Одонорон судлалаар мэргэших тухай зөвлөгөө

Ирээдүйд одонорон судлал физикээр мэргэшихийг мөрөөдөж зорьдог залуу дүү нартаа зориулаад дараах зөвлөмж маягийн зүйлийг бичиж дуусгалаа.

Физик, Одонорон судлалаар мэргэших тухай зөвлөгөө

С.Төгөлдөр 

2012 оны 6р сар

 За юуны өмнө ийм сайхан зүйлийг сонирхож цаашдаа энэ сонирхлоо амьдралтайгаа холбоё гэж бодож байгаа танд баяр хүргэе! Энд би зөвхөн өөрийн мэдлэг туршлага дээрээ үндэслэн энэхүү зөвлөмжийг бичиж байгаа болно, тэрнээс биш би өөрөө оюутан хүн учир энд дурдагдах зүйлс нь туйлын зөв гэсэн үг ердөөсөө ч биш юм шүү.

Доор дэлгэрэнгүй бичигдсэн зүйлсийг үргэлжлүүлэн уншихаасаа өмнө эхлээд та өөрийнхөө энэ сонирхолыг ахиж нэг цэгнэж үзэхийг хүсэж байна. Заавал одонорон физик ч  биш ер нь зүгээр шинжлэх ухааныг ерөнхийд нь сонирхох сонирхол гэдэг маань түүнд дурлаж амьдралынхаа том хэсгийг зориулах хүсэл эрмэлзлэлээс огт өөр зүйл байж  болно гэдгийг анхаараарай! Жишээ нь одонорны хувьд, та зүгээр од гариг дурангаар харж, зургийг нь авж цуглуулж, түүнтэй холбоотой мэдээ сэлт уншиж сонирхох дуртай байх нь түүнийг шинжлэх ухаан талаас нь судлах сонирхолоос огт өөр зүйл. Ихэнх хүмүүс одонорон судлал гэхээр зүгээр шөнө од нүдээрээ дурандаад ч юм уу эсвэл зүгээр зураг хөргийг нь аваад сууж байдаг зүйл гэж ойлгодог, гэвч өнөөдрийн одонорон судлалын шинжлэх ухаан маань огт өөр зүйл юм шүү – ерөнхийдөө бол математик, физик болон програмчлал гэсэн 3 хэсгээс л бүрдэнэ, од нүдээрээ дурандах юм үнэндээ байхгүй.

Би нэг жишээ дурьдая. Намайг анх Аризонагийн их сургуульд одоноронч болох гээд ирэхэд манай ангид 250 хол давсан тооны хүүхдүүд байв. 2р курс эхлэхэд энэ тоо 51 болон буурч, 3р курс эхлэхэд 23 болсон ба 4р курс дуусаад төгсөх үед надтай нийлээд ердөө л 5хан оюутан бакалаврын зэргээ гардаж авсан юм. Энэ бууралт нь сонирхлоо олон хүүхдүүд сайн ойлгож таньж мэдээгүйтэй шууд холбоотой юм. Анх орж ирж байгаа нөхдүүд сайхан од дурандаад л сууж байх юм бодоод ороод ирдэг, тэгээд бөөн тоо физик болоод явчихангуут сурж байгаа мэргэжилээ солиод эхлэж байгаа нь тэр. 1р курсээс хойших хичээлүүд аажимаар хүндэрж эхлэх тул мөн олон оюутнууд хожим нь нэг ёсондоо бууж өгч, ихэнхидээ инженерийн чиглэлрүү шилждэг.

Тиймээс хэрвээ та шинжлэх ухаанд үнэхээр сонирхолтой ч тоо физикт дургуй сонирхолгүй бол энэ чиглэлээр мэргэшинэ гэсэн шийдвэрээ эргэн харах хэрэгтэй болвуу. Энэ нь таныг шинжлэх ухаан сонирхохоо боль гэж байгаа бус, угаасаа одоноронд сонирхолтой хүн бүр мэргэжлийн одоноронч болох албгүй шүү дээ. Та жишээ нь одонорон сонирхогч байж болно, ийм хүмүүсийг amateur astronomer гэх бөгөөд жижиг сонирхогчийн түвшний дуран төхөөрөмжөөр олон сонирхолтой зүйл хийж зарим цөөн тохиолдолд шинжлэх ухаанд тодорхой хэмжээгээр хувь нэмэрээ оруулах үе ч цөөнгүй. Ийм хүмүүс ихэнхдээ одонорон сонирхогчдын клуб нийгэмлэгт харьяалагдах бөгөөд харамсалтай нь манайд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага одоогоор алга, гэхдээ ойрын ирээдүйд бий болно гэж би боддог. Би өөрөө 2005-07 оны хооронд ийм байгууллага ажиллуулдаг байсан ч янз бүрийн шалтгаануудаас үүдэн одоо үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадахгүй болсон. Энэ блог дээр би энэ талын мэдээллэл нийтлэлийг түлхүү бичдэг бөгөөд хэрвээ та хамтран ажиллах сонирхолтой бол би маш таатай хүлээж авна!

Харин таны сонирхол шохоорхол ийм энгийн түвшинд бус нарийн ширийнийг нь судалж сурая гэдэгт чиглэсэн бол та үргэлжлүүлэн уншина уу.

Товчхондоо бол одонорон судлалаар мэргэшиж өнөөдрийн дэлхийн түвшинд өрсөлдье гэвэл танд Докторын зэрэг зайлшгүй хэрэгтэй. Одонорны чиглэлээр бакалаврын зэрэгтэй хүн планетариумд ажиллаж, ахлах сургуульд багшлаж эсвэл мэргэжлийн судалгааны газар ямар нэгэн туслах маягийн ажил хийж болно, харин яг нарийн шинжлэх ухааны ажил хийнэ гэвэл таны энэ бэлтгэл арай “балчирдана”. Бакалаврын төвшинд үнэндээ суурь тоо физикийн чиглэлээр л түлхүү анхаарч таныг сургах ба бодит амьдрал дээрх шинжлэх ухааны ажил хийхэд танд маш их туршлага чадвар дутагдах болно. Тэхээр ер нь мэргэжлийн одоноронч болоё гэвэл докторын зэрэгтэй л болох хэрэгтэй гэсэн үг. (Энд би мастерын зэргийг дурьдахгүй байгаа нь ерөнхийдөө одонорон судлалын чиглэлээр дийлэнх сургуулиудад мастерын зэрэг гэж байдаггүй шууд 4-5 жилийн бакалаврын дараа ахин 4-7 жилийн докторын сургалт гэж явдагтай холбоотой).

Ингээд хархаар бас нэг том асуудал үүсэж байгаа юм. Докторын зэрэгтэй болно гэхээр та амьдралынхаа бараг 10 гаруй жилийг их сургуульд сурж өнгөрөөнө гэсэн үг, тэгээд энэ олон жилийг сурж өнгөрөөсний дараа таны хүссэн ажилын пост олдох ямар нэгэн баталгаа байгаа юу гэвэл хариулт нь харамсалтай нь үгүй. Саяхан 2009 онд хийсэн судалгаагаар асрофизикийн чиглэлээр докторын зэрэг хүртсэн хүмүүсийн ердөө 30% нь л яг дэлхийн хэмжээнд судалгааны ажилд оролцдогийг олж тогтоосон. Мэдээж таны сурсан зүйлс аль ч чиглэлээр явсан маш хэрэгцээтэй байх тул үлдсэн хэсэг нь ихэнхидээ инженер, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бусад хэрэглээний салбаруудруу явдаг.

Эдгээр дээр нэмэгдээд цалин хангамж ерөнхийдөө муу талдаа гэдгийг бодолцоорой! 😀

Энэ бүх эрсдэлүүдийг сайтар бодож цэгнэсний дараа үнэхээр танд одонорон судлалын чиглэлээр судалгаа хийж амьдрах нь таны сонголт хэвээр үлдсэн бол дараах өөрийгөө эртнээс яаж бэлдэх тухай зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Ерөнхий бэлтгэлийн хувьд аль болох эртнээс ахлах сургуулийн үеэсээ ч юм уу бэлдээд эхлэх хэрэгтэй. Докторын зэргийг гадаадад хийх зайлшгүй хэрэгтэй ч, бакалаврын түвшинд заавал ч үгүй гадаадад байх албагүй. Гадагшаагийн тухайд бол докторын зэргээ АНУ, Канад, баруун Европ, Австрали эсвэл Японд хийнэ гэж төлөвлөж байсан нь дээр болвуу. Энэ газруудад л дэлхийн хэмжээний ажил хийгдэж байгаа бөгөөд ялангуяа АНУ-д бусад орнуудыг бүгдээрэнг нь нийлүүлсэнээс ч илүү их хэмжээнд хөрөнгө зарагдаж тэнд л хамгийн сайн сургуулиуд олноороо бий. Мөн эдгээр газруудад хэрвээ та өөрийгөө хангалттай харуулж чадвал зөвхөн одонорон ч биш ер нь аливаа шинжлэх ухааны чиглэлээр суралцахад таны санхүүгийн асуудлыг 100% шийдэж өгөх болно! Бакалаврын түвшинд ийм бүтэн тэтгэлэг олох амаргүй ч докторын сургалтанд бол сайн сургуулиуд тэнцэж орж чадах л юм бол бүгд олгоно. Бакалаврын төвшний сургалтаа та ер нь тоо физик сайн заадаг л бол ер нь хаана ч хийсэн хамаагүй, заавал ч үгүй гадаад байх албагүй. Тухайн тохиолдол бүрт би дэлгэрүүлэн доор бичив.

Ахлах сургуулийн үеийн бэлтгэл

Ахлах сургуулиа төгсөхөөсөө өмнө та өөрийн сонирхолоо зүгээр шохоорхол уу эсвэл яг “хайр”-уу гэдгээ олж ойлгочихсон байх хэрэгтэй. Үнэхээр хайр бол би танд 2 зүйлийг л захья-

  1. Тоо физикийн хичээлдээ гойд анхаарч боломж тань олдвол их сургуулийн эхний жил үзэх сурах бичгийг судалж үз
  2. Гадаад хэл, тэр тусмаа англий хэлийг сайн сур. Яваандаа гадагшаа гарч сурах шаардлага зайлшгүй тулгарах тул энэ нь тоо физикийн адил маш чухал шүү!

Зөвхөн гэрийн даалгавар хичээлийн материалаар өөрийгөө хязгаарлах бус аль болох өөрийгөө хөгжүүлж бие дааж хичээлээс гадуурх хүрээнд (интернэт, өөр сурах бичиг гэх мэт) тоо физикийг сурах нь илүү үр дүнтэй гэж би хувьдаа боддог. Ер нь мэдээж хүн бүрийн юм сурах арга барил өөр, тиймээс танд хамгийн сайн тохирдог арга барилыг ийм эрт үеээс эрж хайж олсон байх нь танд хожим маш их хэрэг болно. Гэхдээ миний бодлоор тоо физикийг яг ойлгож сурна гэдэг нь шар сонингийн нийтлэл унших эсвэл сохроор шүлэг уран зохиол цээжлэхээс тэс өөр асуудал. Уншиж цэгнэсэн зүйлсээ удаан анхааралтай янз янзаар бодож түүнийгээ зөвөөр шингээж боловсруулж өөрийн болгоно гэдэг ер нь тэвчээртэй нягт хөдөлмөрийн л шууд үр дүн байдаг.

Хичээл номондоо шамдахаас гадна зарим сургуулиуд хичээлээс гадуурх янз бүрийн сайн дурын үйл ажиллагаа гэх мэтийн идэвхи санаачлаганд их дуртай байдаг учир чөлөөт цагаараа зүгээр суулгүй жишээ нь, сургуульдаа одонорон сонирхогчидийн клуб эхлүүлэх гэх мэт үйл ажиллагаа явуулж болно.

Энэ үедээ мөн та цаашдаа яах бодолтой байгаагаа бодож явах хэрэгтэй. Эндээс цааш дотооддоо эсвэл гадаадад бакалаврын зэргээ хамгаална. Товчхондоо гадаадад хамгаалвал хаана гэдгээс хамаараад танд илүү боломж бололцоо нээлттэй болж болно, гэхдээ заавал гадаадад бакалавраа сурж байж мэргэжлийн одоноронч болно гэсэн юм байхгүй. Хувь хүн өөрөө үнэхээр хичээвэл монголдоо бакалавраа хийгээд цаашаа гадагшаа явах боломжтой гэж би боддог.

Гадагшаа их сургуульд сурах бол хаана гадагшаа тэтгэлэгт хөтөлбөр боломж бололцоо байна тэр бүгдийг чадах чинээгээрээ судалж үзээрэй. Тэгээд гайгүй сургууль олдвол бүртгэлийн явц нь ямархуу юм байдаг чамаас юу юу шаардахыг нь эртнээс сайн судалж үзсэн байх хэрэгтэй. Ихэнхи Англи хэлээр ярьдаг гадаадын гайгүй сургуулиуд TOEFL болон SAT-ын оноо шаардах тул эдгээртээ мөн бэлдэх хэрэгтэй. Гадаадын ихэнх сургуулиуд бүртгүүлэх үед мэргэжилээ сонгохыг шаардахгүй учир зүгээр тэр бэлтгэлээ сайн базаагаад орох шалгалтуудыг нь сайн өгчихөд л болно.

Харин дотооддоо их сургуульд сурах бол мөн адил зохих шалгалт шүүлгүүдэд нь бэлдэхээс гадна миний мэдэхийн мэргэжилээ өмнө нь сонгочихсон байх хэрэгтэй. Ер нь бол физикээр сурвал их зүгээр, гэхдээ математик, хими, инженер болон геологиор бакалаврын түвшинд сураад цаашаа одоноронлуу орж болно. Хими эсвэл геологи гэж явах гэж байгаа бол тоо физикдээ яг физикийн ангийн нөхдүүдээс дутахааргүй сайн байх ёстой гэдгийг анхаараарай, тэрнээс биш дундаж хими, геологийн оюутны тоо физикийн мэдлэг дутуудна гэж айж байна. Би Монголд яг аль нь сайн муу гэдгийг нь хэлж мэдэхгүй, ер нь тоо физик сайн заадаг аль нэг сургууль л байхад болно. Сонирхож байгаа сургууль дээрээ очоод багш нартай нь өөрөө уулзаж сургалтын чанарыг нь өөрөө судалж үзэх хэрэгтэй.

Бакалаврын зэргийн сургалт

Дээр хэлсэнчлэн тэдгээр тодорхой орнуудын хамгийн сайн сургуулиуд нь гадаад дотоодоор нь ялгалгүй сайн гэдгээ харуулж чадсан оуютан бүрт шинжлэх ухааны чиглэлээр Докторын зэрэгт сурах 100%-ийн тэтгэлэг олгоно. Тиймээс таны бакалаврын 4-5 жилдээ биелүүлэх гол ерөнхий зорилго маань тэдгээр гадаадын тэтгэлэгт сургалтанд тэнцэж орох шаардлагуудыг хангах юм. Одонорон физикээр АНУ-ын сайн сургуулиудад докторын зэргийн програмд нь элсэе гэвэл дараах шаардлагууд тавигдана:

  1. Гол хичээлүүдийн (тоо, физик) дүнгийн голч хамгийн багадаа 3.5 байх
  2. Ерөнхий GRE шалгалтын дүн
  3. Физикийн GRE шалгалтын дүн
  4. Шинжлэх ухааны ажил хийсэн дадлага туршлага
  5. Таныг санал болгосон сайн захианууд
  6. TOEFL

Эдгээрийг товч тайлбарлавал –

(1) мэдээж аль ч хичээлийн дүн бол чухал, сайн сурах хэрэгтэй. Гэхдээ шүүж байгаа хүмүүс таны шинжлэх ухааны бус (ерөнхий боловсролын тоо физиктэй хамаагүй) хичээлүүдийн дүнг огт сонирхохгүй, гол нь яг чухал суур хичээлүүдийн тань дүн сайн байх хэрэгтэй. Зарим тохиолдолд таны гол хичээлүүдийн дүнгийн голч 3.5 хүрэхгүй байлаа ч гол хичээлүүд дээр дүнгүүд нь дандаа өсөж ирсэн бол дуртай байна, харин уруудаж буусан байдалтай байвал дургүй байна. Өөрийн програмаас гадуур эсвэл физикийн мастерын зэргийн хичээлд сууж дүн авсан бол их сайн.

(2) Англи хэл сайтай тэгээд тоо физикээр сурсан хүнд бол энэ шалгалт нь хүүхдийн тоглоом л гэсэн үг. Англи хэлний үг зүй, бичгийн англи хэл болон тоо гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үг зүйн хэсэгт янз бүрийн үгснүүдийн холбоо сүлбээг нь зөв олж хэлэх гэх мэт, бичгийн хэсэгт нь товч эссе бичих харин тооны хэсэгт нь 6-7р ангийн тоо л асууна. Ихэнх Америкийн сургуулиуд энэ шалгалтыг өгөхийг шаардах боловч яг шүүлтийн явцад физик одонорны хувьд үнэндээ ач холбогдол байхгүй. Тоо физикээр сурах гэж байгаа хүн тооны хэсэгт нь бүтэн оноо авахгүй бол гайхна, эсвэл англи хэлний хэсгүүдэд нь гадаад оюутан хэт муу оноо авбал бас гайхна, тиймээс тоог нь бүрэн хийгээд англи хэлний 2ыг нь чадхаараа л хийчихэд ер нь болно. Англи хэлээр ярьдаг гадаад улсад бакалавраа хийвэл энэ шалгалтанд ер нь бэлдээд байх шаардлагагүй.

(3) Энэ шалгалтын дүнг харин тодорхой хэмжээгээр чухалчилж харна. Ерөнхийдөө сонгодог механикаас эхсүүлээд квант болон статистик механик хүртэлх таны суурь физикийн мэдлэгийг шалгана. Бодлогууд нь ихэнхидээ товч бөгөөд бараг минут гаруйхан хугацаанд нэгийг бодох ёстой санаж байна. Энэ шалгалтын дүнг хувийн түвшингээр гаргах бөгөөд жишээ нь таны дүн 50% бол та нийт тэр жилийн шалгалт өгөгчидийн талаас нь илүү байсан гэсэн үг. Сайн сургуульд орох босого оноо нь ерөнхийдөө 90% байна, өөрөөр хэлбэл тантай хамт энэ шалгалтыг өгөх хэдэн 1000 хүнээс та шилдэг 10%-д нь заавал багтах ёстой. Энэ шалгалтанд сайн оноо авахын тулд зөвхөн физикээ сайн мэддэг байгаад зогсохгүй бодлого хурдан бодох зарим арга техникуудыг эзэмших хэрэгтэй. Тиймээс энэ шалгалтанд ер нь аль болох эртнээс бэлдэж эхэлсэн нь дээр.

(4) Таны бүртгэлийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бол энэ. Бакалаврын сургалтын хугацаандаа ямар нэгэн шинжлэх ухааны ажилд оролцож хуримтлуулсан туршлага гэдэг бол хичээлийн танхимаас хэзээ ч олж авахгүй нандин зүйл. Янз янзын хүмүүстэй янз янзын ажил хийж, бүр цаашлаад нээлт хийж мэргэжлийн сэтгүүлд үр дүнгээ хэвлүүлсэн бол маш том нэмэх болно. Шинжлэх ухаанд хүний тэвчээртэй хөдөлмөрч зан чанар маш чухал учир түүнийг таны бүртгэлийн энэ хэсгээс олж харахыг хүснэ. Хэрвээ та нэг ажилаа 4 жил зүтгэсээр байгаад нээлт нийтлэл болгож чадсан байвал, 4 жилийн хугацаанд 10 өөр зүйл 2ын хооронд эхлүүлээд дуусгаагүй нөхөрөөс хамаагүй сайн харагдана.

(5) Бас нэгэн чухал хэсэг. Нэр хүндтэй багш профессорын таныг санал болгосон захиа нь таны шүүлтэнд үлэмж хэмжээгээр тусалж болно. Оюутан бүр 2-3 хүнээс захиа олох ёстой, хамгийн сайн сургуулиудад нэг жилд 1000 гаруй оюутан бүртгүүлэх ба муулсан захиа гэж байхгүй үргэлж л ямар нэг байдлаар магтсан байна. Тэхээр тэр шүүж байгаа улсуудад тэр олон магтсан захиа дундаас үнэхээрийн сондгойрсон цөөн хэд нь л нөлөөлнө. Тийм сайн захиаг хүмүүсээс авахын тулд тэр хүмүүстээ та хичнээн хөдөлмөрч шаргуу цаашдаа итгэл найдварыг нь алдахгүй явж чадах нэгэн болхоо харуулах хэрэгтэй.

Энэ 5 хүчин зүйлийн аль нэг нь бусдаасаа онцгой чухал гэсэн юм ерөнхийдөө байхгүй. Гэхдээ (1) ба (3) нь муу байвал танд маш муугаар нөлөөлнө, харин сайн байлаа гээд тэр нь танд сургуульд орж чадна гэсэн баталгаа болж чадахгүй. Тэхээр энэ эхний 3ыг аль болох сайн л хийх хэрэгтэй. (4) ба (5) нь бусдыгаа бодвол арай илүү хүчирхэг, ер нь энэ сүүлийн 2 дээр анхнаасаа гойд анхаарж байх хэрэгтэй. (1), (2) ба (3) нь үнэхээр сайн хирнээ (4) эсвэл (5) дээр асуудалтай бол ер нь найдваргүй. Тэгсэн мөртлөө (4) ба (5) сайн ч нөгөө 3 нь авах юмгүй бол бас хэцүү. Үнэхээрийн сайн (4) эсвэл (5) нь жаахан тааруу бусад хэсгийн дутагдалыг нь нөхөх тохиолдол бий.

Би өөрийн бодлоороо энэ 5ыг чухалаар нь хувьсчилах юм бол-

  1.  — 15%
  2.  — 5%
  3.  — 15%
  4.  — 40%
  5.  — 25%

Дотоодын их сургуульд суралцаж байгаа бол танд цаашдаа амжилттай гадагшаа гарахын тулд нилээн өндөр шаардлагууд тулгарна. Ялангуяа (4)-ийн шаардлагыг хангах нөхцөл байдал Монголд хүнд байдаг байх. Гэхдээ бууж өгж болохгүй, бүр 1р курсээсээ эхлээд л багш нартайгаа ойр байж амарханаас нь эхлээд өөрийн хөдөлмөрч шаргуу чанараа харуулж чадвал хүн таныг үнэлэх л болно. Таны сонирхолгүй ажил байсан ч тэр шамтралгүй үзээд байх хэрэгтэй. Докторын сургалтын таны бүртгэлд заавал одоноронтой холбоотой судалгаа байх албагүй, гол нь шинжлэх ухааны ажилыг гардаж хийж үзсэн ба ямар нэгэн үр дүнд хүртэл нь зүтгэсэн гэдэг тань л харагдаж байх нь чухал. Хичээлээс гадна оюутны эрдэм шинжилгээний хурал, олимпиад тэмцээн мөн яз бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт боломжоороо өөрийгөө байнга  сорьж байх хэрэгтэй. Хожим нь ингэж өөрийгөө дайчилсаны хэрэг гарж л таарна.

Гадаадын их сургуульд суралцаж байгаа бол танд дотоодод сурж байгаа хүнээс илүү боломж бололцоо олдож мэднэ. Тэр бүрийгээ алдалгүй алт болгох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн мөн өөрийгөө аль болох дайчилж, зөвхөн хичээл дүнгээр хязгаарлагдахгүй аль болох эртнээс судалгааны ажилд оролцох нь маш чухал. Та геологи, хими эсвэл биологиор сурж байгаа бол (3) дээр маш сайн анхаарах хэрэгтэй, түүн дээр муу дүн авбал боломжоо шууд алдана л гэсэн үг.

Тэхээр гадаадад ч бай дотоодод ч бай (4) бол маш чухал. Энэ шаардлагыг биелүүлэх нэг арга зам нь REU юм. Энэ нь Америкийн засгийн газар болон бусад төрийн байгууллагуудаар санхүүждэг, шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй оюутнуудад шинжлэх ухааны ажилын дадлага туршлага олгох үүднээс зун болгон янз янзын их сургуулиуд болон судалгааны институтиуд дээр зохион байгуулдаг програм юм. Хэрвээ та тэнцэх юм бол таны ирэх очих зардалыг төлж мөн тэнд ажилласан зуны хугацаанд цалин өгнө. Аль нэг судлаачийн эсвэл профессорын доор зуны 10 долоо хоног жинхэнэ судалгааны ажил хийхэд оролцоно гэсэн үг. Харамсалтай нь ихэнх ийм програмууд нь шууд Америкийн засгийн газраас санхүүжсэн байх бөгөөд гадаадын иргэншилтэй оюутнуудыг хавьтуулахгүй. Гэхдээ засгийн газраас өөр төрийн байгуулгаар санхүүждэг цөөн ганц хоёр газар гадаад оюутнуудад боломж олгоно. Миний мэдэх нэг газар нь STSci ба би өөрөө тэнд 2009 оны зун ажилласан. Үүнээс өөр гадаад оюутнуудыг авдаг газар байдаг байж магад гэхдээ миний мэдэх ганц нь энэ. Гадаад оюутнуудыг авдаг газар маш цөөн тул гадаадын олон орноос оюутнууд бүртгүүлэх гэж үзнэ, тиймээс өрсөлдөөн их. Тэнцэх шалгуур нь мэдээж таны Англи хэл болон хичээлийн дүн маш сайн байхаас гадна өөрийн хэтийн зорилгыг тодорхойлсон өвөрмөц эссе маягийн юм бичих хэрэгтэй санагдаж байна. STSci-ийн програмын тухай эндээс дэлгэрэнгүй үзнэ үү:

http://www.stsci.edu/institute/smo/students/

Миний бодлоор энэ үедээ анхааралдаа авах бас нэг чухал зүйл нь интернэтэд үнэгүй тавигдсан физик болон математикийн хичээлүүд. Намайг бакалавраа хийж байхад ийм зүйл олон байсангүй харин одоо нэлээд хэд байдаг болж. Ямар ч мундаг лаг оюутан нэг лекцэнд суугад багшийн хэлэх гэсэн гол гол юмыг бүгдийг нь хүлээж авна гэсэн юм байхгүй. Тиймээс л оюутан хүнд янз янзын ном нийтлэлээс бие дааж лавшруулж үзэх хэрэг гардаг. Миний бодлоор ингэж бие дааж өөрөө судлахаас гадна нэг зүйлийг өөр өөр хүмүүсээс сонсох нь маш үр дүнтэй, тиймээс доорх линкууд дээрх хичээлүүдийг зав чөлөөгөөрөө судалж сонирхож байгаарай гэж захиж байна! дотоодод сурж байгаа хүнд бол англи хэлээ сайжруулж бэлдэх алтан боломж л гэсэн үг:

http://ocw.mit.edu/index.htm

http://www.academicearth.org/

http://oyc.yale.edu/

http://www.openculture.com/freeonlinecourses

…….

Докторын Зэргийн Сургалт

Би өөрөө энэ цэг дээр явж байгаа оюутан хүн нээх олон юм юугаа ч хэлхэв. Дээр хэлсэнчлэн өөрийгөө харуулж чадаад энэ түвшинд хүрээд ирчихсэн байхад санхүүгийн бүх асуудлыг тань зохицуулж өгнө. Таны төлбөрийг бүрэн төлөхөөс гадна цалин олгоно. Ерөнхий хөтөлбөр нь эхний 2 жилдээ хичээлүүд авж шалгалтууд өгнө. Хэрвээ бакалаврын төвшиндөө үнэхээр гоц сайн бэлтгэгдээд түүнийгээ харуулж чадвал 1 жил л анги авч хичээл хийнэ. Суурь шалгалтуудыг давсаны дараа өөрийн докторын зэрэг горилох сэдвээ сонгож 3р курсийн төгсгөлөөс өмнө түүнийгээ хамгаална. Үүнээс хойш таны хурдаас шалтгаалан 5дахь, зарим тохиолдолд 9 дөх жилдээ яг докторын зэргээ хамгаална. Америкт дотоодын оюутнууд нь ер нь нилээн назгай талдаа, дундажаар 6.5 жил болж байж докторын зэргээ дуусгадаг байхад гадаад оюутнууд дунджаар 4-5 жил л болдог. Цаашдаа ажилын байранд эдгээр нөхдүүдтэй л өрсөлдөх тул бүхий л талаараа илүү байхыг хичээх хэрэгтэй.

За ер нь би докторын зэргээ өөрөө авчихаад энэ хэсгийг дэлгэрүүлж бичье.

Доктороос Цааш

Дэлхий дээр ердөө л 10,000 гаруйхан мэргэжлийн одонорон судлаачид бий, тэдгээрийн 6000 орчим нь Америкт байдаг. Тухайн жилд гарч ирж буй ажилын местийн тоотой харьцуулхад докторын зэргээ өвөртлөн гарч ирж байгаа оюутнуудын тоо хамаагүй их, дээрээс нь өнөө үед нарийн мэргэжлийн физикчид, хэрэглээний математикчид болон зарим төрлийн инженерүүд хуучин одонорон судлаачидын суудаг байсан местийг олноор нь “эзлэн” авч байна. Тиймээс мэргэжлийн одонорончийн ажилын байрны өрсөлдөөн бол маш ширүүн, энэ олон жил сургуульд шалгагдаж шүүгдэж явсаар докторын зэрэг өвөртөлтлөө тууштай явсан хүмүүсийн 35%-аас бага нь л мэргэжлийн ажил олно, тиймээс анхнаасаа бусдаас илүү байж өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх нь нэн чухал.

Мэргэжлийн ажилдаа орж чадахгүй байлаа гээд бас гутраад байх юм байхгүй, таны энэ сургуульд олж авсан бэлтгэл маш олон чиглэл салбарт ашиглагдаж болно. Инженер болон мэдээллийн технологийн салбараас эхсүүлээд банк санхүүгийн салбарт ч маш амжилттай явж байгаа одоноронч мэргэжилтэй хүмүүс цөөнгүй.

Харин мэргэжлээрээ ажиллах бол ерөнхийдөө 2 зам бий. Нэг нь мэдээж яг одонорон судлалын ажилаа академик талаас нь хийх – энэ замналыг хөөх хүмүүс докторын зэргийн дараах постдок гэх местүүд дээр эхлээд ирнэ. Их сургууль эсвэл судалгааны институтүүдэд байршиж, ихэнхидээ оюутнуудад хичээл заах ямар ч үүрэггүйгээр зөвхөн шинжлэх ухааны ажилдаа гол анхаарлаа хандуулна. Эндээс цааших дараагийн зогсоол нь их сургуулийн профессорын эсвэл судалгааны байгууллагад мэргэжилтэнгийн местүүд учир энэ үедээ л яг өөрийн байрь сууриа олж авдаг. Харин нөгөө замнал нь янз бүрийн технологи үйлдвэрлэлийн чиглэлд шууд бус байдлаар одоноронтой холбоотой судалгаа хийж болно. Жишээ нь батлан хамгаалах, зэвсэгийн технологи гэх мэтийг судалдаг институтэд мэргэжилтэн болохоор болвол, таны хийж байгаа ажил тань яг одоноронг шууд утгаар судлахгүй ч таны судалж байгаа суурь физикийн асуудлууд тань одоноронтой нягт холбоотой зүйлс байж болно. Ийм чиглэлээр гадаадын оюутнууд хүний газар явах нь амаргүй ерөнхийдөө, харин дотоодын оюутнууд нь цалин хангамж сайтайгаар нь энэ замыг сонгох нь элбэг.

Бусад Монгол физикчид

Яг одонорон судлалаар явж байгаа Монголд төрж өссөн хүн гэвэл надаас өөр бараг байхгүй байж мэднэ, яадаг ч байсан би одоо хүртэл тааралдаагүй л байна. Надтай адилхан докторын зэргээ хамгаалах гээд Германд сурдаг нэг залууг мэднэ, гэхдээ тэр бага байхдаа тийшээ гэр бүлээрээ цагаачилсан учир монголоор сайн ярьдаггүй. Гэхдээ цөмийн физик, математик, биологийн чиглэлээр маш амжилттай явж байгаа Монгол хүмүүс зөндөө бий. Тэдгээр хүмүүстэй танилцаж асуултуудаа асууж зөвлөгөө авахыг би хувиасаа зөвлөж байна! Миний энд бичсэнээс илүү сайн тайлбар мэдээлэлийг өгж чадах хүмүүс зөндөө бий. Энэ блогийн “БОЛОВСРОЛ” гэсэн буланд гадаадад шинжлэх ухааны чиглэлээр суралцаж ажилладаг хүмүүсийн холбогдох хаягийг би жагсааж эхэлсэн байгаа.

Зохиогч: universetoday.com

Зохиогч: universetoday.com

Advertisements

15 comments

  1. энэ мэдээлэл заавал одон орон гэлтгүй шинжлэх ухааны чиглэлийн мэргэжил эзэмших хүсэлтэй хүүхдүүдэд сайхан зөвлөгөө байна..

  2. Uneheer saihan zuvulguunuudiig bichjee. Za duu nar mini Tuguldur ahiinhaa zaasan zamaar uragshaa!!!

  3. Амжилт мундаг юм аа 🙂

  4. Энэ зөвөлгөөтэй 100% санал 1!!!!(миний эргэн тойрныхандаа хэлмээр байдаг юмнуудийг маш дэлгэрэнгүй бараг л юг ч орхиогүй бүгдийн хэлсэн байна. Би ч гэсэн энэ чиглэлээр сурдаг оюутаны хувьд яг энийг бичсэн хүнтэй адилхан сэтгэгдэл төрсөн. Надад лав залхаж уйдмаар үе эхний 2 жил гардаг байсан, харин 3 дугаар жилээс хамаагүй дээрдээд, тунаж үлдээд байгаа маань ч өөрт confidence boost болоод л хамаагүй дээрддэг гэхүүдээ. ЛОЛМАО! Ер нь энэ замыг сонгосон хүн тоо, физик, мэргэжлийн программчлал 3 аас салахгүй л гэсэн үг. БООРИНГ. Миний бодлоор астрономи.г 10 жилийн сургалтнаас хассан нь цэвэр улс орноо доош татах хүсэлтэй хүмүүсийн батлуулсан ажил. Энэний уршигийн амссан хүний хувьд хэлэхэд. Ер нь хэдэн хэлтэй бас тэрүүхэн тэндээ физик жоохон гадралчдаг, тэк саввы, math.g Мental Аbuse Тo Human гэж арайч боддоггүй тулдаа л болоод байдаг гэхүүдээ. Би тэхдээ энэ мэргэжлээрээ докторт сурахгүй гэж бодож байгаа(мэдээж үнэхээр сайхан мэргэжил ч гэсэн яривал лооонг стори) нас ч бага, тэгээд эмэгтэй xүний хувьд адаглаад ингээд эрдэм номын зам хөөчихлээр нөхөр олдох ч хэцүү болно нээрээ шүү би нилээн их хүмүүс дээр харсан, за тэхдээ сурлаа гэхэд би geophysics д илүү хайртай тэгээд ч нилээн сонирхолтой, (career.н хувьд ч black and white биш илүү унивэрсалны күүл ккк) учраас энүүгээр л гүнзгийрий гэж бодоод байгаа (Mиний хувь хүний бодол шүү no offence :D) Бас би энийг уншаад таниар маш их бахархаж байна. Би гэж нэг юм олон юмлуу савчих дуртай дэмий сэргэлэн стийлийн хүн болохоор тань шиг мундаг байхад миний тэвчээр яагаад ч хүрэхгүй кк, манай хэдэн хорон үгтэй профэссорүүд хүртэл намайг шоолоод байдаг юм чамд астрономич болох нилээн зохихгүйэ, ёоонг лэйдий гэж ирээл хмм whatever i know who i am what i am lol. ANYWAYS Mэдлэгийн төлөө өөрийгөө золиосолсон( лааг сүртэй юу, өөр арай зөөлнөөр юүгмээрч юм) мундаг хүмүүсийн төлөө CHEEERS!!!!! Эх орондоо чадах бүх юмаа харамлахгүй хийж өгнө, ялангуяа сүүлийн үед юу хийх талаар план A-Z хүртэл орж ирээд байгаа ❤ MONGOLIA LUMU!!!!

    1. сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа, аль сургуульд сурч байгаа вэ өөрөө?

  5. ali bagaasaa l odon oron sonirhoj irsen. odon oronch bolno gej muruuddug blaa. “All about Telescopes” gedeg nom bsan. tvvnees harj bgaad neg jijigheen duran hiij vzej blaa. sain togtooj harwal sarnii crater -uud haragddag l bsan yum daa hehe. 10 n jild bhad hvmvvs sar yagaad uur uur gazar garaad bdag yum bol gej olon hvn nadaas asuudag bj bil ee. odoo harin odon oronch bish programmist bolson doo. ene taliin mergejilten boloh ch mongold bvrheg bsan daa. gehdee IT uuruu shinjleh uhaanii negeehen heseg uchir bi programmist mergejildee hairtai bas odon oron doo ch sonirholtoi heweeree…

  6. Д.Батаа · · Хариулах

    Энэ бол залуу хүмүүс болон хүүхдүүдэд маш хэрэгтэй,сургамжтай нийтлэл байна. Энэ залууд монголынхоо нэрийг дэлхийд гаргасан сайн эрдэмтэн болоорой гэж ерөөе. Би хувьдаа зүгээр л одон орон гэдэг юу юм бол? яаж оршин тогтож байдаг, амьдралтай гариг ертөнц манай дэлхийгээс өөр байдаг болов уу гэх мэт хүн гайхаж сонирхдог хэмжээнд

  7. Д.Батаа · · Хариулах

    сонирхож янз бүрийн сонин бодитой мэдээлэл уншихыг хүсч байдаг билээ. Иймд энэ талаар улам их мэдээ, мэдээлэл бичиж байхыг хүсье

  8. чин сэтгэлийн үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа дараагийн нийтлэлийг чинь уншина

  9. sain bichjee, gehdee suuld n yagaad “Яг одонорон судлалаар явж байгаа Монголд төрж өссөн хүн гэвэл надаас өөр бараг байхгүй байж мэднэ, яадаг ч байсан би одоо хүртэл тааралдаагүй л байна” gj bga n ih sonin sanagdlaa, Odon oron geophysic-n tuv gej buhel buten baiguullaga bna shdee, orosod surguuli tugsuj doktor hamgaalsan humuus bgaa, uuriiguu gants gej helj arai bolohgui ee

    1. сурж байгаа гэдгийг та буруу ойлгосон бололтой. Надаас ѳѳр гадаадад энэ чиглэлээр докторын зэргийн түвшинд ажиллаж сурж байгаа хүнийг би мэдэхгүй.

      Нѳгѳѳ талаас монголд хэдэн хүн байгаа нь үнэн, би ихэнхийг нь мэднэ. Гэвч тэдэн дунд миний мэдэхийн гол сэтгүүлүүдэд нийтлэл гаргадаг хүн нэг ч байхгүй. Би буруу ярьж байвал засаарай.

  10. odon orongor gantsaaraa yavj bgaa chin yu l bol. odon oron geofizukiin sudalgani tuv olon jil ene chigleleer uil ajillagaa yavulj bna. iim hudla yum bichij bas bolohgui l dee. ongorson ond olon ulsin odon oron sudlaliin olimpiadad hurtel huuhdud belduuleed yavulsanig yu gehev esvel chi beldsen gehuu ter huuhduudiig

    1. миний дээрх хариултыг үзээрэй.

      Бас олимпиадад хүүхэд бэлдүүлж оролцох, мэргэжлийн судалгааны ажил хийх 2 чинь ѳдѳр шѳнѳ шиг 2 ѳѳр зүйл юм шүү.

  11. Ene unheer saihan zuvulguu bolson bna. Ireeduin odon oronchid uuniig unshaad unheer hairuu shohoorholuu gedegee ylgaj chadaj baij surah n iluu uurt ur duntei.

  12. Тун сайн зөвлөмж байна!

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: