Энэ өдрийн одонорны зураг 2012.6.21

WR134 Цагирган Мананцар. Зохиогч: Дон Голдман

WR134 Цагирган Мананцар. Зохиогч: Дон Голдман

Хунгийн одны орд хавьцаа орших дэлхийгээс харагдах хэмжээгээрээ бүтэн сартай дүйцэх дээрх мананцарыг гэрэл зурагчин Дон Голдман нарийн болон бүдүүн филтерээр авсан зургуудыг нийлүүлэн бүтээжээ. Ямар ч том дурангаар хүний нүдэнд энэ мананцар нь ийм байдалтай харагдахгүй бөгөөд ийм зургийг бүтээхийн тулд хүний нүднээс хамаагүй том дуран болон хүний нүднээс хамаагүй мэдрэг гэрэл бүртгэгчийг ашиглаж энэ мананцараас ирэх гэрлийг олон цагийн турш цуглуулах шаардлагатай. Зургийн төвд нь байгаа маш тод Вольф-Рэет төрлийн WR134 одноос шидэгдсэн материалаас бүрдэх бөмбөлөгөн хэлбэрт хийн хэсэг болон од хоорондын орон зайд орших бусад хий болон тоосонцоруудыг энэ зураг дүрсэлж байгаа юм. Энэ зурган дээрх ихэнх гэрэл нь  нь ионжлогдсон (эерэг цэнэгжсэн) устөрөгч болон хүчилтөрөгчийн атомуудаас байгаа (зургийг авхад ашиглагдсан нарийн хэмээх филтерүүд нь зөвхөн ийм гэрлүүдийг шүүж оруулдаг юм). Энэ од нь дэлхийгээс ойролцоогоор 6000 гаруй гэрлийн жилийн зайд орших бөгөөд тус зураг нь нэг захаас нөгөө хүртэл бараг 50 гэрлийн жилийн зайг дүрсэлж байна.

Миний судалгааны ажилын нэг хэсэг нь эдгээр Вольф-Рэет хэмээн ангилагддаг аврага оддын хувьсалын төгсгөлийн бүтцийг онолын талаас нь илүү сайн ойлгоход чиглэгдсэн юм. Эдгээр одод нь анх үүсэхдээ маш аврага хэмжээтэй байх учир өөрийн гэрэлтэх түлшийг маш хурдан шатааж дуусгадаг (од нь том байх тусмаа хурдан түлшээ шатаана, жишээ нь манай нар шиг од 10 тэрбум жил устөрөгчийн түлшийг шатаадаг бол нарнаас 30 дахин их масстай од нь ердөө 1 сая жилийн дотор цөм дахь устөрөгчөө шатааж дуусна). Эдгээр аврага одод нь устөрөгчөө шатааж дууссаны дараагаар дараачийн хүнд элемент болох гелийг маш их тэсрэмтгий байдлаар шатаадаг ба үүнээс үүдэн цөм дахь гелийн түлшээ шатааж дуусахаасаа өмнө гаднах устөрөгчөөс бүрдэх давхаргаа бараг тэр чигт нь сансарлуу шидсэн байна. Ерөнхийдөө цөмдөө гелийг шатаан гаднах давхрагаа сансарт тэр чигт нь шидэлж байгаа оддыг Вольф-Рэет хэмээн ангилаад байгаа юм. Энэ зурган дээрх цагиргын хэсэгэн хэлбэртэй мананцарууд нь бараг тэр чигтээ WR134 одны гаднах давхрагыг урьд нь бүрдүүлж байсан материал гэсэн үг.

Гелийгээ шатааж дуусаад цааш нүүрстөрөгч, неон, хүчилтөрөгч, цахиур гэх мэт улам хүнд түлшнүүдийг цөм орчимдоо улам хурдан шатаасаар сүүлдээ төмөр болон никелээс бүрдэх цөм, гадуур нь хөнгөн элементүүдээс бүрдэх давхрагуудтай болсон байна. Ямар ч аврага одны цөмд төмөр болон түүнээс хүнд элементүүдийг шатаах боломжгүй учираас шатаах түлш нь дуусхаар эдгээр оддын өөрийн таталцалыг эсэргүүцэх цөмийн шаталтын даралт үгүй болно. Энэ даралт үгүй болход ийм аврага одод нь өөрийн жингээрээ асар их хурдтай дотогшоогоо “нурж” энэ нуралт нь эргэж ойгоод гаднах давхрагуудыг нь маш хүчтэй дэлбэлнэ. Ийм дэлбэрэлтүүд нь хэдэн зуун тэрбум од бүхий бүхэл бүтэн галактик дотроос ялгаран гэрэлтэж чадахаар маш тод байдаг учир энэ үзэгдэлийг бид хэт-шинэ од хэмээн нэрлэдэг билээ. Яг тухайн нарийн нөхцөл байдлаас хамааран ийм одны цөм нь дэлбэрэлтийн дараах нь хар нүх болон хувирч эсвэл гаднах давхаргын хамт дэлбэрч тухайн од тэр чигээрээ юу ч үлдээлгүй сансарт шидэгдэнэ. Энэ зурган дээрх WR134 од нь одонорны хугацаагаар тун удахгүй хэт-шинэ од болох юм.

Тодруулга хийхэд, ер нь бол анх үүсэхдээ нарнаас дор хаяж 6-8 дахин их масстай байсан одод нь цөмдөө төмөр болон никель хүртэл шатаалтыг явуулж эцэстээ хэт-шинэ одны дэлбэрэлтийг бий болгоно. Гол ялгаа нь анх үүсэхдээ нарнаас дор хаяж 35-40 дахин их масстай байсан одод нь гелийг шатаах үедээ хамгийн гаднах устөрөгчийн давхрагаа тэр чигтээ сансарт шидлэх ба харин нарнаас 8-35 дахин их масстай одод нь арай ч ингэж гаднах давхрагаа тэр чигт нь шидэлж чадахгүй юм.

Хэт-шинэ оддыг судлах нь физикт олон талын чухал ач холбогдолтой. Мэдээж шууд утгаараа тэлэсгээ болон дэлбэрэлтийн физикийг судлахад маш чухал, үүнээс гадна бидний бие болоод эргэн тойронд байгаа бүхий л хүнд элементүүд нь ийм аврага од дотор бүрэлдсэн учир ертөнц дахь хүнд элементүүдийн үүслийг тайлж ойлгоход голлох үүрэг гүйцэтгэнэ. Энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналыг авсан хүмүүс хэрхэн эдгээр хэт-шинэ оддыг ашиглаж ертөнц хурдсан тэлж байгааг олж нээсэн тухай энэ нийтлэлд би бичсэн байгаа.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: