Та Асуу, Би Хариулая – 3

Уншигч Заяа дараахь асуултыг тавьлаа:

“Ирэх жил манай нарны идэвхжил болно, иймээс туйлын туяа тод, хучтэй, ерген хурээнд узэгдэнэ гэж байна, Монголд харагдах болов уу? Дараа нь далан жил идэвхи нь багасна, туйлын туяа узэгдэхгуй болно гэж унэн уу?”

Эхлээд нарны идэвхжилийн тухай жаахан бичье. Нарны идэвхжил маань ойролцоогоор 11 жилийн давтамжтай аажим болж өнгөрдөг үзэгдэл, тэхээр яг дараа жил идэвхжинэ гэсэн юм байхгүй, нар маань энэ жил ч гэсэн идэвхитэй байгаа бөгөөд 2014 онд ч гэсэн идэвхи сайтай байна. Идэвхжинэ гэхээр ерөнхийдөө бидэнд үзэгдэх байдлаар нарны гадрага дээр толбонууд олноороо бий болж мөн янз бүрийн гадрага дээрх тэсрэлтүүд болох давтамж нь ихсэнэ гэсэн үг. 2013 оны хувьд 5р сар хавьцаа идэвхжил нь оргил үе дээрээ ирнэ гэж одоогийн байдлаар тооцоолж байгаа боловч оргил идэвхжилийн үе нь өнөөдрийн идэвхжилээс гойд ихсэнэ гэсэн дүгнэлтийг хэн ч хараахан хийгээгүй байна.

Идэвхжилийн оргил үеэр заримдаа нарны гадрагаас их хэмжээний материалыг сансарлуу өндөр хурдтайгаар шидэх хэмжээний маш хүчтэй дэлбэрэлт явагдах бөгөөд түүнийг нь Монголоор хүчтэй титмийн масс шидэлт гэж нэрлэдэг (хүч нь харьцангуй сул титмийн масс шидэлт нь идэвхжилийн оргил үеэр ойролцоогоор өдөрт бүр тохиож харин идэвхжил муу үед долоо хоногт нэг удаа тохионо). Энэ сансарлуу цацсан цэнэгжсэн материал нь дэлхийг чиглэх тохиолдолд дэлхийн зоронзон оронтой харилцан үйлчлэлцээд бидэнд тэр нь хойд болон өмнөд туйлаас “солонгорон” харагдахыг туйлын туяа гэж байгаа юм.

Нарны идэвхжилийг хүмүүс бүр 17р зуунаас эхлэн ажиглаж ирсэн бөгөөд идэвхжилийн давтамж нь олон жилийн дундажаар барагцаалбал ойролцоогоор 12 жил болхоос биш яг таг тийм гэсэн юм байхгүй. Сүүлийн 400 жилд нарны гадрага дээрх толбонуудыг тоолж идэвхжилийг хэмжсэн графикийг доорх зурагнаас харна уу:

Нарны толбоны тоо 1600 оноос хойш. Зохиогч: Wikipedia

энэ зурган дээр үзүүлж байгаачлан нарны гадрага дээрх толбонуудыг нь тоолход идэвхжилийн давтамж нь тодорхой үечилсэн биш харин ч маш шугаман бус байдлаар хувирж байна. 1650-1700 оны хооронд бараг бүтэн өнөөгийн 4 үеийн турш ямар ч толбогүй байсан бөгөөд энэ үеийг “Маундерийн минимум” гэнэ. Яагаад ийм зүйл тохиолдсон бэ гэдгийг бид одоо хүртэл сайн мэдэхгүй байгаа. 1750 оноос хойш гадрага дээрх толбоны тоо ихсэх буурах давтамж нь гайгүй тодорхой 9-14 жилийн хооронд хэлбэлзсээр ирсэн хэдий ч түүний далайц нь маш их хувирч байгааг анзаараарай.  1750 оноос хойших хэмжилтээр бид идэвхжилийн үеийг тоолж эхэлсэн бөгөөд өнөөдөр бид 24 дэхь үе дээрээ явж байгаа юм.

Энэ оны эхээр болон өнгөрсөн оны сүүлээр хэвлэгдсэн 2-3 судалгааны ажил нь дараачийн 25 дахь үе хэзээ болох, хир хүчтэй болох тухай хэдэн дүгнэлтүүдийг хийсэн. Тэдний хийсэн зүйл нь ерөнхийдөө яг физик дээр үндэслэж бус, харин зүгээр нарны толбо тоолох, толбоны гэрэлтэлт нь жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж байгаа гэх мэт гадрага дээрх хэмжилтүүд дээр үндэслээд ирэх 25 дугаар идэвхжилийн үе нь маш сул, эсвэл энэ дээрх зурганд үзүүлсэн Маундерийн минимум шиг удаан олон жилийн идэвхигүй үе байна гэж дүгнэсэн. Энэ тал дээр би хувийн бодлоо хэлхэд иймэрхүү эпидемологийн прогнозонд итгэхэд жаахан хэцүү байна. Маш энгийн цөөн 2-3хан параметрийн хувьсал дээрээс ийм том дүгнэлт хийнэ гэдэг нэг л биш санагдаад байгаа юм. Би гэхдээ ийм зүйл судалдаг хүн биш учираас миний энэ хэлж байгаа нь буруу ойлголт байж мэднэ, гэхдээ үүнтэй холбоотой ерөнхий одны хувьсалыг онол талаас нь судалдаг хүний хувьд хэлхэд нарны идэвхжил нь түүний дотоод бүтэц болон соронзон оронтой холбоотой одоог хүртэл сайн ойлгогдоогүй физик үзэгдэлүүдтэй шууд хамааралтай зүйл (жишээ нь такоклайны асуудал). Тэдгээрийг нь сайн ойлгож авахгүйгээр маш шугаман-бус хувиралттай үзэгдэлийг хэмжиж байгаа ганц хоёрхон хэмжигдэхүүнийхээ хувьсалаар нь прогноз хийнэ гэдэг миний хувьд марзан санагдаад байгаа юм. Би энэ талаар яг сайн мэддэг хүнтэй нь уулзаж тодруулга дараа нь хийе.

Хэлэх гэсэн гол зүйл маань нарны идэврхжил нь хэдий ийм олон жилийн турш хэмжигдэж судлагдаж байгаа үзэгдэл хирнээ одоог хүртэл түүний яг физик суурь нь сайн ойлгогдоогүй юм. Тиймээс яг хэзээ наран дээр хүчтэй дэлбэрэлт болж яг хэзээ дэлхийн хаана нь ямар байдалтайгаар туйлын туяа үзэгдэхийг урьдчилан нарийн тооцоолох арга техникийг бид одоог хүртэл мэдэхгүй.

Гэхдээ сансарт нарыг тасралтгүй ажиглаж хянадаг Америк болон Японы хэдэн хиймэл дагуулууд бий. Тэдгээр нь гадрага дээрх үзэгдэлүүдийг нарийн хянаж ямар нэгэн дэлхийрүү чиглэсэн хүчтэй дэлбэрэлт болох тохиолдолд дэлхий дээрх судлаачид тухайн нарнаас ирж буй цэнэгжсэн материал нь дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж эхлэхээс нь өмнө мэдэж авна. Ингэснээр дэлхийн хаана болон хэзээ туйлын туяа ямархуу байдалтай харагдахыг барагцаалж тооцоолно. Ийм мэдээллийг жишээ нь Аляскийн Их Сургуулийн геофизикийн тэнхимийн доорх цахим хуудаснаас авч болно-

http://www.gi.alaska.edu/AuroraForecast

Энэ вэбийг ажилуулдаг судлаачид ойролцоогоор 3 цаг тутамд мэдээллийг шинэчилнэ. Дэлхийн соронзон идэвхжилийг 0-9 хүртэлх тоонуудаар тодорхойлох бөгөөд 0 бол юу ч байхгүй харин 9 бол хүчтэй соронзон шуурга явагдахыг хэлнэ. Сул шуурга нь зөвхөн туйл орчимдоо л харагдах бол хүчтэй нь илүү доод өргөрөгийн нутаг хүртэл өргөн нутгийг хамарж харагдана.

Монголд харагдахын тухайд бол наран дээр ер бусын асар их хүчтэй дэлбэрэлт явагдсан тохиолдолд л харагдана уу гэхээс биш “дундаж” хэмжээний дэлбэрэлтээс үүдэх туйлын туяа нь Монголоос харагдахгүй.  Үүнд 2 үндсэн шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, Монголын маань байршил өргөөшөө өмнөговь аймгаас хөвсгөл аймгийн хооронд 41-52 градусын өргөрөгт багтан оршино. Нарны идэвхжилийн үеэр нь ч тэр ер нь бол 60 градусаас доош үзэгдэх нь ховор талдаа. Хоёрдугаарт, дэлхийн эргэлтийн туйл болон соронзон орны туйл хоёр маань давхацдаггүй бөгөөд өнөөдрийн байдлаар ойролцоогоор 10 градусаар зөрж байна (соронзон орны туйлиуд маань дэлхийн шингэн цөмийн хөдөлгөөнөөс үүдэн маш удаанаар тогтмол шилжилт хийж байдаг). Зөрөх зөрөхдөө хойд америкийн нутагруу далийж зөрж байгаа учираас хойд америкийн эсрэг талд нь байгаа ази тивийн доод өргөргийн нутгуудад харагдах магадлал нь улам багасч эсэргээр хойд америкийн доод өргөргүүдэд магадлал нь ихсэж байгаа юм.

Монголын газар нутагт туйлын туяа харахын тулд дэлхийн соронзон орны идэвхжил ямар хэмжээнд байх ёстойг доорх зураг харуулж байна:

Дэлхийн соронзон идэвхжил болон туйлын туяаны харагдах өргөрөг. Зохиогч: http://www.noaa.gov/

Дэлхийн соронзон идэвхжил болон туйлын туяаны харагдах өргөрөг. Зохиогч: http://www.noaa.gov/

Тэхээр бүр хөвсгөл аймгийн хойд хэсэгрүү очсон ч тэр туйлын туяа харах магадлал тань тун бага юм. Улаанбаатарын өргөрөг нь ойролцоогоор 48 градус тул тэндээс харагдана гэдэг бол бүр худлаа. Гэхдээ би бага байхдаа хөгшчүүл 50-иад оны үед УБ-т харагдсан гэж ярихыг нь сонсож байлаа, энэ үе нь ч тэр эхний хавсаргасан график дээр харуулж байгаачлан идэвхжилийн оргил үетэй нь давхцаж байна. Тэхээр идэвхжилийн далайц нь 1950 оны үеийнх шиг үед л туйлын туяа Монголын нутгаар харагддаг байх.

Үнэхээр хүчтэй дэлбэрэлт болоод тэр нь дэлхийг дайрж туйлын туяа Улаанбаатар хүртэл харагдах боллоо гэж бодоё. Энэ тохиолдолд яг туйлын туяаг хархад танд садаа болж болох өөр хэд хэдэн хүчин зүйлс бий. Юуны өмнө туйлын туяаны гэрэл нь өмнөд өргөрөгрүү дөхөх тусмаа улам бүдгэрэх учир аль болох харанхуй тэнгэр шаардлагтай. Тиймээс Улаанбаатарын хотын гэрлээс аль болох холдох хэрэгтэй. Мөн тухайн өдөр тэнгэрт сар хир тод байгаагаас таны харж чадах эсэх шалтгаална, бүтэн сартай шөнө өмнөд өргөрөгт туйлын туяаг харах бараг боломжгүй. Мэдээж тэр шөнө үүлгүй цэлмэг байх нь бас чухал.

Дашрамд надаас дээр үед нэг хүн солонго туйлын туяа хоёрын ялгааг асууж байв. Солонго гэдэг маань борооны дусал дотор нарны гэрэл хугаран ойж хүний нүдэнд харагдах 7 өнгийг бий болгодог. Харин туйлын туяа нь нарнаас ирж байгаа тэрхүү цэнэгжсэн материал нь дэлхийн агаар мандал дахь хүчилтөрөгч болон азотын атомуудтай харилцан үйлчлэлцэж улаан, хөх, бор-улаан болон ногоон өнгийн гэрэлүүдийг бий болгохыг хэлж байгаа юм. (ямар атомтой ямар хэмжээний энергитэй бөөм ямар байдлаар харилцан үйлчлэлцэж байна вэ гэдгээс хамааран өөр өөр өнгийн гэрэл ялгарна).

Тэхээр таны асуултуудад товч хариулбал – “дараа жил нарны 24 дүгээр идэвхжилийн үеийн оргил хэсэг нь таарах магадлалтай тиймээс туйлын туяа нь одоо байгаагаас үл ялигхан хэмжээгээр тод хүчтэй болно. Энэ үе нь олон жилийн дундажаас эрс сул байгаа тул Монголд харагдах хэмжээний хүчтэй соронзон шуурга болохгүй харамсалтай нь. Сүүлийн үеийн зарим судалгаанууд 25р үе нь маш сул эсвэл бүр огт болохгүй болж манай нар ойролцоогоор 90 жил идэвхи маш сул байна гэж дүгнээд байгаа. Миний хувийн ахархан бодлоор бол физик талаас нь энэ маш шугаман-бус үзэгдэлийг сайн ойлгоогүй хирнээ энгийн цөөн хэдэн хэмжигдэхүүнээр төлөөлүүлнэ гэдэг нь жаахан явцуу дүгнэлт, гэхдээ би буруу байх 100%-ийн бололцоотой”.

Advertisements

One comment

  1. Bayarlalaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: