Диск хайчив???

Таны орж үйлчлүүлэх дуртай дэлгүүр эсвэл цайны газар нэг өдөр гэнэт алга болчихсон байвал танд ямар санагдах вэ? яг тийм сэтгэгдэл олон одонорончдын дунд саяхан бий болж, судлаачид мэл гайхширсан байдалтай байна.

TYC 8241 2652 -ийг тойрсон диск алга болсон нь. Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

TYC 8241 2652 -ийг тойрсон диск алга болсон нь. Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

Бидэнтэй харьцангуй ойр оршдог бөгөөд манай нарны бага насыг дүрслэхүйц TYC 8241 2652 хэмээх нэгэн одыг хэдхэн жилийн өмнө ажиглахад түүнийг маш их хэмжээний тоос болон хад чулуунаас бүрэлдэх аврага том диск хүрээлэн буй нь тогтоогдоод байсан юм. Манай нарны аймгийн биетүүд ч гэсэн олон тэрбум жилийн өмнө нарыг тойрсон ийм аврага том дискний хувьсалаас үүсэлтэй гэж үздэг тул, тэр үед одонорончид тус одыг тойрсон гаригууд болон бусад биетүүдийн систем яг ид дундаа бий болж байна гэж ойлгож байв. Гэтэл саяхны хийсэн хэмжилтээр тэрхүү чулуун гариг шиг биетүүдийн мөргөлдөөнөөс үүдэлтэй хэмээн үзэгдэж байсан аврага том халуун диск байгаа гэх ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй, тиймээс олон судлаачид яаж ийм хурдан хугацаанд тийм том хэмжээтэй диск алга болсоныг ойлгож чадахгүй гайхширч сууна.

Сан Диего дахь Калифорнийн Их Сургуулийн судлаач Карл Мелисийн удирдсан баг тус нээлтийг хийсэн бөгөөд энэ сарын 5-нд хэвлэгдсэн Nature сэтгүүлийн дугаарт нийтлэлээ бичжээ. Тэрээр нийтлэлдээ энэ үзэгдэл нь “одоо та харж байна, харин одоо та харахгүй байна” гэсэн сонгодог илбэ шиг л сонин зүйл болоод байна хэмээн тэмдэглэсэн байна.

-ийг тойрсон тоос болон хад чулуулгаас тогсон диск нь хэдхэн жилийн өмнөх ажиглалтууд дээр бүгдээрэнд нь илэрж байсаныг хиймэлээр дүрсэлж байгаа нь. Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

TYC 8241 2652-ийг тойрсон тоос болон хад чулуулгаас тогсон диск нь хэдхэн жилийн өмнөх ажиглалтууд дээр бүгдээрэнд нь илэрж байсаныг хиймэлээр дүрсэлж байгаа нь. Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

Арай жаахан өөр байдлаар харьцуулж дүрсэлбэл, та бүгд манай нарны аймгийн санчир гариг өөрийгөө тойруулсан маш их хэмжээний тоосонцороос бүрдсэн бүслүүртэй гэдгийг сайн мэднэ. Нэг удаа ажиглахад бүслүүр нь байж байсан мөртлөө 2 жилийн дараа ахиад ажиглатал бүслүүр нь байхгүй болсонтой л ойролцоо утгатай зүйлийг энд хэлээд байгаа юм.

Энэ алга болчихсон диск нь хэмжээгээрээ манай нарны аймгийн дотоод хэсгийг (ангараг гаригийн тойрог зам хүртэлх орон зай) бүрхэх хэмжээний эзэлхүүнтэй байсан бөгөөд түүнийг анх 1983 онд инфра-улаан туяаны IRAS хиймэл дагуулаар олж нээж байв. Тэр үеээс хойш 25 жилийн турш хийгдсэн ажиглалтууд дээр тэрхүү диск бахь байдгаараа л байж байсан юм. Манай дэлхий нарнаас ирэх гэрлийг шингээж, эргээд сансарлуу инфра-улаан туяаны мужид цацаргалт хийдгийн адилаар, ийм залуу оддыг тойрон орших диск нь эх одныхоо гэрлийг өөртөө шингээж эргээд сансарлуу мөн инфра-улаан туяаны цацаргалт хийнэ. Харин энэ оны 5-р сарын 1-нд Чили улс дахь Gemini дурангаар хийгдсэн хэмжилт нь тус диск нь алга болоод дор хаяж 2.5 жил болж байгааг тодорхой харуулаад байгаа юм.

Сүүлд хийгдсэн хэмжилтүүд нь энэ одыг тойрсон тоосонцор болон хад чулуулгийн дискийн ихэнх хэсэг нь байхгүй болсоныг харуулж байгаа.

Сүүлд хийгдсэн хэмжилтүүд нь энэ одыг тойрсон тоосонцор болон хад чулуулгийн дискийн ихэнх хэсэг нь байхгүй болсоныг харуулж байгаа. Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

Ийм зүйл урьд өмнө нь ажиглагдаж байгаагүй дээрээс онолын судалгаа хийдэг хүмүүс ийм зүйл болохыг урьчилан тооцоолж байгаагүй учираас судлаачид яг одоогийн байдлаар яагаад ийм зүйл болсоныг шууд тайлбарлаж чадахгүй байна. Тухайн одны гадрага дээр хүчтэй дэлбэрэлт явагдсан ч гэдэг юм уу тийм өөрийн тойрон буй дискийг тэр чигт нь сансарлуу цацчих хэмжээний хүчтэй үзэгдэл тус одон дээр явагдсан гэх ямар ч үндэслэл баримт байхгүй байгаа учир энэ алга болсон үзэгдэл нь эх одтойгоо ямар ч хамааралгүй ч байж мэдэх юм.

Зарим онолын судалгаа хийдэг хүмүүс ийм хурдан байдлаар одыг тойрсон диск алга болохыг урьд нь бодож үзээгүй болхоороо энэ шинээр хийгдсэн хэмжилт нь буруу алдаатай байсан байх гэж таамаглаж байв. Гэвч ажиглалт хийсэн судлаачид өөрсдийн арга барилаа ахин дахин нягталж мөн ахиж шинээр ажиглалтуудыг хийхэд үнэхээр диск байхгүй болсон байлаа.

Одыг тойрсон диск хэрхэн хувьсаж өөрчлөгдөдгийн талаарх өнөөдрийн бидний ойлголтоор ийм диск нь хэдэн сая жилийн хугацаанлд аажимдаа хувьсаж алга болдог учир 2.5 жилийн дотор алга болсон энэ үзэгдэлийг тайлбарлаж чадахгүй байгаа нь мэдээж онолоо сайжруулж шинэчлэхийг дохиолж байна.  Иймэрхүү үзэгдэлийг тодорхой хэмжээнд тайлбарлах хэд хэдэн механизмууд уг нь байгаа, жишээ нь диск доторх хатуу чулуун том биетүүдийн мөргөлдөөн нь шинэ хий болон тоосонцорын эх одруу чиглэсэн хүчтэй урсгалыг бий болгох замаар дискийг тэр чигт нь эх одонд залгиулах үүдийг нээж өгөх боломжтой. Энэ мэтийн боломжит загварууд байгаа хэдий ч аль нь ч TYC 8241 2652 дээр ажиглагдсан бүх хэмжилтүүдийг нэгэн зэрэг тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

Бага гаригийн бүс, Койперын бүс гэх мэт тоосонцор болон хад чулуулгаар баялаг жижиг дискүүд манай нарны аймагт бий бөгөөд тэдгээрийг манай нарны аймаг үүссэн анхны аврага том дискний үлдэгдэл хэмээн үздэг. Бараг 30 жилийн өмнөөс эхлэн НАСА-ийн инфра-улаан туяаны IRAS хиймэл дагуул нь янз янзын том жижиг хэмжээтэй дискнүүд бусад оддыг тойрон оршиж байгааг илрүүлсээр ирсэн бөгөөд одоогоор манай нарнаас гадна 100 гаруй одод өөрсдийг нь тойрсон дискийг илэрхийлэх илүүдэл (өөрийн суурь спектрийн континуумаас гадна буюу өөрийн суурь нийт гэрлээс гадна) инфра-улаан туяаны цацаргалттай гэдгийг бид мэднэ.

Энэ нээлтийг хийхэд Чили улсад орших өмнөд Gemini дурангийн Thermal-Region Camera хэмээх спектрограф (гэрлийг задалж шинжилдэг багаж гэж ойлгож болно), НАСА-ийн IRAS болон WISE хэмээх инфра-улаан туяаны хиймэл дагуулууд, АНУ-ын Хавай мужийн Мауна Кеа оргил дээрх НАСА-ийн инра-улаан туяаны дуран, Европын сансар судлалын агентлагийн Хершел сансарын дуран мөн Японы сансар судлалын агентлагийн AKIRA сансарын дурангийн хэмжилтүүдийг ашигласан байна.

TYC 8241 2652 нь нумын одны ордны зүгт байрладаг бөгөөд Австралийн судлаачидын тооцоолсоноор 10 гаруй сая жилийн настай (манай нар ойролцоогоор 5 тэрбум жилийн настай билээ) бөгөөд биднээс 450 гаруй гэрлийн жилийн зайд оршдог аж.

Advertisements

One comment

  1. Hachirhaltai l yum. Ene talaar shine yum olj medvel urgeljluulen bicheerei

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: