Хамгийн том, хамгийн тод од

Доорх зурган дээрх сүртэй аврага том мананцар дотор хэдэн сая одод бий бөгөөд тэдгээрийн нийлбэр гэрэл нь ийнхүү уг мананцарыг үзэсгэлэнтэйгээр гэрэлтүүлж буй. Хамгийн сонирхолтой нь энэ мананцар дотор орших ганцхан од нийт гэрэлийн бараг 10%-ийг дангаар тэр олон одод дундаас гаргадаг гэвэл итгэх үү? Сүүн замын хамгийн том дагуул галактик болох Магеланы их үүл дотор 1000 гэрлийн жилийн зайг эзлэн орших уг мананцарыг Тарантула (мөн 30 Doradus гэнэ) гэж нэрлэх бөгөөд, түүний төвд нь дөнгөж үүсээд удаагүй залуу аврага оддын бөөгнөрөл бий. 2010 онд хийгдсэн судалгаагаар тэр оддын бөөгнөрөлийн төвд нь асар том үнэхээрийн аврага од оршдог гэдгийг илрүүлсэн ба тус од нь бидний мэддэг хамгийн том мөн хамгийн тод од юм:

Магеланы их үүл дотор орших аврага том Тарантула мананцар нь бараг тэр чигтээ үнэхээрийн аврага ганц одоор л гэрэлтэж байгаа юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Жон Глийсон

Магеланы их үүл дотор орших аврага том Тарантула мананцарын нийт гэрлийн аравны нэг нь үнэхээрийн аврага ганц одноос л гаралтай. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Жон Глийсон

Манай нарны аймгийн гаригууд нарыг тойрон эргэдэг шиг манай сүүн зам галактикийг олон тооны жижиг бие даасан галактикууд тойрон эргэнэ. Тэдгээрийн хамгийн том хоёрыг нь Магелланы Том Үүл болон Магелланы Бага Үүл хэмээн алдарт Португалийн далайн аялагч Фердинанд Магелланы нэрээр нэрлэж заншсан байдаг. Европын түүхийн зарим эх сурвалжид Магелланы 1519-1522 оны дэлхийг тойрсон аяллын үеэр түүний хөлгийн багийнхан эдгээр биетүүдийг тэнгэрт анх ажигласаж тэмдэглэсэн гэх боловч Арабийн эрдэмтэд Магелланаас бүүр 500 гаруй жилийн өмнө ажиглаж байсныг гэрчилэх тодорхой түүхийн баримтууд бас бий.

Эдгээр дагуул галактикууд нь харанхуй шөнийн тэнгэрт энгийн нүдэнд том бүдэг саарал үүлс мэт харагддаг учираас тэдгээрийг тусдаа галактикууд гэдгийг эртний хүмүүс мэдэхгүй “тэнгэрийн үүлс” гэж нэрлэж байсан нь тэр. Асар хол зайд орших олон тооны одод нь үүл мэт харагдаж байгааг 18-р зууны эхээр мэдэж авсан бөгөөд харин сүүн замын дагуул бие даасан галактик гэдгийг нь сүүлд 20-р зууны эхээр америкийн одоноронч Эдвин Хаббл нээсэн байдаг. Харамсалтай нь эдгээр биетүүдийн өнөөгийн байршилаас нь болоод зөвхөн дэлхийн өмнөд хэсгээс л харж болно, Монголоос маань харагдахгүй.

Харанхуй шөнө дэлхийн өмнөт тэнгэрт Магелланы үүлс нь үнэхээр сийрэг үүлс мэт энгийн нүдэнд харагдана. Зохиогч: Дэйвид Малин

Харанхуй шөнө дэлхийн өмнөт тэнгэрт Магелланы үүлс нь үнэхээр сийрэг үүлс мэт энгийн нүдэнд харагдана. Зохиогч: Дэйвид Малин

Магелланы үүлс нь хичнээн хэмжээгээрээ манай сүүн замаас хамаагүй жижиг ч гэлээ, бие даасан залуу галактикууд учираас яг манай сүүн зам дотор байдаг шиг олоня янзын оддын өлгий болсон мананцаруудаар нэн баялаг. Биднээс ойролцоогоор 170,000 гэрлийн жилийн зайд орших Магелланы Их Үүл доторх хамгийн алдартай мөн хамгийн том мананцар нь диаметрээрээ бараг 1000 гэрлийн жилийн зайг эзэлдэг аврага Тарантула мананцар юм (хамгийн эхний зурган дээрх).

Энэ сүр бараа ихтэй харагдах мананцарын төвд нь үүсэж бүрэлдээд удаагүй байгаа маш залуу оддын бөөгнөрөл оршино. Уг оддын бөөгнөрлийг R136 гэж нэрлэх ба бидний мэддэг ертөнцийн хамгийн их масстай оддын ихэнхийг нь агуулдагаараа онцлог маш сонирхолтой биет юм. Сансарын Хаббл дурангаар үзэгдэх гэрлийн мужид авсан зургийг нь доор толилуулж байна:

Тарантула мананцарын төвд нь орших R136 хэмээх аврага оддын маш залуу бөөгнөрлийг үзэгдэх гэрлийн мужид сансарын Хаббл дурангаар авсан зураг. Уг оддын бөөгнөрөлийн төвд орших R136a хэмээх од нь бидний мэддэг хамгийн том мөн хамгийн тод од бөгөөд нийт Тарантула мананцарыг тэр чигт нь гэрэлтүүлэх хэмжээний гэрлийг өөрөөсөө ялгаруулдаг. Зохиогч: NASA, ESA, & F. Paresce (INAF-IASF), R. O'Connell (U. Virginia)

Тарантула мананцарын төвд нь орших R136 хэмээх аврага оддын маш залуу бөөгнөрлийг үзэгдэх гэрлийн мужид сансарын Хаббл дурангаар авсан зураг. Уг оддын бөөгнөрөлийн төв хэсэгт орших R136a1 хэмээх од нь бидний мэддэг хамгийн том мөн хамгийн тод од бөгөөд нийт Тарантула мананцарын гэрлийн 10%-ийг ялгаруулдаг. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: NASA, ESA, & F. Paresce (INAF-IASF), R. O’Connell (U. Virginia)

2010 онд Английн судлаачид энэ оддын бөөгнөрөлийг шинэ арга барилаар судлаад дотор нь олон тооны үнэхээрийн аврага одод байгааг илрүүлсэн юм. Бидний өнөөгийн онолын ойлголтоор манай нарнаас 150 дахин их масстай од өнөөгийн ертөнцөд үүсэх боломж тун хомс боловч уг судалгаагаар энэ хязгаарыг хол давсан хэмжээтэй оддыг хэд хэдээр нь илрүүлээд байна. Ялангуяа бөөгнөрлийн төв хэсэгт орших R136a1 гэж нэрлэгдэх асар их масстай аврага од нь массаараа манай нарнаас ойролцоогоор 260 дахин их ба гадрагын температур нь 50,000 кельвин давна (манай нарны гадрага ердөө л 6,000 кельвин). Энэ маш халуун аврага од нь манай нарнаас гэрэлтэлтээрээ бараг 8 сая гаруй дахин тод, тиймээс л 1000 гэрлийн жилийн зайг хамарсан аврага том мананцарын гэрэлтүүлгийн 10%-ийг гаргаж чадаж байгаа нь тэр. (Тус судалгааны ажилыг энэ холбоосоор үнэгүй үзэж болно – http://arxiv.org/abs/1007.3284)

Бүр сүүлд хийгдсэн нэгэн судалгаа нь тус одыг анх үүсэхдээ манай нарнаас бүр 350 гаруй дахин их масстай байсан гэж үзэж байгаа бөгөөд, ийм аврага одод нь маш тогтворгүй байдаг учир сүүлийн сая жилийн хугацаанд их хэмжээний массаа эргээд сансарт алдсан гэж дүгнээд байгаа.

Энд том гэдгээр би зөвхөн массаар нь харьцуулж яриад байгаа хэрэг юм шүү. Зүгээр яг хэмжээгээр нь ярьвал R165a1-ээс хамаагүй бага масстай, бага температуртай одод нь үнэхээрийн аврага том хэмжээтэй байж болно. Жишээ нь бидний мэддэг хамгийн том радиустай од нь мэлхийн одны ордонд орших VY Canis Major од бөгөөд тэр одыг манай нарны аймгийн төвд “суурилуулвал” санчир гариг хүртэлх орон зайг элбэгхэн эзэлнэ. Радиусаараа R165a1-ээс хамаагүй том ч гэлээ масс, гэрэлтэлт болон температуураараа хамаагүй бага. Энэ хоёр хамгийн их масстай болон хамгийн том радиустай оддыг харьцуулвал:

Бидний мэддэг хамгийн их масстай болон хамгийн том радиустай хоёр одыг харьцуулвал.

Бидний мэддэг хамгийн их масстай болон хамгийн том радиустай хоёр одыг харьцуулвал.

Advertisements

6 comments

  1. zochin uyanga · · Хариулах

    goy medee hurgesend bayarlalaa

  2. Сайхан мэдээ байн аа. Баярлалаа

  3. Төгөлдөр өө, чиний блогийг саяхан олж мэдлээ. Бичсэн нийтлэлүүд чинь маш их таалагдаж байгаа. “Куриосити ровер”-ын тухай шинэ мэдээ, мэдээлэл оруулж байгаач. Хэрэв завтай бол өдөр болгон оруулж бгаач гэж гуймаар бна…хэхэ

    1. урмын үгсэд баярлалаа. Боломжоороо л аль болох байнга бичиж байхыг бодно оо.

  4. nice nice

  5. Баярлалаа .үнэхээр гоё юмаа
    .таны блогийг байнга уншдаг маш их таалагддаг шүү

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: