Хаягаа харь гаригийнханд юу гэж хэлэх вэ?

Саяхан блогийн уншигч Амартөвшин доорх асуултыг асуусан юм –

“Пулсаруудыг ашиглан сансарын зураг хийж болох талаар сонсож байсан юм байна. Үнэхээр тэдгээр пулсарууд нэг нэгнээсээ өөр хэмнэлээр эргэдэг юм уу?”

Амартөвшин яг ямар зургийг пулсаруудаар бүтээх тухай тодорхой хэлээгүй учираас би асуултыг нь буруу ойлгоод өөр юм бичээд байж мэднэ, тийм бол энэ нийтлэлийн доор сэтгэгдэл үлдээгээд асуултаа лавшруулаарай.

Пулсар гэж юу вэ гэдгийн талаар бодхын өмнө хэрвээ нэг өдөр харь гаригийнхантай холбогдохоор болвол хүмүүс бид нарны аймгийн байршилыг хэрхэн хэлж өгөх вэ гэдгийг бодоод үзээрэй. Манай сүүн зам галактик хэдэн зуун тэрбум одтой, тэдгээр нь дор дорноо хувьсаж өөрчлөгдөхийн сацуугаар сүүн замын төвийг тойрон эргэж оршино. Манай нар сүүн замын төвөөс ойролцоогоор 27,000 гэрлийн жилийн зайд түүнийг 250 сая жил тутам тойрж эргэдэг гойж гоцгоорох юмгүй жирийн л нэг од нь. Тиймээс манай галактикийн өөр хаа нэгтээ оршдог өндөр хөгжилтэй харийн соёл иргэншилд “хүмүүс бид энд байдаг юм шүү” гэж зааж хэлэх нь хүнд асуудал юм.

Ертөнц яг хир том, дотор нь хичнээн одод мөн тэдгээрийг тойрсон гаригууд байдгийн тухай бид нар хараахан сайн мэдэхгүй одоогоор. Гэхдээ бидний ажиглаж хэмжсэнээр бол дэлхий дээрх бүх элсний ширхэгүүдээс ч олон одод бий гэдгийг бол тодорхой мэднэ. Ийм их одод дунд манай нар шиг оддыг нь тойрсон дэлхийтэй төстэй гаригууд дээр нь бидний мэддэг эсвэл мэдэдгүй огт өөр амьдралын төрөл хувьсаж хөгжсөөр хүмүүс шиг ертөнцийг судалж ойлгохыг хичээж, өөр хаа нэгтээ амьдрал байдаг болвуу гээд сууж байдаг байхыг үгүйсгэх нь тун хэцүү юм. НАСА-ийн КЕПЛЕР сансарын дурангийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай галактикт л гэхэд дэлхий шиг гариг хэдэн тэрбумаараа оршдог байх өндөр магадлалтайг тодорхой харуулаад байна.

Энэ үүднээс хүмүүс бид эртнээс харь гаригийнхантай хэрхэн холбоо тогтоох талаар бодсоор ирсэн. Харь гаригийнханаас дэлхийрүү чиглүүлсэн дохио байдаг эсэхийг бүр 1960-аад оноос хойш судлаачид судалсаар ирсэн билээ. Ихэнхидээ радио болон оптик гэрлийн мужуудад хайлт хийдэг бөгөөд, 1977 оны үл ойлгогдох нэгэн сигналыг эс тооцвол одоог хүртэл юуг ч тодорхой илрүүлээгүй байна. Ийм судалгаа хийдэг хамгийн алдартай байгууллага нь SETI билээ.

Нөгөө нэг хэсэг хүмүүс нь болхоор зүгээр сонсоод суух биш, бид нар өөрсдөө сигнал дохиог гадагшаа цацах хэрэгтэй гэж үзээд 70-аад оноос хойш саяхан хүртэл дэлхий дээрх том том радио дурангуудаар янз янзын дохиог бидэнтэй харьцангуй ойр орших нартай төстэй одод болон маш олон тооны оддыг агуулах оддын бөөгнөрөлүүдрүү илгээсэн юм. Мөн сансарлуу судалгаа хийх гэж илгээсэг хэдэн (манай нарны аймгаас яваандаа гарахаар зохиогдсон хөлгүүдэд) хөлгүүд дээр хүмүүсийн тухай янз янзын мэдээллэл агуулсан зүйлсийг явуулсаар ирсэн.

Сансарын хөлөгт хадаж явуулсан хамгийн анхны хадмалыг НАСА-ийн Pioneer 10 хөлөг дээр хадсан бөгөөд түүний антены доор нь доорх зурган дээрх дүрсийг алтадсан хөнгөн цагаан хавтан дээр сийлж явуулсан юм:

Pioneer 10 хөлөг дээр хадаж явуулсан хүмүүс болон манай нарны аймгийн тухай хадмал. Зохиогч: Вики

Pioneer 10 хөлөг дээр хадаж явуулсан хүмүүс болон манай нарны аймгийн тухай хадмал. Зохиогч: Вики

Баруун хэсэгт нь Pioneer 10 хөлгийн хэмжээтэй харьцангуй хүний хэмжээг дүрслэх гээд эрэгтэй эмэгтэй 2 нүцгэн хүний дүрс, мөн доор нь манай нарны аймаг, түүний 3 дахь гариг дэлхийгээс тус хөлөг нь гаригуудтай харьцангуй аль зүгт хөөрсөнийг дүрсэлсэн байна. Харин сийлбэрийн зүүн дээд болон зүүн талд орших дүрсүүд нь манай нарны аймгийн сүүн зам дахь байршилыг нь илтгэх санаатай зохиогдсон юм. Яаж манай байршилыг илтгэж байгааг тайлбарлахын өмнө, пулсарын тухай энгийн үгээр жаахан тайлбарлая.

Pioneer 10 хөлгийн антен доор нь. Зохиогч: Вики

Pioneer 10 хөлгийн антен доор нь. Зохиогч: Вики

Манай ертөнцөд янз янзын одод хэрхэн хувьсаж  амьдардаг талаар урьд нь би зөндөө бичиж байсан билээ. Ертөнцийн ихэнх одод нь манай нартай ойролцоо жижиг хэмжээтэй бөгөөд олон тэрбум жил амьдарсаар сүүлдээ цагаан одой од болж дуусдаг бол, тоогоор маш цөөн манай нарнаас хамаагүй том одод нь хэдхэн сая жилийн дотор бүх түлшээ барж дуусаад хэт шинэ одны дэлбэрэлтийг бий болгосны дараа олон нь нейтронон од эсвэл хар нүх болж дуусдаг. Нейтронон од нь тэдгээр шатаах түлшгүй болсон аврага оддын цөмийн агшилтаар үүснэ, тиймээс өнцгийн момент хэмээх зүйл хадгалагдах хуулийн дагуу удаан эргэж байсан маш том зүйл жижиг хэмжээтэй болход эргэлтийн хурд нь ихсэх тул, аврага одны нар шиг хэмжээтэй том цөм нь дундаж хотын хэмжээтэй болж агшихад түүний эргэлт нь асар их хурдан болно – нэг секундэд хэдэн 100-аас хэдэн 1000 удаа эргэнэ! (манай нар шиг том зүйл дэлхий дээрх хот шиг болж агшхад мэдээж нягт нь асар их болно. Нейтронон одны нэг халбага материал нь дэлхий дээрх Эверест уул шиг их масстай байна!)

Нэр нь нейтрон гэж байгаа ч нейтронон од нь тэр чигтээ саармаг нейтроноос тогтохгүй, түүн дотор цэнэгтэй бөөмс (протон, электрон) зөндөө бий. Аливаа цэнэтэй зүйл нь цахилгаан оронтой байх ба энэ орон нь хөдөлж буюу өөрчлөгдөж байгаа үед соронзон оронг бий болгоно. Тиймээс энэ асар хурдан эргэж байгаа цэнэгтэй биет нь цахилгаан соронзон цацаргалт хийх буюу гэрэлийг радио долгионы мужид хоёр туйлиасаа цацруулна. Гэрэл цацруулж буй соронзон орны тэнхлэг болон эргэлтийн тэнхлэг нь зөрдөг учираас нейтронон од нь эргэх явцдаа 2 туйлиасаа конус хэлбэрээр гэрлээ цацруулна гэсэн үг.

Нейтронон од эргэх явцад соронзон туйлаас нь цацрах радио гэрэл нь эргэлтийн тэнхлэг дээр нь суурилсан конус хэлбэрийг үүсгэнэ. Зохиогч: Вики

Нейтронон од эргэх явцад соронзон туйлаас нь цацрах радио гэрэл нь эргэлтийн тэнхлэг дээр нь суурилсан конус хэлбэрээр цацрана. Зохиогч: Вики

Дэлхийрүү чиглэсэн цацаргалттай нейтронон оддыг л бид пулсар гэж нэрлээд байгаа юм. Ийм одны гэрлийг бид хэмжхэд мэдээж нейтронон одны эргэлт бүрт нэг удаа гэрэл бүртгэгдэнэ. Нейтронон оддыг үүсгэх масс ихтэй аврага одод нь тун цөөн дээрээс нь нейтронон одны эргэлтийн үе нь маш тогтмол (зарим нейтронон одны эргэлтийн тогтмол шинж чанарыг ашиглаад атомын цагнаас илүү өндөр нарийвчлалтай цаг бүтээх гэж ажилдаг хүмүүс бий) учираас эдгээр оддыг ашиглаж галактик доторх байршилыг илэрхийлэх нь оновчтой зүйл юм.

Pioneer 10 хөлгийн хадмал дээрх цацарсан шулуунуудын дүрс нь 1972 онд бидний мэддэг байсан 14 пулсарыг дүрсэлж буй юм. Шулуунуудын харьцангуй урт нь нарнаас тэдгээр одод хүртэлх харьцангуй зайг илэрхийлнэ. Харин шулуунууд дээрх жижиг тэмдэгүүд нь 2-тын тооллын системээр тэдгээр пулсаруудын эргэлтийн үеийг илэрхийлсэн байдал юм. Мэдээж харь гаригийнхан секунд, минут гэж ойлгохгүй, тиймээс эргэлтийн үеийг нь ертөнцөд байдаг хамгийн нийтлэг элемент болох устөрөгчөөс ялгардаг нэгэн өвөрмөц цацаргалтын нэгжээр илэрхийлсэн байгаа. Тэр устөрөгчийн цацаргалтыг энэ цацарсан шулуунуудын дээрх 2 бөөрөнхий нь дүрсэлж байгаа юм. Яг ямар учиртай цацаргалт вэ гэдэг дээр толгойгоо гашилгах хэрэггүй (хүсвэл би дараа нь өөр нийтлэлээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгье), ерөнхийдөө устөрөгчийн атомын электроны спин хэмээх зүйл нь өөрчлөгдөхөд ялгардаг 21см-ийн долгионы урттай цахилгаан соронзон долгионыг л хэлээд байгаа юм.

Тэхээр харь гаригийн “хүмүүс” тэрхүү хадмалыг олвол манай сүүн зам галактикийн пулсаруудыг судлаад хадмал дээр заагдсан эргэлтийн үеүүдтэй 14 пулсаруудыг олох хэрэгтэй. Тэдгээр пулсаруудын гэрэл цацаргах конусууд нь бүгдээрээ нэг цэг дээр огтлолцох бөгөөд тэрхүү цэгийн ойролцоо манай нарны аймаг оршино.

Дашрамд Pioneer 10 хөлөг нь одоогийн байдлаар дэлхийтэй холбоо тасарсан бөгөөд нарнаас 100 оон (оон=одонорны нэгж нь дэлхийгээс нар хүртэлх зай буюу 150 сая км) зайд 12км/с-ийн хурдтайгаар явж буй. Манай нартай хамгийн ойр орших од нь нарнаас 270,000 оон зайд оршино. Тус хөлөг нь үхрийн гялаан хэмээх биднээс 68 гэрлийн жилийн цаана оршдог одруу чиглэж байгаа бөгөөд 2 сая жил явж байж тэр одруу дөхөж очино. НАСА-ийн 1977 онд хөөргөсөн Voyager 1 болон 2 хөлгүүдийг энэ жил нарны аймгаас гарсаныг зарласан ба энэ 2 нь хүн төрлөхтөний бүтээсэн хамгийн хол орших роботууд юм. Ер нь бол хүний хийсэн хөлөг өөр одон дээр очих бол хаа ч байсан болоогүй зүйл, дээрээс нь түүн дээрх сийлбэр энэ тэрийг нь харь гаригийн “хүн” олж авна гэдэг бол бүр ч утгагүй асуудал. Ер нь иймэрхүү зүйлс нь зүгээр л хэлбэрийн төдий болхоос биш харь гаригийн харилцаа холбоог судлахад бидний технологи арай л балчирдаж байна одоохондоо.

Энэ нийтлэлээр пулсаруудыг ашиглаад яаж сүүн зам доторх нарны аймгийн “газрын зургийг” дүрсэлдэг вэ гэдгийг л тайлбарлахыг уг нь зорьсон ч харь гаригийнхан энэ тэр гээд илүү дутуу юмруу хазайсаар жаахан замбараагүй болчихлоо. Аль нэг зүйл нь ойлгомжгүй эсвэл илүү дэлгэрүүлж мэдмээр байвал сэтгэгдэл үлдээгээрэй!

Advertisements

5 comments

  1. bayarlalaa. uneheer saihan delgerengui hariult bailaa. Nemj asuuhad, supernova delberelt ni tuunii tsomd tomoriin moleculuud uussenees bolj secondiig hed huvaasnii daitai hurdan delberdeg gej baigaa tee? Odoogoor manai narnii aimagtai hamgiin oir baigaa super giant od boloh Bittlejuice hervee supernova delberelt boloh um bol ene od ni pulsar bolj uldeh uu? ali esvel magnetari um uu black hole boloh bolov u? deerees ni enehuu delbereltees bolj manai garig deer sorog zuil tohioldoh uu? such as gamma burst or something else?

    1. сүпернова буюу монголоор хэт шинэ одны дэлбэрэлт нь 2 янзаар явагдаж болдгийг бид мэднэ. Нэг нь чиний хэлж байгаачлан шатаах түлшгүй болсон аврага одны цөм нь (төмөр болон бусад хүнд элэментүүдээс тогтно) гэнэт огцом агшиж\нурж маш их хэмжээний таталцалын потенциал энерги ялгаруулаад хүчтэй дэлбэрэлт үүсгэж болно. Нөгөө нэг арга зам нь цөмийн урвал явагдадгүй цагаан одой од (маш өндөр нягттай мөн degenerate) өөр нэгэн одноос матери сорж өөрийн массаа хангалттай их болгомогц түүн дотор цөмийн урвал тогтоохийн аргагүй байдлаар хүчтэй явагдаж эх одоо тэр чигт нь дэлбэлнэ. Өөр өөр төрлийн одод ийм 2 замаар дэлбэрсэн гэх загварууд нь бидний ажиглаж байгаа бүх хэт-шинэ одны ажиглалтуудыг бүрэн тайлбарладаг. Яг дэлбэрэлтийн үеийн зарим процессыг эс тооцвол энэ үзэгдэл нь харьцангуй сайн ойлгогдчихсон зүйл, би өөрөө тэдгээр дэлбэрэлтийн нарийн процессуудыг судалдаг.

      Манай нарны аймагтай хамгийн ойр орших аврага улаан одыг Betelgeuse буюу монголоор маралын гялаан гэнэ. Аливаа аврага том хэмжээтэй од яаж үхэх нь ер нь түүний масс-аас шууд шалтгаална, гэвч маралын гялааны хувьд массыг нь яг таг сайн мэдэхгүй хэвээрэй байна, ерөнхийдөө манай нарнаас дор хаяж 10 дахин их гэдгийг л тодорхой мэдэж байгаа, нийт масс нь нарнаас 20 гаруй дахин их ч байж болно. Ер нь бол нейтронон од эсвэл хар нүх л түүнийг дэлбэрсэний дараа үлдэнэ, яг аль нь вэ гэдэг нь олон маш тодорхойгүй байгаа хүчин зүйлүүдээс хамаарна, гэхдээ ихэнх судлаачид нейтронон од үлдэнэ гэдэг дээр санал нэгддэг. Маралын гялааны эргэлтйин тэнхлэг нь дэлхийрүү чиглээгүй байдаг учираас дэлхийрүү гамма туяаны хүчтэй цацаргалт ирнэ гэх юм байхгүй. Бидэнд пулсар байдлаар харагдах уу гэдэг нь түүний соронзон орны тэнхлэгийн хазайлтаас хамаарна, яг яаж хэдэн градусаар эргэлтийн тэнхлэгээсээ хазайхыг нь бид урьдчилан нарийн тооцоолж чадахгүй. Харин дэлбэрэлтийн гэрэл нь дэлхий дээр ирэх үед маш тод харагдана, шөнө сарнаас ч тод байх ба өдөр ч гэсэн харагдах болно.

  2. oo neeree omnoh asuultiin tuhaid, hun turulhtun ireeduid sansariin aylal hiihdee geree ergej oloh uudnees ch umuu ali esvel galaxy-iinhee haana yvj bgaag todoruulah zorilgoor tiim neg sansariin map hiij boloh talaar l asuusiin. besides, what is your favorite movies about universe or alliens? Here is my list. I addicted those movies “Contact”, “Armageddon”, “Independence day”,”Avatar”, “How the universe works 8 episodes”, “The universe 64 episodes”. Fun is it?

    1. тэгвэл чиний асуултыг зөвөөр ойлгож хариулсан байна. Дээрх нийтлэлд дүрсэлсэн байдлаар пулсаруудыг ашиглаад сансарын “gps” зохиож болно мэдээж.

  3. demii baaxan neteer tenej yavaad ene site-g olloo (site gedeg ni uu blog gedeg ni uu 🙂 ene talaar medleg muu muu za ene ch yaaxav) yu xelex gesiin bee gexeer: Mongold mini astranomiin iim saixan medlegtei xun baij iim medeelluudiig turulx xel deer mini buulgaj taniulj meduulj bgaad BAYARLALAA gex gesiin Xuselt bnaa:-) yu ve gexeer xari xelnees mongol xel ruu orchuulsan ugnuudee ingej xaragduulj bgaach gex gesiin Jisheelbel: Pulsar ( Nissan-nii jijig suudliin tereg 🙂 ) ingevel bi bas shine ug xadmal orchuulgiig ni medej avaad bx yum bna Za amjilt amjilt amjilt…. :-)))

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: