Curiosity хөлгөөс

Curiosity хөлөг өчигдөр газардмагцаа арын жижиг камераараа дэлхийрүү бага нягтралтай зургууд явуулсан билээ. Тэгвэл өнөөдөр тус камернаас арай өндөр нягтралтай зураг ирсэн байна:

Curiosity хөлгийн арын камераар авсан өндөр нягтралтай зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech

Curiosity хөлгийн арын камераар авсан өндөр нягтралтай зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech

Дээрх зураг нь өмнөх зурагтай яг л адилхан орчиныг харуулж байгаа, зөвхөн арай илүү нягтралтайгаар. Хөлгийн ар талд байрлах тус камерын зориулалт нь хөлөг арагшаагаа ухрах маневр хийх гэж байгаа үед ард нь саад тортог байгаа эсэхийг л шалгах зориулалттай чанарын хувьд нээх гавиад байхгүй жирийн л камер юм. Тус камерт аль болох өргөн өнцгийг хамрах үүднээс fish-eye төрлийн линз суурилуулсан учир эдгээр зурагнуудын ирмэг хэсэг нь гажсан харагдаж байгаа нь тэр. Мэдээж Curiosity дээр хамаагүй илүү хүчтэй өндөр нягтралтай өнгөт дүрс авах чадвартай хэд хэдэн камер байгаа ч тэдгээрийг хараахан бүрэн шалгаж ашиглалтанд бэлдэж амжаагүй байна (2-4 долоо хоногийн дараа ашиглаж эхлэнэ).

Өнгөрсөн 11-р сард хөөрсөн Curiosity хөлөг нь бүтэн бараг 9 сарын турш сансар уудмаар 560 сая км зайг ангараг гариг хүртэл туулахдаа зүгээр явсангүй замдаа сансар дахь цацаргалтын хэмжээг тогтмол хэмжсээр ирсэн юм. Хөлөг дээрх цацраг идэвхийг хэмжих багаж нь 2011 оны 11-р сараас хойш 2012 оны 7-р сар хүртэл тус багажийг мөргөж буй цэнэгт бөөмсийг тоолсон бөгөөд бөгөөд гол зорилго нь ирээдүйд хүмүүс сансарт удаан хугацааны аялал хийхэд цацраг идэвхийн аюул заналхийлэл хир хэмжээнд байгааг тодорхойлох байв:

Дэлхийгээс ангараг гариг хүртэлх 8 сарын аяллын турш хэмжсэн цацраг идэвхийн хэмжилт. Зохиогч: NASA/JPL-Caltech/SWRI

Дэлхийгээс ангараг гариг хүртэлх 8 сарын аяллын турш хэмжсэн цацраг идэвхийн хэмжилт. Зохиогч: NASA/JPL-Caltech/SWRI

Энэ графикийн босоо тэнхлэг нь цацраг идэвхийн хэмжээг дүрслэх бөгөөд харин хэвтээ тэнхлэгт нь хэмжилт хийсэн нийт хугацааг сараар нь тэмдэглэсэн байна. Ихэнх үед 1 гэсэн утгатай хэмжилт авч байсан боловч хэд хэдэн удаа цацраг идэвхийн хэмжээ огцом нэмэгдсэн байгааг анзаараарай. Эдгээр огцом өссөн үеүүд нь энэ жил тохиосон нарны огцом идэвхжилээс үүдэлтэй юм (нар идэвхижээд гадрага дээр нь дэлбэрэлтүүд болоход сансарлуу их хэмжээний цэнэгт бөөмс өндөр хурдаар шидэгдэнэ).

Энэ хэмжилт нь нэгж харах өнцөгт, нэг секундэд, нэг см квадрат талбайд бүртгэгдсэн протоныг тоолоод байгаа юм. Тэхээр тухайн багажийн чиглэсэн харах өнцөгт нэг секунд бүрт нэг см квадрат талбай болгонд нэг протон л ихэнхидээ 8 сарын турш бүртгэгдэж байсан гэсэн үг. Гэхдээ тус багаж нь олон давхар хамгаалалт дотор оршиж байсан учираас сансарын бодит цацаргалтаас хамаагүй бага утгыг хэмжиж байгаа нь энэ бөгөөд бодит цацаргалтыг тооцоолхын тулд энэ хэмжилтийн утгуудыг дор хаяж хэдэн 1000-аар үржүүлэх хэрэгтэй.

Тийм юм бол яагаад заавал хөлгийн гадна биш дотор байрлуулсан юм бэ гээд та гайхаж байж магадгүй. Өмнө нь судлаачид сансарын хөлөг дотор цацраг идэвхжил чухам хир хэмжээгээр багасдаг болохыг янз янзаар тооцоолж үзэж байсан ч дорвитой үр дүнд хүрэх нь амаргүй байлаа. Харин энэ Curiosity-ийн хэмжилт нь сансарын хөлөг доторх биет олон сарын турш хир хэмжээний цацаргалт хүлээн авдгийг шууд хэмжсэн анхны удаан хугацааны хэмжилт болж байгаагаараа их чухал юм. Одоо хөлөг газардчихаад байгаа үед тус багаж нь ангараг гаригийн гадрага дээрх цацраг идэвхийн хэмжээг бүтэн 2 жилийн хугацаанд хэмжих болно.

За мөн өчигдөр газардалт болох мөчид АНУ-ийн олон газар хүмүүс уулзалдаж хөлгийн газардалтыг үзэж сонирхсон. Тэдгээрээс Нью-Иорк хотын Таймс талбай дээрх аврага телевизэрээр хамгийн олон хүмүүс нэгэн зэрэг үзэж байсан байна. Хөлөг амжилттай газардсаны дараахан хүмүүс алга ташиж “НАСА, НАСА” хэмээн уухиалж байсан гэнэ:

Нью-Иорк хотын Таймс талбай дээрээс хэдэн 1000 хүн Curiosity хөлгийн газардалтын сонирхсон байна. Зохиогч: Лесли Мюлен

Нью-Иорк хотын Таймс талбай дээрээс хэдэн 1000 хүн Curiosity хөлгийн газардалтын сонирхсон байна. Зохиогч: Лесли Мюлен

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: