Энэ өдрийн одонорны зураг 2012.6.28

Шөнийн тэнгэрт нүдээр хархад эсвэл манай галактикийн зургуудыг хархад түм буман одод шигүү байршсан харагддаг. Гэвч бодит орон зайд одод нь бие биенээсээ асар их хол зайд оршидог нь үнэхээр гайхалтай. Жишээ нь манай нартай хамгийн ойр орших од болох Нумын гялаан (Альфа Центавр) нь биднээс гэрлийн хурдаар 4.3 жил явж очих асар хол зайд оршино. Энэ од нь дэлхийн хойт бөмбөрцөгт байрлах Монголоос харагдахгүй бөгөөд зөвхөн өмнөд бөмбөрцөгийн тэнгэрт харагдна. Хэмжээгээрээ тэнгэрт тод харагддаг ихэнх оддоос хамаагүй жижиг ч бидэнтэй хамаагүй ойрхон оршдог тул өмнөд бөмбөрцөгийг гийгүүлдэг хамгийн тод оддын нэг нь юм. Нумын гялаан нь энгийн нүдэнд нэг од мэт харагдах боловч угтаа хэмжээгээрээ манай нартай тун ойролцоо бие биенээ ойр зайнд тойрон эргэх 2 одноос бүрдэнэ. Энэ хоёр одыг Проксима Центавр хэмээх хамаагүй бага температуртай жижиг хэмжээтэй гурав дахь од нь бүр холуур тойрон эргэж 3 одноос бүрэлдэх Альфа Центаврын системийг бүрдүүлнэ. Доорх зурган дээрх тод гэрэл нь тэрхүү бие биенээ ойр зайнд тойрж эргэдэг 2ын нийлбэр гэрэл юм. Нөгөө хол зайнд энэ хоёрыг тойрж эргэдэг 3 дахь од нь энэ зурагт багтаагүй болно.

Нумын Гялааны ойр очимд. Зохиогч: Марко Лорензи

Нумын Гялааны ойр очимд. Зохиогч: Марко Лорензи

Нумын гялаанаас гадна энэ зурагны арын фонд манай сүүн зам галактикийн өөр хэд хэдэн сонирхолтой биетүүд харагдаж байна. Нумын гялааны гялбааны баруун гар талын дээх нь бүдэг улаан мананцар маягийн зүйл байгааг анзаараарай. Тэр нь түлшээ шатааж дуусаад дэлбэрсэн аврага одны үлдэгдэл буюу хэт шинэ одны үлдэгдэл мананцар юм.

Түүнээс баруун гар тийшээгээ жаахан доох нь арай тод улаан өнгийн мананцар байна. Тэр нь биднээс бараг 8000 гэрлийн жилийн зайд орших, хэмжээгээрээ бараг 20 гэрлийн жилийн зайг эзлэх  Hen 2-111 хэмээх гариган мананцар юм. Нэр нь гариган гэж байгаа болхоос биш яг үнэндээ ийм мананцаруудын үүсэл хувьсал нь гаригтай ямар ч хамаагүй бөгөөд зүгээр л түүхэн учир шалтгаантай юм. Манай нартай ойролцоо масстай одод устөрөгчийн түлшээ дуусаад дараачийн түлш болох гелийг шатааж эхлэх үед хэмжээгээрээ асар их тэлнэ. Гели нь маш тэсрэмтгий байдлаар шатах тул одыгоо тогтворгүй болгож яваандаа хүчтэй лугшиж эхэлдэг. Ийм лугшил бүрийн үр дүнд одны хамгийн гадаад давхрага нь сансарт алдагдаж аажимаар гариган мананцарыг олон 1000 жилийн явцад бий болно.

Манай нар ч гэсэн ойролцоогоор 5 тэрбум жилийн дараа устөрөгчийн түлшээ барж дуусах бөгөөд тэр үед өөрийн таталцалыг нь эсэргүүцэх цөмийн шаталт байхгүй болонгуут од маань нэг ёсондуу нурж нягтарж эхлэнэ. Нягтрах тусам цөм дахь температур нь ихсэж цөм нь маш ихээр хална, үүнээс үүдэн гадаад давхрага нь огцом тэлж бүр дэлхий байтугай ангараг гаригийн тойрог замыг залгих хэмжээнд очино. Цөмийн төв хэсэг дахь температур нь 100 сая кельвин (одоо устөрөгч шатааж байгаа үед нарны цөм нь ойролцоогоор 15 сая кельвин байна) хүрхэд гели нь шатаж эхлэнэ. Гелигийн шаталт нь температураас маш мэдрэг хамааралтай юм – цөмийн температур нь ердөө 2%-иар өсхөд цөмийн урвалын хэмжээ нь 3 дахин ихсэнэ. Тиймээс од маань маш тогтворгүй болж яваандаа гадаад давхрагаа тэр чигт нь сансарт цацаж гариган мананцарыг үүсгээд, түүний цөм нь цагаан одой од байдалтайгаар төвд нь үлдэнэ.

Дээрх зурган дээр энэхүү гариган мананцараас өшөө баруун талд нь 2 оддын бөөгнөрөл байгааг анзаараарай. Доод талд нь байрлах арай шигүү ододтой бөөгнөрөлийг Pismis 19 гэж нэрлэх бөгөөд биднээс мөн 8000 гэрлийн жилийн зайд оршино. Энэ хол зайнаас ирж байгаа гэрэл нь бидэн дээр ирхээсээ өмнө манай галактикийн төв хэсгийн асар их тоосонцортой орчноор дайрж ирж байгаа. Тиймээс богино долгионы урттай хөх, цэнхэр гэрэл нь тоосонд шингээгдэж ихэнхидээ шар улаан гэрэл нь л бидэнд харагдаж байна. Харин түүний дээр нь байгаа оддын бөөгнөрөл NGC 5617 нь хамаагүй ойр зайд байгаа учир гэрэл нь тоосонцороор бага халхлагдаж илүү цайвар өнгөтэй харагдаж байгааг анзаараарай. Энэ хоёр оддын бөөгнөрөл нь нээлттэй төрлийн оддын бөөгнөрөл бөгөөл аль аль нь хоорондоо таталцалаар сул холбогдсон хэдэн 1000 оддоос бүрэлдэх ба сайндаа хэдэн 100 сая жилийн настай байна (хэдэн тэрбум жилийн настай хоорондоо таталцалаар маш хүчтэй холбогдсон хэдэн сая оддоос бүрэлдэх аврага хэмжээтэй бөмбөлгөн төрлийн оддын бөөгнөрөл гэж бас бий). Ийм оддын бөөгнөрөлийн тухай энэ нийтлэлд товч бас бичсэн байгаа билээ.

Зургийг энд дарж томоор үзээрэй.

Advertisements

One comment

  1. Goy medee bna 😉

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: