Та Асуу, Би Хариулая – 2

Энэ булангийн 2 дахь асуултыг уншигч “Гантулга” тавьлаа:

“Сансар огторгуй хэр урт вэ? хязгаар гэж байдаг уу?”

Товчхондоо бол энэ асуултын хариултыг нь бид одоо хүртэл яг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ бидний энэ ертөнцийн тухай мэдэж байгаа хэд хэдэн чухал шинж чанарууд бий бөгөөд тэдгээрийн тухай тайлбарлах замаар би хариулая.

Их Тэсрэлтийн Онол. Зохиогч: wikipedia.org

Ертөнц өөрөө ямар ч байсан гэсэн, бидний хир алсыг харж чадах вэ гэдэгт бол маш тодорхой хязгаар байгаа. Гэрэл нь ертөнцөд хамгийн хурданаар тархах бөгөөд 300,000км-ийг нэг секундэд туулах буюу дэлхийгээс сарлуу ердөө л “нэг” гээд тоолхын хооронд очино гэсэн үг. Энэ ертөнцийн хурдны хязгаар нь хичнээн хүний хэмжээстэй харьцангуй маш хурдан ч гэсэн, ертөнцийн хэмжээтэй харьцангуй тийм ч хурдан биш юм. Жишээ нь өмнөх нэг бичлэг дээр манай галактиктай хамгийн ойрхон оршдог Андромеда галактик нь гэрлийн хурдаар 2 сая гаруй жил явж хүрэх асар хол зайд оршино гэдгийг хэлсэн. Бидний өнөөдөр харж чадаж байгаа хамгийн алсын галактик нь 10-12 тэрбум жил гэрлийн хурдаар явж очих зайд оршино. Ертөнц өөрөө ойролцоогоор 14 тэрбум жилийн настай, тиймээс бид хэзээ ч 14 тэрбум буюу түүнээс илүү олон жил гэрлийн хурдаар явж очих галактикийг харах боломжгүй. Тиймээс энэхүү ертөнцийн насын турш гэрлийн хурдаар явсан зай нь бидний харж чадах зайд хязгаар тавьж өгч байгаа юм.

Энэ хязгаарыг “үзэгдэх ертөнц” гэх бөгөөд ерөнхийдөө бидэн дээр төвлөрсөн ойролцоогоор 28 тэрбум гэрлийн жилийн диаметертэй бөмбөлөг гэсэн үг юм. Мэдээж “бидний харж чадахаас цааш ертөнц үргэлжилдэг үү?”, “Тэр дээр хэлсэн бидний харж чаддаг хамгийн алсын 10-12 тэрбум гэрлийн жилийн цаана байгаа галактикт оршин суудаг харь гаригийн хүмүүсийн хувьд үзэгдэх ертөнц нь юу байх вэ?”  гэх мэт асуултууд урган гарна. Одоогийн бидний мэдэж байгаа хэмжилтүүд нь ертөнц бидний харж чадах энэ хязгаараас цааш маш хол, магадгүй хязгааргүй цааш үргэлжилж ч мэднэ гэх талын хариултыг барьж байгаа.

Бидний мэдэх бүхий л ертөнцийн тухай хэмжилтүүд нь ертөнц үүсэнгүүтээ маш богино хугацаанд маш огцом тэлсэн тийм агшинтай загвартай бүрэн нийлж байгаа. Энэ ертөнцийн загварт (хүний л зохиосон онол гэсэн үг) скаляр орон хэмээх орон зайн вакуумд орших энерги нь бидний одоог хүртэл сайн ойлгохгүй байгаа ямар нэг механизмаар “инфляци” гэж нэрлэгддэг тэрхүү огцом тэлэлттэй холбогдож, ертөнц дөнгөж үүсээд удаагүй атомын хэмжээтэй байхдаа хоромхон зуур бүхэл бүтэн галактикийн хэмжээтэй болсон юм.  Хэрвээ энэ онол нь зөв болж таарвал бидний байгаа энэ ертөнц хэний ч төсөөлж байгаагүй тийм том байж болно.

Хэрвээ инфляцийн энэхүү онол нь зөв бол, ертөнц дөнгөж үүсээд удаагүй байхдаа зөвхөн нэг хэсэгтээ биш бидний орон зай болон хугацааны хүрээллээс гадуур хэд хэдэн бүр хязгааргүй олон хэсэгтээ ийм инфляцийн тэлэлттэй байсан байж болно. Хэрэв үнэхээр ийм юм болсон бол бидний байгаа ертөнцтэй төстэй эсвэл тэс ондоо хязгааргүй олон өөрийн цаг хугацаа орон зайны мужид орших бие даасан ертөнцүүд оршин байх боломжтой юм.

Энэ жилийн физикийн салбарт Нобелийн шагнал авсан хүмүүс бидний байгаа энэ ертөнц зүгээр ч нэг тэлж байгаа бус бүр хурдсан тэлж байгаа гэдгийг олж нээсэн ажилаараа авсан. (энэ тэлэлт нь дээр хэлсэн инфляциас өөр шүү. Инфляци нь ертөнц “хүүхэдээрээ” дөнгөж үүсээд удаагүй байхдаа агшин зуур огцом нэг удаа тэлсэн үзэгдэлийг хэлнэ. Энд яригдаж байгаа нийт ертөнцийн ерөнхий тэлэлт нь инфляцийн дараах үеийн аажим болж буй тэлэлт юм). Энэ судалгааг хийсэн хүмүүс алс хол орших галактикууд доторх тусгай төрлийн “хөгширөөд” дэлбэрч буй аврага оддын дэлбэрэлтийг судалж хэмжилтээ хийсэн юм. Жишээ нь нэг алсын галактикт тийм тусгай төрлийн одны дэлбэрэлт боллоо гэхэд түүнээс цацрах гэрлийг дэлхий дээр ирэх үед нь бид хэмжсэнээр тухайн галактик биднээс хир хол оршиж байгаа болон биднээс хэр их хурдаар цаашлаж байгааг нь хэмжиж болно. Энэ 2 хэмжилтийг олон алсын галактикууд дээр хийснээр л ерөнхийдөө ертөнцийн тэлэлтийн хурдыг барагцаалж байгаа юм.

Энэ тэлэлтийн хэмжүүр нь ертөнцөд хэр их матери тархан оршиж байгааг нэг талаас илтгэнэ. Мэдээж матери их байх тусам таталцал нь тэлэлтийг эсэргүүцэж тэлэлт  удааширна, эсэргээр матери бага байх тусам тэлэлт нь таталцалыг давамгайлж хурдасна. Тиймээс ертөнцийн ерөнхий материйн нягтаршил нь ертөнц ирээдүйд яах ийхийн тухай хэлж өгөх чухал хэмжигдэхүүн юм. Нөгөө талаас энэхүү нягтаршилын хэмжигдэхүүн нь ертөнцийн ерөнхий геометрийн талаар ч гэсэн олон зүйлийг бидэнд хэлж өгнө.

Ертөнцийн тэлэлтийг яваандаа яг таг зогсоож тэнцэх хэмжээний материйн нягтаршилыг “тусгай нягт” гэж нэрлэе. Хэрвээ ертөнцийн хэмжигдсэн бодит нягт нь энэ тусгай нягтаас их бол ертөнц маань бөмбөлөгийн гадрага шиг эерэг муруйлттай битүү геометертэй (хязгаартай) байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2 гэрлийн бөөмийг яг параллель байдлаар 2 дурын цэг дээрээс явуулхад аажимдаа тэр 2 огтлолцож, бүр цаашилбал анх гарсан цэгүүд дээрээ эргэн ирнэ. Хэрвээ ертөнцийн хэмжигдсэн нягт нь тэрхүү тусгай нягтаас бага бол ертөнц маань эмээлийн суудал шиг сөрөг муруйлттай нээлттэй геометртэй байх бөгөөд энэ нь ертөнц хязгааргүй гэдгийг илтгэнэ. Харин энэ тусгай нягттай адилхан бол цаас шиг ертөнцийн геометр маань хязгааргүй хавтгай байна. Инфляцийн онол нь ертөнцийн нягтаршил тэр тусгай нягттай маш ойролцоо байх буюу бидний байгаа ертөнц цаас шиг хавтгай бөгөөд хязгааргүй байна гэдгийг урьдчилан хэлдэг.

НАСА-ийн WMAP хиймэл дагуулын богино долгионы мужид хийсэн их тэсрэлтийн реликт цацаргалтын хэмжилтүүд нь манай ертөнцийн нягт нь тусгай нягтаршилтай тун ойролцоо, геометр нь бараг хавтгай мөн хязгааргүй гэдгийг тодорхой илтгэж байна.

Тэхээр чиний асуултанд яг таг хариулт хараахан байхгүй бөгөөд бидний харж чадах ертөнцийн хэсэг маань гэрлийн хурдаар маш тодорхой хязгаарлагддаг. Хэдий бид ертөнцийн хязгаарыг харах боломжгүй ч, түүний ерөнхий хувьсал өөрчлөлтийн талаар харагдаж байгаа хэсгээсээ мэдэж авах бүрэн боломжтой. Бидний өнөөдөрийн хэмжилтүүд нь ертөнц маань бараг хавтгай бөгөөд хязгааргүй мөн ирээдүйд улам хурдсан тэлсээр байна гэдгийг илэрхийлж байна.

Advertisements

6 comments

  1. Орон зай хугацааны континуум гэдгийн талаар тайлбарлаж өгөө ч?
    Би орчлонт ертөнцийн нэг тийм гурван хэмжээст гадаргуутай бөмбөлөг маягаар төсөөлөөд байдаг? Иймэрхүү зүйлийн тухай дэлгэрэнгүй мэдэх гэсэн юм.

  2. Таны асуултын хариуг энд нийтэллээ.

  3. wiki-iinn zurgan deerees jishij asuuhad, universum-iig durselsen raster-iin gadna yalanguya deed dood esvel ehleliin omnoh hesegt (zugeer 2d zurag haragdaj bgaa deer tosoolohod) yu bh uu? yu ch bhgui orgui gehdee hooson oron zai yu? oron zai yum chini gantshan big bang bolohgui oor gazruudad n bas big bang bolood oor orchlon yertonts uussen bj esvel uusej bolno, zurgan deer durselbel har hesegt n haashaa ch hamaagui haruulaad neg tseg ch yum uu esvel ene universum-iin dursleliin yag esreg chigleltei oor negiig durselj boloh yum.ogtloltsood esvel ogtloltsohguigeer yanz bur l bj bolno.?????

  4. 2 iim durslel ogtloltsloo davhardlaa gehed tsag hugatsaa n yah bol?

  5. Pulsaruudiig ashiglan sansariin map hiij boloh talaar sonsoj baisan um baina. Uneheer tedgeer pulsaruud neg negneesee oor hemneleer ergedeg um uu?

    1. асуултын тань хариуг энд бичлээ.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: