаачид магадгүй ийм бөөгнөрлийн орчинд гаригууд үүсэх боломжгүй, бөөгнөрөл задарсаны дараа гаригууд үүсдэг байж мэднэ хэмээн таамаглаж байв. Даанч энэ санаа нь олон янзын шууд хэмжилтүүдтэй зөрөлддөг учир гаригийн үүслийн тухай бидний мэдэх онол нь ноцтой алдаатай эсвэл бид тийм гаригуудыг хараахан илрүүлж амжаагүй байгаа гэсэн 2 зам л үлдээд байсан юм. Харин энэ нээлт нь энэ асуудлыг гогцоог тайлхад үлэмж тусалж байна. Удахгүй судлаачид бусад оддын нээлттэй бөөгнөрлүүдийг судалж эхлэх ба тэдгээрийн нартай төстэй оддыг нь тойрсон олон янзын гаригууд нээгдэнэ гэдэгт эргэлзэх юм байхгүй.

Мэлхийн одны ордны зүгт 550 гэрлийн жилийн зайд орших оддын нээлттэй бөөгнөрөл - М44. Энэ бөөгнөрөл 1000 гаруй оддыг агуулах ба 2 нартай төстэй оддыг нь тойрон эргэдэг 2 бархасбадь шиг гаригуудыг уржигдар илрүүлжээ. Зохиогч: Фрэд Лаврэнс

Мэлхийн одны ордны зүгт 550 гэрлийн жилийн зайд орших оддын нээлттэй бөөгнөрөл – М44. Энэ бөөгнөрөл 1000 гаруй оддыг агуулах ба 2 нартай төстэй оддыг нь тойрон эргэдэг 2 бархасбадь шиг гаригуудыг уржигдар илрүүлжээ. Зохиогч: Фрэд Лаврэнс

Энэ шинээр нээгдсэн 2 гариг шиг эх одыгоо маш ойр зайд маш хурдан тойрон эргэдэг бархасбадь маягийн аврага гаригуудыг бид олноор нь нээж олоод байгаа өнөө үед тэдгээрийн үүсэл хувьсалын тухай бас нэгэн асуудал босож ирдэг. Эдгээр гаригууд анхнаасаа ийм нөхцөлтэй үүссэн үү, эсвэл эх одоосоо хол зайтай үүсээд яваандаа ойртдог уу гэдэг дээр маргадаг судлаачид бий. Ихэнх нь эх одоосоо хол зайд үүсээд яваандаа маш аажмаар эх одтойгоо ойртсоор, зарим тохиолдолд эх одондоо залгигддаг гэж үздэг. Энэ шинэ нээлтийн 2 гариг маань бидний мэддэг хамгийн залуу бас хамгийн ойрхоноор (бас хурданаар) эх одыгоо тойрдог гаригуудын нэг болж буй учир энэ маргааны зангилааг тайлах чухал судлагдахуун нь байх болно.

Мөн сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар хэрвээ тухайн од металаар баялаг (гелигээс хүнд бүх элемэнтийг одонорончид метал гэж нэрлэж заншсан) байх тусам тухайн од гаригтай, нэн ялангуяа бархасбадь шиг аврага хийн гаригтай байх магадлал нь төдий чинээ өндөр байна гэдгийг тогтоосон. М44 оддын бөөгнөрлийн одод нь бүгдээрээ манай нарнаас хэд дахин илүү металын агууламжтай учир, хэрвээ энэ санаа нь үнэн бол цаашдын нарийн судалгаагаар өшөө олон аврага гаригуудыг бид бусад оддоос нь илрүүлэх учиртай.

Шинэ гаригуудыг АНУ-ын жеоржиа муж улсын их сургуулийн оюутан Сэм Чинаар удирдуулсан баг аризона муж улс дахь Випл одонорны оргилын төхөөрөмжүүдийг ашиглан илрүүлжээ. Хэрвээ оддын бөөгөнөрөлд байгаа гаригийн шөнө талаас нь тэнгэрлүү харвал бидний дэлхий дээр харагддаг тэнгэрээс шал ондоо хамаагүй шигүү, ялангуяа маш олон тооны тод ододтой их сонирхолтой харагдах болно.

Advertisements

One comment

  1. Энх-Амгалан · · Хариулах

    Яг энэ тухай ийм гариг байж болох тухай И.Ефремовын Адаг чуулганы мананцар зохиолд гардаг санагдаж байна. Хэт шигүү ододын гэрлээс нь болж тухайн гаригт шөнө болдоггүй тухай гардаг хэсэг байдаг юм. Тийм гариг байдаг л юм байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: