Сэнтинел – аюул болон ашигийн төлөө

Нарны аймгийн дотоод хэсэгт юу юу байдаг вэ? Мэдээж манай нар, түүнийг тойрон эргэх дотоод гаригуудыг (Буд, Сугар, Дэлхий болон Ангараг) л ерөнхийд нь “дотоод нарны аймаг” хэмээн сурах бичгүүдэд заадаг байсан. Арай сүүлийн үеийн сурах бичиг нь Ангараг болон Бархасбадь гаригуудын хооронд нарыг тойрон орших түм буман бага гаригуудыг мөн дотоод хэсэгт хамруулан тайлбарладаг. Гэвч эдгээрээс гадна уул шиг том хэмжээтэйгээс орон сууцны байшин шиг хэмжээтэй хэдэн зуун мянган биетүүд нарны аймгийн дотоод хэсэгт гариг хоорондын орчинд нарыг тойрон оршино. Эдгээрийн зөндөө олон нь дэлхийн тойрог замтай тун ойролцоо тойрог замаар нарыг тойрох бөгөөд ийм биетүүдийг дэлхий орчмын бага гаригууд гэнэ. Эдгээр дэлхий орчмын биетүүд нь нэг талаас дэлхийг мөргөж хүмүүст аюул заналхийлэх боломжтой бөгөөд нөгөө талаас алсын ирээдүйд хүмүүс ашигт малтлмалын зорилгоор ч ашиглах бололцоотой юм. Тиймээс ирээдүйд ирж буй мөргөлдөх аюуолаас өөрсдийгөө хамгаалья гэж бодсон ч тэр, эсвэл ирээдүйд малтлага хийж сансарын уул уурхайг эхлүүлье гэж бодсон ч тэр эдгээр биетүүдийг сайн судалж ойлгох нь хамгийн эхний том алхам юм.

Нарны аймгийн дотоод хэсэг - хатуу гаригууд болон гол бага гаригийн бүс. Зохиогч: Planetary Resources

Нарны аймгийн дотоод хэсэг – хатуу гаригууд болон гол бага гаригийн бүс. Зохиогч: Planetary Resources

Энэ хоёр зорилгын хүрээнд ашигийн бус В612 хэмээх америкийн төрийн бус байгууллага нь 2017-2018 оны хавьцаа сансарт “сентинел” хэмээх дуранг хөөргөж манай нарны аймгийн дотоод хэсгийн “газрын зургийг” өндөр нарийвчлалтай бүтээхийг зорьж байгаагаа уржигдар мэдээллээ. Яг өнөөдрийн байдлаар 8893 дэлхий орчмын бага гаригуудыг бид мэдэж байхад, энэ тоог тус дурангийн судалгаагаар 6 жилийн дотор 500,000 болгохоор төлөвлөсөн байгааг нь их том зорилт гэж хэлж болно.

Хэрвээ та сарыг дурангаар харж байсан бол анх манай нарны аймаг үүссэнээс хойш сар маань тасралтгүй янз янзын биетүүдээр бөмбөгдүүлсээр ирсэнийг анзаарсан байх учиртай. Тэр олон тэрбум жилийн турш явагдсан бөмбөгдөлтийн шарх нь түүний гадрага дээр байгаа түм буман солирын бөмбөгдөлтийн тогоонуудаас илхэн харагдана. Сарны хажууханд орших дэлхий ч гэсэн бөмбөгдүүлсээр л ирсэн, гэхдээ дэлхий маань агаар мандалтай учир нэг талаас олон жижиг биетүүд дэлхийн гадрагыг мөргөж амжилгүй агаарт шатаж дуусах бөгөөд (одоо цагт жилд 100 гаруй тонн сансарын материал агаар мандалд шатдаг), гадрага дээр хүрч мөргөсөн ч гэсэн ул мөр нь цаг хугацааны явцад бороо салхи гэх мэт янз янзын геологийн үйл явцуудаар арчигдсан байгаа. Харин саран дээр агаар мандал байхгүй тул түүнийг чиглэсэн биет болгонд мөргүүлж мөн бараг ул мөр болгон нь хадгалагдан үлдсэн байдаг гэсэн үг.

Сарны гадрага дээрх солирын бөмбөгдөлтийн тогоонууд. Зохиогч: С.Төгөлдөр

Сарны гадрага дээрх солирын бөмбөгдөлтийн тогоонууд. Зохиогч: С.Төгөлдөр

Харин хүн бидний ирээдүйд ийм аюулын бодит заналхийлэл байна уу гэсэн асуултын хариуг та бүгд сонирхож байгаа байх. Хариулт нь мэдээж тухайн биетийн хэмжээтэй шууд хамааралтай байна. Яадаг ч байсан хүн төрлөхтөнийг тэр чигт нь газрын хөрснөөс арчих хэмжээний биеттэй ойрын ирээдүйд бол мөргөлдөхгүй (дор хаяж 1км-ийн диаметертэй биет). Судлаачдын бодож байгаагаар бол ойролцоогоор 1000 ширхэг ийм том хэмжээний биетүүд дэлхийн ойр орчимд нарыг тойрдог ба тэдгээрийн 95%-иас илүүг нь бид аль хэдийн нээгээд илрүүлчихсэн байгаа. Тэхээр ер нь бол том биетүүдийн талаар бид гайгүй сайн мэдэж байгаа гэсэн үг.

Харамсалтай нь эдгээр томчуулаас хамаагүй жижиг ч гэсэн ноцтой аюул заналхийлэх боломжтой биетүүдийн тухай бид одоог хүртэл сайн мэдэхгүй. Жишээ нь НАСА-гийн WISE сансарын дурангийн судалгаагаар дор хаяж 100м-ийн диаметертэй бараг 5000 биет нь нарыг тойрох явцдаа дэлхийтэй маш их ойртож ирдгийг харуулсан. Одоогийн байдлаар дэлхийг мөргөвөл 2-3 аймгийн хэмжээтэй газар нутгийг хөрснөөс арчиж чадах хэмжээний биетүүдийн ердөө 30%-ийг нь л бид мэдэж байна. Энэнээс ч жижигхэн 40м-ийн диаметертэй биетүүдийн тухай бол бараг юу ч мэдэхгүй гэхэд болно, ердөө 1%-ийг нь л мэднэ. Ийм 40м-тэй ойролцоо диаметертэй биетүүд нь том хотын хэмжээтэй газрыг зовлонгүй сүйтгэнэ. 1908 оны 6р сарын 30нд Монголоос жаахан хойх нь Сибирьт 40м-ийн диаметертэй биет (магадгүй үүнээс ч жижиг байсан байж мэднэ) газрын гадрага дээр хүрж амжилгүй 8км-ийн өндөрт агаарт дэлбэрч 2000 гаруй квадрат км газрыг хөрстэй нь тэгшилсэн юм (дэлбэрэлт нь японы Хирошимад хаясан бөмбөгнөөс 1000 дахин их хүчтэй байсан ба нийт 80 гаруй сая моддыг хугалсан).

Тунгусын голын хөндий хавийн бүх модод хугарж шатсан байгаа нь, 1908 он. Зохиогч: Википедиа

Тунгусын голын хөндий хавийн бүх модод хугарж шатсан байгаа нь, 1908 он. Зохиогч: Википедиа

Ер нь бол дэлхийн тойрог замтай 8 сая км-ээс бага зайд ойртдог мөн дэлхийн агаар мандалд шатаж дуусхааргүй хангалттай том хэмжээтэй биетүүд л яг бодит аюул заналхийлнэ. В612-ыг үүсгэн байгуулсан бөгөөд одоо удирдах зөвлөлийн гишүүнийх нь албыг хашиж байгаа, сансарын нисгэгч асан (Аполло 9-д ниссэн) Расти Швайкартын хэлж байгаагаар ойролцоогоор 200-300 жилд нэг удаа дэлхий нийтийн эдийн засаг, нийгмийн аж байдалд хүчтэй цохилт өгж чадах бага гаригууд дэлхийг мөргөдөг аж. Ер нь ийм аюулын асуудлыг хүмүүс сүүлийн хэдэн жил идэвхитэй ярьж байгаа бөгөөд НАСА болон бусад улс орнуудын байгууллагууд энэ салбарт багагүй хөрөнгө хаясаар ирсэн. Жишээ нь WISE дуран дэлхийг тойрон эргэж сансараас инфра-улаан туяаны мужид самналт хийсэн бол дэлхийн гадрагаас бараг тив болгон дээрх дурангуудыг холбосон том том самналтын төслүүд одоо хүртэл явагдсаар байгаа. (Миний сурж байсан Аризонагийн Их сургуульд  ийм төрлийн 2 тусдаа самналт хийгддэг бөгөөд түүний нэг болох Spacewatch-д манай монголын одонорон судлалынхан богино хугацаанд холбоотой байж хамтран ажиллаж байсан юм). Хамгийн гол нь дэлхийгээс эсвэл дэлхийг тойрох сансарын дурангаар ийм судалгааг хийх нь өөрөө тун ашиггүй шийдэл юм, яагаад гэдгийг доорх зургаар харуулья:

Нарны аймгийн дотоод хэсгийг Сэнтинел дурангаар судлах нь. Зохиогч: National Academy of Sciences

Нарны аймгийн дотоод хэсгийг Сэнтинел дурангаар судлах нь. Зохиогч: National Academy of Sciences

Мэдээж дэлхийгээс зөвхөн наргүй үед л ажиглалтыг хийнэ. Тиймээс дэлхийгээс тухайн шөнө ажиглагдах талбайн хэсгийг ногоон шугамаар харуулсан байна дээрх зурганд. Дэлхий дээр өдрийн цагаар хэмжилт хийх боломжгүй учираас дэлхийн тойрог замын дотор оршиж байгаа биетүүдийг илрүүлэх ямар ч боломжгүй юм – тэр хэсгийн биетүүдийг улаан өнгөөр тэмдэглэсэн байна. Дэлхийгээс болон дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуул дурангаас хэмжилт хийхийн бас нэг асуудал нь дэлхийн нарыг тойрох тойрог замын бусад хэсгүүдэд дэлхийтэй ойролцоо хурдаар нарыг тойрж буй хэдэн 1000 биетүүд бий бөгөөд тэдгээрийг дор хаяж хэдэн 10 жилийн дараа л гүйцэж, шөнийн цагаар хэмжилт хийх бололцоотой болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн аюултай биет тэр хэсэгт байлаа гэхэд маш их цаг алдна гэсэн үг.

Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд В612-ийн хүмүүс Сентинел дуранг Сугар гаригийн тойрог зам орчимд тавьж, тэнчээнээс дуран маань эргээд дэлхийрүү харж ажиглалтаа хийдэг байхаар төлөвлөж байгаа юм байна. Инэгснээр дуран маань нарны гялбаанаас санаа зоволтгүйгээр дэлхий орчмын биетүүдийг харьцангуй богино хугацаанд самнан судлах бололцоотой болж байгаа юм. (Тухайн шөнө дурангийн ажиглах хэсгийг хөх шугамаар харуулсан байна)

Сентинел дуран нь ойролцоогоор 50см-ийн диаметертэй гол тольтой байх бөгөөд (дурангийн гол гэрэл цуглуулах элэментийн хэмжээнээс хүчин чадал нь шууд хамаарна) инфра улаан туяаны мужид самналт хийнэ. Инфра улаан туяаны тусгай мужид тэдгээр биетүүд нь арын хөдөлгөөнгүй фонтой харьцангуй хурдан хөдөлж буй байдалтайгаар ажиглагдана гэсэн үг ерөнхийдөө.

Тус дуран нь дор хаяж 5 жил 6 сар сансарт ажиллахаар төлөвлөгдсөн бөгөөд энэ хугацаанд 1км-ээс том хэмжээтэй биетүүдийн бидний мэдэхгүй байгаа үлдсэн хэдэн хувийг олж, 140м-ээс том биетүүдийн 90%-ийг илрүүлж хамгийн гол нь 40м хавьцаа хэмжээтэй биетүүдийн дор хаяж 50%-ийг нь олж нээхийг зорьж байна. Ингэж мэдэж авахын цаад зорилго нь мэдээж дэлхийг мөргөхөөр чиглэн ирж байгаа аюултай биетийг мөргөхөөс нь хэдэн 10 жилийн өмнө олж илрүүлэх юм. Ингэснээр хүн бидэнд ийм сансарын биетүүдийн замыг өөрчилж мөргөлдөхөөс зайлсхийх арга бодож олох хангалттай хугацааг өгнө. Жишээ нь энэ оны эхээр 1км гаруйн диаметертэй 2012 LZ1 хэмээх бага гариг олж нээгдсэнээсээ ердөө хэдхэн хоногийн дараа дэлхийтэй тун ойр зөрсөн, тиймээс имэрхүү явдал ахин давтагдахгүйг баталгаажуулж өгөх юм.

Бага гаригийн гол бүсийн зарим бага гаригууд. Зохиогч: Википедиа

Бага гаригийн гол бүсийн зарим бага гаригууд. Зохиогч: Википедиа

Уг дурангийн загварын ажил ерөнхийдөө хийгдэж дууссан бөгөөд 2013 оны эхээр угсарж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. НАСА-ийн Шпитцер болон Кеплер дурангуудыг угсарсан Америкийн “Бал Аэроспейс” компани нь Сентинел дуранг мөн угсарна. Дуран бэлэн болмогц 2017 эсвэл 2018 он гэхэд SpaceX Falcon-9 пуужингаар сансарт хөөргөхийг төлөвлөөд байгаа ажээ.

Уг төслийн нийт зардал нь нарийн тооцоологдоогүй байгаа хараахан, гэхдээ хэдэн зуун сая долларын хэмжээнд л буух байх. Тус В612 байгууллага сангаасаа ихэнх хэсгийг нь гаргах боловч дэлхий нийтийн том жижиг хамаагүй хандивыг хүлээж авна гэдгээ зарласан байна лээ. Ер нь энэ төслийн бас нэг онцлог шинж нь тэр чигээрээ хувийн хэвшилээс санхүүжиж байгаа явдал юм. Ийм том хэмжээний төсөл хувийн шугамаар санхүүжих тохиолдол нэн ховор хэдий ч тэдгээр цөөхөн жишээнүүд нь ихэнхидээ шинжлэх ухаанд маш үнэтэй хувь нэмэр оруулж байсан. Жишээ нь тухайн цаг үедээ одонорон судлалын хязгаарыг тодорхойлж явсан алдарт Лик болон Паломарын одонорон судлалын оргилууд мөн өнөө үед энэ хязгаарыг тодорхойлж байгаа Кек одонорон судлалын оргил нь бүгд хувийн санхүүжилтээр боссон юм.

Дашрамд хэлхэд ердөө өнгөрсөн сард дэлхийн хамгийн анхны сансарын уул уурхайн компани Planetary Resources нээлтээ хийсэн билээ. Өнөөдрийн байдлаар хүн төрлөхтөнд мэдээж бага гариг дээр шууд очоод малтлага хийгээд ухсан шороогоо дэлхий дээр авчрах технологи байхгүй. Гэхдээ ийм түвшинд хүрхэд ердөө хэдхэн 10 жилийн зайтай байна гэж олон судлаачид бодож байна. Энэ үүднээс урьд нь зөвхөн зөгнөлт кинон дээр гардаг байсан зүйлийг бодит ирээдүй болгох эхний алхамууд хийгдэж эхэлж байх шиг байна.

Мэдээж хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажил нь сансарт хаана уул уурхайн малтлага хийж болох биетүүд байна вэ гэдгийг мэдэж авах. Энэ нь дэлхий орчмын бага гаригуудын хэмжээ болон тойрог замыг нь мэдэж авах гэсэн үг. Planetary Resources компани нь энэ үүднээс ирэх 5 жилийн дотор хэд хэдэн жижиг хэмжээтэй дурангуудыг сансарт хөөргөнө гэж мэдээллэж байсан.

Тэдний хэлж байгаагаар өнөөдрийн байдлаар илрүүдэгдсэн бараг 9000 дэлхийн ойр орчмын бага гаригуудаас 1500 дээр очих нь саран дээр буухаас хамаагүй амар юм байна. Учир нь тэд дэлхийн тойрог замтай тун ойролцоо замаар нарыг тойрдог мөн таталцалын орон нь сул учир дээр нь газардах мөн дээрээс нь хөөрөх нь зовлонгүй. Дээрээс нь үнэт металууд нь бага гаригийн биеийн аль нэг хэсэгт нь дэлхий дээрх ордууд шиг бөөгнөрж нийлэгжсэн юм байхгүй, гаднах давхрагыг нь ухсан ч цөм хэсгийг нь ухсан ч ижил хэмжээний үнэт метал гаргаж авах боломжтойгоороо онцлог. Бага гаригууд нь төмөр, никель болон бусад нэн ховор платинум бүлгийн металуудаар дэлхийн аль ч орд газраас хамаагүй их баялаг гэдгийг судалгаанууд тогтоосон байгаа.

Хамгийн том бага гаригуудын нэг Вэстагийн эргэлт. Зохиогч: Википедиа

Хамгийн том бага гаригуудын нэг Вэстагийн эргэлт. Зохиогч: Википедиа

Гэхлдээ хамгийн чухал зүйл нь маш олон бага гаригууд дээр их хэмжээний ус байгаа явдал юм. Усыг зүгээр уух ч биш, түүнээс гадна сансарын туяанаас хамгаалхад, хоол хүнс ургуулж\үржүүлхэд, түлшний болон хүчилтөрөгчийн эх үүсвэл байдлаар ч ашигласан болно. Хүн төрлөхтнийг сансрын уудамруу тархан сууршихад хамгийн их түшээ болж байгаа зүйлсийн нэг нь яахын аргагүй ус тул, бага гаригууд нь дэлхийгээс ус зөөх шаардлагыг халж өгөх бололцоотойгоороо тун онцлог юм.

Advertisements

2 comments

  1. Baga gariguud deer us bna gej er bodsongui. Er n hemjeeg togtooson zuil baigaa boluu. Her hemjeenii us baigaa gesen taamaglal baigaa uy.

    1. Цэвэр ус дэлхий дээр “нандин” эрдэнэ гэдэг үнэн боловч сансарын уудамд ус ерөнхийдөө маш элбэг байдаг, энэ нь түүний химийн нэгдэлийн өвөрмөц шинж чанар болоод устөрөгч мөн хүчилтөрөгчийн элбэг агууламжаас үүдэлтэй. Анх 2010 онд нэгэн бага гаригийн гадрага дээр усыг тодорхой илрүүлсэн, түүнээс хойш нилээд хэдэн бага гаригууд дээр илрүүлээд байгаа.

      Дэлхий анх үүсэхдээ устай байгаагүй, дэлхий дээр яаж ус хаанаас бий болсон тухайд бол бага гаригууд болон сүүлт оддын бөмбөгдөлтөөр гэсэн онол эрдэмтдийн дунд одоогоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Тиймээс нарны аймгийн “одой” биетүүд дээр ус байна гэдэг нь тийм ч хачирхалтай үзэгдэл бас биш юм шүү, бүр хэдэн 10 жилийн өмнө ус байх ёстой гэдгийг гадарлаж байсан.

      Нийт хэмжээний хувьд би цээжээрээ шууд мэдэхгүй нь, дараа завтай болхоороо энэ талаар дэлгэрэнгүй нийтлэл бичье.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: