Энэ өдрийн одонорны зураг 2012.6.27

Оддын үүслийн талаар өмнө нь энэ нийтлэлд товч бичиж байсан билээ. Одод нь ганц нэгээрээ бус бөөнөөрөө аврага мананцараас оддын бөөгнөрөл байдалтай үүсэх бөгөөд үүсэх явцдаа доорх зурган дээрх шиг гайхалтай өнгө үзэмжийг бий болгоно.

Симейс 188 мананцар. Зохиогч: Дитер Вилаш

Симейс 188 мананцар. Зохиогч: Дитер Вилаш

Ихэнхидээ манай нар буюу түүнээс жижигхэн одод үүсэх боловч цөөн тооны аврага одод мөн зэрэг үүснэ. Эдгээр аврага одод маш хүчтэй гэрлийн бөөмөөр ойр орчны устөрөгчийг ионжуулж (электроныг нь салгаад эерэг цэнэгтэй болгоод) энэ зурган дээр харж байгаа шиг улаан гэрлийг бий болгодог. Харин устөрөгчийг ионжуулж дийлэхгүй гэрлийн бөөмс нь тоосонцоруудад сарниж\ойж цэнхэр, хөх гэрлийг бий болгоно (хүний нүдэнд харагдах гэрлээс цэнхэр өнгө нь хамгийн сайн сарних учир өдрийн тэнгэр, далай нуур нь цэнхэр өнгөтэй харагддаг билээ). Мананцар дахь тоосны нягт нь хангалттай их бол гэрэл нэвт өнгөрж чадахгүй бөгөөд бидэнд хар бараан байдалтай харагдана. Ийм 3 янзын байдлаар гэрэлтэж харагдах мананцарын хэсгүүдийг цацаргалтын, ойлтын болон шингээлтийн мананцар хэмээн ангилдаг.

Тэдгээр аврага одод нь жижиг оддоосоо хамаагүй түрүүлж түлшээ шатааж дуусах бөгөөд (оддын хувьсалын талаар энд товч бичсэн байгаа), үхэхдээ асар их хүчтэй дэлбэрэлтийг бий болгоно. Энэ дэлбэрэлт нь ойр орчмын тоос мананцарыг улам хольж хутгах ба зарим хэсэгт нь өөр шинээр одод үүсэх нөхцөлийг бүрэлдүүлж өгнө. Ийм байдлаар аврага мананцар нь явсаар хэдэн 10 сая жилийн дараа ойр орчмын тоосонцорыг халуун гэрлээрээ “хайлуулж” дуусч ихэнхидээ манай нар шиг хэдэн 1000 залуу оддоос бүрдэх нээлттэй оддын бөөгнөрөлийг бий болгоно. Эдгээр одод нь хоорондоо таталцалаар сул холбогдсон байх бөгөөд галактикийн төвийг тойрох явцдаа масс ихтэй өөр оддын бөөгнөрөлүүд болон мананцаруудтай ойртсоны улмаас нэг нэгээрээ хэдэн 100 сая жилийн дотор сарниж дуусна. Манай нар ч гэсэн ийм аврага мананцар дотроос өөр бусад хэдэн 1000 оддын хамт 5 тэрбум жилийн өмнө зэрэг үүсээд тэднээсээ хожим салж ганцаараа үлдсэн гэж одоогоор үзэж байгаа.

Энэ зурган дээрх манай галактикийн мананцарыг Симейс 188 гэх бөгөөд биднээс ойролцоогоор 4000 гэрлийн жилийн зайд оршино.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: