Маралын гялаан – сансарын “террорист”

Шөнийн тэнгэрт харагдах 3 марал оддын дээх нь орших маш тод улаан өнгөтэй од нь маралын одны ордны хамгийн тод од бөгөөд монголчууд бид маралын гялаан хэмээн нэрлэдэг билээ. Түүнийг славян орнуудад “бетелгейз” хэмээн нэрлэдэг бол бусад олон англи, латин хэлтэй газар Betelgeuse буюу “битлжүз” хэмээн нэрлэдэг.

Маралын гялаан нь биднээс 640 гэрлийн жилийн зайд орших ба тэнгэрт харагдлаг хамгийн тод оддын нэг юм. Мөн энэ од нь бидний мэддэг хамгийн том бac хамгийн тод оддын нэг – радиусаараа нарнаас бараг 1000 дахин том ба гэрэлтэлтээрээ нарнаас бүр 100,000 дахин тод! Хэрвээ энэ одыг манай нарны аймгийн төвд ид шидээр авчираад тавчихвал бархасбадь гариг хүртэлх орон зайг элбэгхэн эзэлчих тийм том үнэхээрийн аврага од юм.

Маралын одны ордын ерөнхий зураг. Энэ одны ордны хамгийн тод од нь маралын гялаан буюу битлжүз од юм. Уг маш аврага том од нь түлшээ барж дуусгаад (дуусчихсан ч байж мэднэ) тун удахгүй хэт-шинэ одны дэлбэрэлтээр дэлбэрэх гэж байгаа ба дэлбэрэлтийн гэрэл нь дэлхий дээр ирхэд өдөр нартай цагаар ч харагдах хэмжээний маш тод байх болно. Мөн уг зурган дээр 3 марал одод болон маралын мананцарыг тэмдэглэсэн байгаа. Зохиогч: Хосе Шэлдон

Маралын одны ордын ерөнхий зураг. Энэ одны ордны хамгийн тод од нь маралын гялаан буюу битлжүз од юм. Уг маш аврага том од нь түлшээ барж дуусгаад (дуусчихсан ч байж мэднэ) тун удахгүй хэт-шинэ одны дэлбэрэлтээр дэлбэрэх гэж байгаа ба дэлбэрэлтийн гэрэл нь дэлхий дээр ирхэд өдөр нартай цагаар ч харагдах хэмжээний маш тод байх болно. Мөн уг зурган дээр 3 марал одод болон маралын мананцарыг тэмдэглэсэн байгаа. Зохиогч: Хосе Шэлдон

Хэдийн хэмжээ дамжаа гэрэлтэлтээрээ нарнаас үлэмжийн аврага ч гэлээ насаар нь харьцуулвал нарны хажууд маралын гялаан нь нялх хүүхэд л гэсэн үг. Од том байх тусмаа их хэмжээний түлшийг илүү хурданаар шатаах шаардлагатай учир төдий чинээ хурдан түлшээ барж дуусч богино хугацаанд л гэрэлтэж “амьдарна”. Манай нар олон тэрбум жилийн настай дээр ахин дор хяаж 5 тэрбум жил гэрэлтэх хэмжээний түлштэй байхад, түүнээс хамаагүй аврага том маралын гялаан нь ердөө л хэдхэн сая жилийн настай ба удахгүй түлшээ барж дуусаад юу юугүй хэт-шинэ од болон дэлбэрэх гэж байгаа сансарын “террорист” бөмбөг юм.

Уг од одонорны зайгаар ярьвал дэлхийтэй асар ойрхон оршиж байгаа учираас хэт-шинэ од болж дэлбэрсэний гэрэл нь дэлхий дээр шөнийн хэсэгт ирвэл тэнгэрт сарнаас ч илүү тод болж, ер нь шөнө харагдаж байгаа хамгийн тод од болно. Хэрвээ гэрэл нь дэлхийн өдөр хэсэгрүү ирвэл өдөрийн нартай цагаар ч гэсэн маш тод од тэнгэрт харагдасаар л байх болно. Дэлбэрэлт яг яаж явагдахаас хамаараад хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд тэнгэрт тод харагдаж байгаад аажмаар бүдгэрсээр алга болно.

Маралын гялаан нь маш том хэмжээтэй дээр бидэнтэй харьцангуй ойрхон оршдог учираас бидний бүтээсэн хамгийн өндөр нарийвчлалтай дурангуудад цэгэн эх үүсвэрээр бус бодит хэмжээгээрээ томорж харагддаг хуруу дарам цөөн хэдэн оддын нэг. Өөрөөр хэлбэл тэдгээр хэдэн оддоос бусад бүх оддыг бид хамгийн мундаг нарийвчлалтай дуран төхөөрөмжөөрөө яаж ч харсан жижигхэн хэмжээтэй эсвэл\буюу асар хол оршиж буй учираас гэрлийн цэг л харагдана гэсэн үг.

Бодит радио-интерферометрийн хэмжилтээс урвуулан бүтээсэн маралын гялааны зураг. Хүний нүдэнд ойрхоноос тус аврага од нь иймэрхүү энд тэндээ том том овгор товгороор дүүрсэн маш удаан буцалж буй байдлаар харагдана. Зохиогч: Бернд Фрайтаг

Бодит радио-интерферометрийн хэмжилтээс урвуулан бүтээсэн маралын гялааны зураг. Хүний нүдэнд ойрхоноос тус аврага од нь иймэрхүү энд тэндээ том том овгор товгороор дүүрсэн маш удаан буцалж буй байдлаар харагдана. Зохиогч: Бернд Фрайтаг

Сансарын хаббл дурангаар шууд инфра-улаан туяаны мужид мөн АНУ-ын нью мексик муж улс дахь Very Large Array антенуудыг ашиглаад интерферометрийн аргаар радио долгионы мужид маралын гялааныг олон жилийн турш судалж ирсэн юм. 1993 оноос хойш энэ одны харагдах хэмжээг шууд хэмжиж ирсэн бөгөөд 2009 оны судалгаагаар радиус нь сүүлийн 15 жилд 15%-р багассан гэдгийг илрүүлсэн бол мөн 2009 онд маралын гялаанаас маш их хэмжээний матери сансарлуу шидэгдэж байгааг тодорхой илрүүлсэн.

Тэгвэл саяхан хэдэн хоногийн өмнө Франц улсын Лёон хотын одонорон судлалын төвийн ажилтан Бернд Фрайтаг Very Large Array дурангуудыг ашиглаад интерферометрийн аргаар маралын гялааныг 7 жил гаруй судалсан судалгааны ажилынхаа үр дүнг зарлав. Интерферометр гэхээр ерөнхийдөө бие биенээсээ зайтай байгаа хэд хэдэн жижиг тавган антенуудыг нэг том дуран шиг нийлүүлж удирдаад хиймэл аврага том дуранг үүсгэж асар өндөр өнцгийн нарийвчлалыг бий болгохыг л хэлж байгаа юм. Түүний судалгаа нь маралын гялааны гадаргуугийн аль хэсэг нь тодорч бүдгэрч байгааг олон жилийн турш анхааралтай ажигласан бөгөөд үр дүнд нь түүний гадаргуу нь манай нарныхаас тэс өөр, аврага том том бөмбөлгүүд гадаргуу дээр нь маш алгуурхан хөдөлж хагарч, нэг есондоо маралын гялаан нь маш аажуухнаар “буцалж” байдаг гэдгийг тодорхой илрүүлсэн юм. Миний энэ тайлбарлах гэж үзээд байгааг дүрслэх бичлэгийг тэрээр мөн хийсэн байгааг сонирхоорой:

Энэ бичлэг нь мэдээж жинхэнэ маралын гялаан бус компьютерээр тооцоолж бүтээсэн симуляц. Гэхдээ зүгээр шууд толгойноосоо зохиогоод хийчихсэн эд биш, оддыг бүрдүүлж буй халуун плазмын хөдөлгөөн хувьсалыг захирах шингэний механикийн тэгшитгэлүүдийг компьютерээр бодож яг өөрийн хэмжилтүүдийг тайлбарлах шийдүүдийг олж, тэдгээрээрээ энэ бичлэгийг бүтээсэн юм. Өнгөний хувьд ялангуяа хүний нүдэнд уг од ойрхоноос хэрхэн ажиглагдах вэ гэдэгт анхаарч хийсэн байна. Энэ бичлэг хэдий 30-хан секунд үргэлжилж байгаа ч, бодит амьдрал дээрх 7.5 жилийн одны гадрагын хувьсалыг гүйлгэж харуулж байгаа гэдгийг санаарай, тэхээр маралын гялаан маань маш аажуухнаар буцалж булгилаад л байж байдаг гэсэн үг.

Олон хүмүүс маралын гялааны дэлбэрэлт нь дэлхий дээр аюултай эсэхийн талаар асуудаг. Бидний өнөөгийн мэдлэгээр тийм аюул заналхийлж байна гэсэн юм байхгүй. Ийм дэлбэрэлт хэт ойрхон зайд эсвэл уг одны туйл хэт ойроос дэлхийрүү чиглэсэн байх ховор тохиолдолуудад аюул заналхийлж болно мэдээж, гэхдээ маралын гялааны хувьд тийм асуудал байхгүй. Манай сүүн зам шиг галактикт хэт-шинэ одны дэлбэрэлт ойролцоогоор 50 жил тутамд нэг болдог гэж судалгаагаар гарч ирж байгаа. Мэдээж манай галактик асар том учир бидэнд тэр бүгд харагдаад байхгүй. Бидэнд харагдсаныг нь тоочвол түүхэнд хамгийн сүүлд 1572 болон 1604 онд ажиглагдсан түүх бий, тэрнээс өмнө 1006 болон 1054 онуудад эртний хятад болон арабын хүмүүс тэнгэрт өдрийн цагаар тод од шинээр гарч ирээд алга болсоныг ажиглаж тэмдэглэж үлдээсэн байдаг. Хамгийн эртний тэмдэглэгдэж үлдсэн баримт нь манай эриний 185 оных ажээ. Зарим биологчид ийм хэт-шинэ одны дэлбэрэлтүүд нь дэлхий дээр галав юүлж байсан гэж үздэг, гэхдээ тэдэн сая жилийн өмнө галав юүлүүлээд дэлхий дээрх амьдралд тийм өөрчлөлч оруулсан гэх шууд баримт нотолгоо байхгүй байгаа. Мөн эцэст нь хэлхэд, хэдий бид өнөөдөр оддын хувьсал амьдралын талаар сайн ойлголттой ч гэсэн жишээ нь маралын гялаан хэдий үед дэлбэрэх вэ гэдгийг нарийн урьдчилан хэлэх ямар ч боломжгүй хэвээр. Одонорны хувьд өнөө маргаашгүй дэлбэрнэ гэдгийг бол тодорхой мэднэ, энд гэхдээ “одонорны” гэж байгаа нь маргааш ч байж болно эсвэл одоогоос 10,000 жил ч байж болно. Нөгөө талаас маралын гялаан нь аль хэдийнэ дэлбэрчихсэн бөгөөд тэр гэрэл нь дэлхийрүү ирэх замдаа явж байгаа ч байж мэднэ…

4 comments

  1. Goy niitlel bailaa. Bayarlalaa. Ene odnii talaar ih sonirhoj baisan um.

  2. Нөгөө талаас маралын гялаан нь аль хэдийнэ дэлбэрчихсэн бөгөөд тэр гэрэл нь дэлхийрүү ирэх замдаа явж байгаа ч байж мэднэ… ЭНЭ ГОЁ ӨГҮҮЛБЭР БНА. НЭЭРЭЭ Л ТИЙМ ДЭЭ…БИД ӨЧНӨӨН ХУГАЦААГААР ХОЦРОГДСОН ДҮРСИЙГ ХАРДАГ Ш ДЭЭ…ХЭХЭ

  3. niitleluudiig chin bainga unshdag.saihan niitlel bnaaa!

    1. баярлалаа!

Leave a reply to amartuvshin1221 Хариулт болиулах