Энэ Өдрийн Одонорны Зураг 2012.6.16

Анх 1995 оны 6р сарын 16нд эхний одонорны зургаа нийтэлж байсан энэхүү хуудас уржигдар 6р сарын 16нд 17 нас хүржээ. Анхны нийтлэлийн өдөр ердөө 14хэн хандалт авж байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт хэдэн зуун мянган хандалт авдаг болсон ба сүүлийн энэ 17 жилдээ нийтдээ тэрбум гаруй одонорны холбогдолтой зургуудыг нийтэлсэн байна.

Энэ ойд нь зориулж Жюди Шмит хэмээх медиа артист энэхүү зургийг “урлажээ”. Энэ зурган дээр эвлүүлсэн биетүүд нь галактикууд (зарим Монгол сурах бичиг дээр Оддын Ай гэх нь бий) юм. Өөрөөр хэлбэл хэдэн зуун тэрбум одод мөн маш их хэмжээний хий мананцараас бүрдэх бүтэц юм. Манай нар ч гэсэн ийм галактик дотор оршино, түүнийг бид Англиар “Milky Way” гэж харин Монголоор “Сүүн Зам” тэнгэрт харагдах байдлаар нь “Тэнгэрийн Заадас” гэдэг билээ. Хэрвээ та бүгд хотоос зайдуу хөдөө саргүй шөнө тэнгэрийг зүсэн мэт харагдах цайвар саарал өнгийн бүдүүн заадасыг харж байсан бол тэр тань бидний оршин байдаг галактик дотроосоо тэгэж харагдаж байгаа нь тэр.

Галактикууд нь олон янзын хэлбэр дүрстэйгээр орших бөгөөд манай сүүн зам маань энэ зурган дээрх М104-тэй ойролцоо мушгиа хэлбэртэй харагдана. Бид өөрсдөө энэ аврага сүүн замын дотор оршиж буй учир манай галактик яг яаж харагддагийн зургийг нь хараахан авж чадаагүй байна, гэхдээ бусад галактикуудыг судалсанаар өөрсдийн сүүн замын талаар их зүйлийг мэдэж авч болно.

Эдгээр зургуудын ихэнхийг алдарт сансрын Хаббл дурангаар авсан бөгөөд, том жижиг харагдаж байгаа нь биднээс хол оршиж байгаатай холбоотой, тэрнээс биш бодит хэмжээгээрээ эдгээр нь хоорондоо ойролцоо нэг захаас нь нөгөө зах хүртэл гэрлийн хурдаар хэдэн 100,000 жил явж хүрэх аврага бүтэцүүд юм.

Галактикуудыг ер нь хүмүүс нэг үеэ бодвол арай сайн чанарын дуран хийж сурсан 18р зууны сүүл үеэс идэвхитэй ажиглах болсон. Анх эдгээрийг ажиглаж байсан хүмүүст өнөөдрийнх шиг нарийн багаж төхөөрөмж, аврага дурангууд байхгүй, жижиг гар хийцийн дурангаар нүдээрээ ажиглаж байв. Эдгээр биетүүд нь хүний нүдэнд энэ зурган дээрх шиг сүртэй харагдахгүй ердөө л тэнгэрт жижиг саарал үүл хөвж байгаа мэт харагдана, тиймээс анх ажигласан хүмүүс эдгээр нь юу болох, хир том, биднээс хир хол орших тухай юу ч мэдэдгүй байв. Юуг нь ч мэдэхгүй ч хийж чадах хамгийн эхний зүйл нь эдгээр биесүүдийг каталогчилох байлаа.

Тэр үеийн олон хүмүүс ийм ажил хийж байсан бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь Мэссиегийн каталог юм. Мэссиегийн каталогт нийтдээ 102 биетүүд байх ба ихэнхидээ галактикууд биш харин манай галактик дотор оршдог оддын бөөгнөрөлүүд болон янз бүрийн буй мананцарууд гэх мэт хамаагүй жижиг бүтэцүүдээс бүрдэнэ. Мэдээж жижиг дурангаар нүдээрээ хархад эдгээр биетүүд нь бүгдээрээ ялгаагүй саарал үүл мэт л харагдана. Энэ каталогийн биетүүдийг “М дугаар” гэсэн байдлаар одоог хүртэл нэрлэж заншсан бөгөөд дээрх зурган дээр байгаа М81, М102 болон М104 нь тус каталогийн тэддүгээр биетүүд нь юм.

Мэссиегээс хойш 19р зууны төгсгөлд “New General Catalogue (NGC)” буюу “Шинэ Ерөнхий Каталог” гэж бараг 8000 биетийг агуулсан хамаагүй сайн хувилбар нь гарч ирсэн юм. Энэ каталогийг хожим нь хэд хэдэн удаа орчин үеийн хүчтэй багаж төхөөрөмжөөр улам баяжуулсан бөгөөд дээрх зурган дээр харж байгаачлан ихэнх биетүүд нь “NGC” гэсэн нэртэй байгаа. Энэ хоёроос гадна өөр зөндөө олон янз янзын каталогиуд байх бөгөөд дээрх зурган дээр жишээ нь “Uppsala General Catalogue (UGC)” болон “European Southern Observatory (ESO)” гэсэн нэртэй биетүүд хэд байна.

Галактикууд янз янзын хэлбэртэй байдаг гэж дээр хэлсэн билээ. Энэ зурган дээрх М81 болон М104 нь манай сүүн зам шиг мушгиа хэлбэрийн галактикуудын сонгодог жишээ нь юм. М81 дээр цэнхэр өнгөөр харагдаж байгаа хэсэг нь шинэ залуу одод маш ихээр үүсэж буй өлгий орчимыг илтгэх бөгөөд харин хар бараан хэсэг нь тоос мананцар их хэмжээгээр нягтаршиж цаанаас нь ирж байгаа гэрлийг халхалж байгааг илтгэнэ. Төв хэсэг нь бусад хэсгээсээ маш тод байх бөгөөд энэ нь тэнд хамаагүй олон одод өндөр нягттайгаар оршиж байгаагаас үүдэлтэй байна. Дээрээс нь бараг ийм галактик болгоны төвд маш их масстай хар нүх оршин байдаг гэдэг дүгнэлтэнд өнөөдрийн шинжлэх ухаан хүрсэн байгаа (манай сүүн замын төвд ч гэсэн тийм аврага хар нүх байдаг гэдгийг илтгэх хэмжилтүүд зөндөө бий). Энэ хоёрын дээр нь эгнүүлж эвлүүлсэн долоон “жижиг” галактикууд нь бодит байдал дээр доорх хоёр шигээ мушгиа хэлбэртэй боловч хамаагүй хол зайд бараг эгц хажуугаасаа ажиглагдаж буй учир нарийхан гозгор бас жижиг хэлбэртэй байгаа юм.

Мөн мэдээж галактикууд нь тэнгэрт бие биенээсээ тусдаа заавал бие дааж оршино гэсэн юм байхгүй, харин ч эсэргээрээ ихэнх тохиолдолд бусад галактикуудтай таталцалын нөлөөгөөр харилцан үйлчлэлцсэн байдлаар оршино. Тиймээс тэнгэрт хоорондоо мөргөлдөж, нийлж, бутлагдсан хэлбэртэй галактикууд маш элбэг. Энэ зурган дээрх “17” гэсэн хэлбэрийг гаргаж байгаа галактикууд нь ийм хоорондоо харилцан үйлчлэлцэж байгаа галактикууд юм. Энэ үзэгдэл нь мэдээж хүний амьдралын настай харьцангуйгаар маш удаан хугацаанд хэдэн тэрбум жилийн турш үргэлжилнэ. Дашрамд манай галактик сүүн зам ч гэсэн ойр орчмын хэд хэдэн галактикуудтай хүчтэй харилцан үйлчлэлцэх бөгөөд, тэдгээрээс М31 буюу Андромедагийн галактиктай одоогоос 5 тэрбум жилийн дараа “мөргөлдөнө”. М31 нь биднээс асар их хол 2 сая гаруй гэрлийн жилийн зайд (гэрлийн хурдаар 2 сая жил явж хүрэх зай) орших авч бидэнтэй хамгийн ойр оршдог галактик юм. Хамгийн ойрхон нь ийм зайд байдаг юм бол бусад хэдэн зуун тэрбум бидний мэддэг галактикууд ямар их орон зайг эзлэн оршдог вэ гэдэг нь гайхалтай.

М31 болон түүний дагуул М32. Сүүн замтай 5 тэрбум жилийн дараа мөргөлдөх биднээс 2сая гэрлийн жилийн зайд хамгийн ойр оршдог галактик. Зохиогч: Роберт Жэндлер

Нарыг гаригууд тойрж, гаригуудыг сарууд нь тойрдог шиг галактикуудыг бусад жижиг галактикууд тойрон байх нь элбэг. Дээрх зурган дээр М31-ийн хажууд байгаа жижиг мананцар нь М32 гэж нэрлэгдэх түүнийг тойрон эргэдэг хэд хэдэн жижиг галактикуудын хамгийн том нь юм. Манай сүүн замыг ч гэсэн хэд хэдэн жижиг одой галактикууд тойрон эргэх бөгөөд дээрх эхний зургийн арын фонд нь манай сүүн замыг тойрдог нумын одны ордонд харагддаг одой галактикийн зургийг хийсэн байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: